Томуугийн үндэсний төв

Томуугийн Үндэсний Дөрөвдүгээр Зөвлөлгөөн амжилттай болж өндөрлөлөө

АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам, өвчний хяналт, сэргийлэлтийн төв (ӨХСТ)-өөс санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Томуугийн тандалтын сүлжээ байгуулан хөгжүүлэх” төслийн хүрээнд Монгол улс дөрөв дэх удаагаа Томуугийн Үндэсний Зөвлөлгөөнийг 2008 оны 10-р сарын 9, 10-ны өдрүүдэд Төрийн Ордны Их танхимд амжилттай зохион байгууллаа. Томуугийн цартахлын бэлэн байдлыг хангах орон нутгийн чадавхийг үнэлэх үндсэн зорилго дэвшүүлсэн тус зөвлөлгөөнд онцгой байдал, эрүүл мэндийн салбарын аймаг орон нутаг дахь төлөөлөл, олон улсын (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ-ын ЭСЯ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан) байгууллагууд, Монгол улсын төрийн байгууллагуудаас нийт 220 зочид, төлөөлөгчид оролцлоо.


Зөвлөлгөөнд АНУ-ын ӨХСТ-ийн томуугийн төвийн ажилтан Тереза Турски, Голдие Макдоналд, ДЭМБ-ын номхон далайн баруун эргийн бүсийн зөвлөх Сатоко Оцу, Япон улсын Халварт Өвчний Үндэсний Хүрээлэнгийн мэргэжилтэн Макото Үжике нар тус тус урилгаар оролцсон. 


Монгол улсын Томуугийн Үндэсний Зөвлөлгөөнд томуугийн төслийг санхүүжүүлэгч АНУ-ын талаас ийнхүү 3 дахь удаагаа төлөөлөгч биечлэн ирж оролцож байна. 
Зөвлөлгөөний эхний өдөр хүний томуу өвчний дэлхий дахин болон Монгол улсын байдал, зүүн хойд Ази, түүний дотор Монгол улсад сүүлийн жилүүдэд ялгасан томуугийн вирүсийн молекул биологийн төрх, томуугийн цартахлын үндэсний бэлэн байдлыг үнэлсэн улс орнуудын туршлага, амьсгалын хүндэрсэн халдварын ач холбогдол сэдвээр зөвлөлгөөнд урилгаар оролцож буй гадаадын зочид илтгэл тавив. Мөн “Томуугийн цартахлаас сэргийлэх, тэмцэх үндсэн чиглэл” Монгол улсын Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн байдал (Ц. Амгаланбаяр, ОБЕГ), “Монгол улсын томуугийн цартахлын үндэсний төлөвлөгөөг үнэлсэн дүн” (П. Нямдаваа, ХӨСҮТ), “Монгол улсад 2007/2008 онд бүртгэгдсэн адууны томуу өвчин” (Д. Батчулуун, УМЭАЦТЛ), “Томуугийн цартахлын бэлэн байдлыг хангах өрхийн эмнэлгийн төлөвлөгөө” (Р. Оюунгэрэл, ХӨСҮТ) сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцэв. 


Зөвлөлгөөний 2 дахь өдөр буюу 2008.10.10-ны өдөр “Томуугийн цартахлын бэлэн байдлыг төлөвлөх” сэдэвт 4.5 цагийн ширээний сургуулилтийг зохион байгуулсан. Сургуулилтийн үеэр хоёр үндсэн сэдвээр нийт 8 бүлэг болон хуваагдаж ажилласан. Аймаг, нийслэлийн өрхийн эмнэлгийн төлөөлөгчид, томуугийн тандалтын сүлжээнд хамрагддаг УБ хотын харуулдан тандалтын цэг - өрхийн эмнэлгийн ахлагч нар “Томуугийн цартахлын бэлэн байдлыг өрхийн эмнэлгийн түвшинд төлөвлөх” сэдвийн хүрээнд баг болон хамтран ажиллав. Харин 21 аймгийн онцгой байдлын хэлтсийн дарга, эрүүл мэндийн газрын дарга болон халдвар судлагч их эмч, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нар газарзүйн бүсчлэлийн дагуу 6 бүлэгт хуваагдаж, томуугийн цартахлын бэлэн байдлыг хангах аймгийн төлөвлөгөөг тусгайлан бэлтгэсэн асуумжийн дагуу хэлэлцэж үнэлсэн. Нийслэл, дүүргийн эрүүл мэндийн газар, дүүргийн эмнэлгийн төлөөлөгчид болон УБ хотын холбогдох бусад байгууллагуудаас оролцож буй төлөөлөгчид “Улаанбаатар” бүлэгт багтаж, томуугийн цартахлын бэлэн байдлыг хангах нийслэлийн төлөвлөгөөг тусгайлан бэлтгэсэн асуумжийн дагуу тус тус хэлэлцэж үнэлсэн. Ширээний сургуулилтийн үр дүнг томуугийн цартахлын бэлэн байдлыг хангах үндэсний төлөвлөгөөг 2008 оны 4-р сард үнэлсэн үнэлгээний үр дүнтэй харьцуулан авч хэлэлцлээ. 
Зөвлөлгөөний төгсгөлд зөвлөлгөөнөөс гарах зөвлөмжийн төслийг нийт оролцогсдоор хэлэлцүүлэн, эцэслэсэн болно. 
Зөвлөлгөөний үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээлэл (МҮОНРТ, MN25, Ийгл ТВ, ТВ-5, NTV, UBS, C1 телевиз, Өнөөдөр, Үнэн сонин)-ийн хэрэгслээр сурталчилсан.