Томуугийн үндэсний төв

Монгол улсын Томуугийн Үндэсний Төв (ТҮТ)

 ТҮТ нь Монгол улсын хэмжээнд томуу, томуу-төст өвчин(ТТӨ)-ний тархвар судлалын болон вирүс судлалын тандалтыг зохион байгуулан хэрэгжүүлж, ТТӨ-ний тахалт болон цартахалт тархалтаас сэргийлэх, таслан зогсооход шаардагдах нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлзүйн арга хэмжээний үндэслэл, арга зүйг боловсруулах, энэ чиглэлээр ДЭМБ болон бусад орны ТҮТ-тэй хамтран ажиллаж, мэдээлэл солилцох үүрэгтэй мэргэжлийн төв байгууллага юм. Улс орны хэмжээний ТТӨ-ний өвчлөл, эндэгдэл, үүсгэгчийн тархалтын тандалтыг аймаг, хотын эрүүл мэндийн газрууд, Улаанбаатар хот, нэгдсэн эмнэлэг өрхийн эмнэлгүүдийг түшиглэсэн харуулдан тандалтын 190 гаруй нэгжийг түшиглэн явуулдаг. 
 
ТҮТ нь анх 1974 онд тэр үеийн Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын инститүтийн Вирүс судлалын лабораторийг түшиглэн байгуулагдсан бөгөөд 1978 онд ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн үндэсний төв болсон юм.
 
Бүтцийн өөрчлөлтөөр ТҮТ 2001 онд Халдварт өвчин судлалын үндэсний төв(ХӨСҮТ)-д шилжин ирсэн бөгөөд ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лаборатори, Халдварт өвчний тандалтын нэгжийг түшиглэн ажилладаг.
 
2004 оноос ДЭМБ-ын Томуугийн тандалтын глобаль сүлжээ(GISN)-тэй идэвхитэй хамтран ажиллаж, Дэхий дахины томуугийн тархалтын мэдээллийн сан болох Flunet сүлжээнд 7 хоног тутам мэдээ илгээж, АНУ-ын Атланта, Япон улсын Токио хотууд дахь ДЭМБ-ын Томуугийн лавлагаа, судалгааны төвүүдэд Монгол улсад ялгасан томуугийн вирүсийн омгийн төлөөллийг тогтмол илгээн гүнзгийрүүлсэн судалгаанд оролцож, жил бүрийн томуугийн вакцины омгийн сонголтонд хувь нэмэр оруулдаг. 2007 оноос ДЭМБ-ын томуугийн лабораторийн гадаад хяналтын тогтолцоон(EQAP)-д нэгдэн орсноор ТҮТ хийж буй лабораторийн шинжилгээ нь дэлхийн жишигт хүрсэн болно.
 
2004 оноос АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам (DHHS), Монгол улсын Эрүүл мэндийн яам хоорондын хамтын ажиллагааны тохиролцооны дагуу АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-тэй хамтран ажиллаж, лабораторийн шинжилгээний чанар, хамралтын үзүүлэлтийг ДЭМБ-аас тавьж буй шаардлагын түвшинд хүрээд байна.