Томуугийн Үндэсний Гуравдугаар Зөвлөлгөөн амжилттай болж өндөрлөлөө
АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний яам, өвчний хяналт, сэргийлэлтийн төв (ӨХСТ)-өөс санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Томуугийн тандалтын сүлжээ байгуулан хөгжүүлэх” төслийн хүрээнд Монгол улс гурав дахь удаагаа Томуугийн Үндэсний Зөвлөлгөөнийг 2007 оны 10-р сарын 11, 12-ны өдрүүдэд “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Томуугийн цартахлын үндэсний хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой байдал, эрүүл мэнд, мал эмнэлгийн салбар тус бүрийн гүйцэтгэх үүрэг хариуцлагыг тодорхойлох үндсэн зорилго дэвшүүлсэн тус зөвлөлгөөнд дээрх 3 салбарын аймаг орон нутаг дахь төлөөлөл, олон улсын (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ болон Япон улсын ЭСЯ, нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, хүүхдийн сан, дэлхийн банк, Германы техник хамтын ажиллагааны GTZ) байгууллагууд, Монгол улсын төрийн (эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчин, санхүү эдийн засаг, гадаад хэрэг, зам тээвэр, аялал жуулчлалын яамдууд, онцгой байдлын ерөнхий газар) болон төрийн бус (Вансэмбэрүү Монгол ТББ) байгууллагуудаас нийт 242 зочид, төлөөлөгчид оролцсон.
Зөвлөлгөөнд АНУ-ын ӨХСТ-ийн томуугийн төвийн ажилтан Турски Тереза, ДЭМБ-ын номхон далайн баруун эргийн бүсийн халдварт өвчний тандалт хариуцсан зөвлөх T. Касай, ДЭМБ-ын зөвлөх П. Кокс, БНХАУ-ын ӨХСТ-ийн томуугийн төвийн захирал Юэлонг Шу, гадаад харилцааны ажилтан Ксин Ли нар тус тус урилгаар оролцлоо.
Монгол улсын Томуугийн Үндэсний Зөвлөлгөөнд томуугийн төслийг санхүүжүүлэгч АНУ-ын талаас ийнхүү 2 дахь удаагаа төлөөлөгч биечлэн ирж оролцож байна.
БНХАУ-ын ӨХСТ-ийн Томуугийн төвийн төлөөлөгчид энэ удаагийн айлчлалаараа томуу өвчний эпидемиологи, лабораторийн чиглэлээр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Томуугийн Төвтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын протокол бичигт гарын үсэг зурж, хоёр тал цаашдын хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавьсан түүхэн үйл явдал боллоо.
Зөвлөлгөөний эхний өдөр хүний томуу өвчний өвчлөлийн байдал дэлхий дахин болон Монгол улстай хөрш зэргэлдээ Хятад оронд ямар байгаа талаар зөвлөлгөөнд урилгаар оролцож буй гадаадын зочид илтгэл тавив. Мөн “Томуугийн цартахлаас сэргийлэх, тэмцэх үндсэн чиглэл” Монгол улсын Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн байдал (Ч. Батчулуун, ОБЕГ), “Томуугийн вакцинжуулалт: Дэлхий дахинд ба Монгол улсад” (П. Нямдаваа, ХӨСҮТ), “Шувууны томуу, томуугийн цартахлын талаарх хүн амын мэдлэг, хандлага” (М. Алтанхүү, ХӨСҮТ) сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцэв.
Зөвлөлгөөний эхний өдрийн төгсгөлд томуугийн шинэ хэвшинжийн вирүс америк оронд цартахал үүсгэвэл ямар хор уршиг учирч болохыг харуулсан “Шувууны томуу Америкт буюу Үхлийн хавьтал” сэдэвт уран сайхны киног үзэж хэлэлцсэн. Зөвлөлгөөний бүх оролцогсдод тэрхүү киног CD хэлбэрээр тараан өгсөн. Зөвлөлгөөний хоёр дахь өдөр “Томуугийн цартахлын бэлэн байдлыг үнэлэх” ширээний сургалтыг ДЭМБ-ын зөвлөх П. Кокс манай мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулсан нь урд өмнө хийгдэж байсан ширээний сургалтуудаас онцлог болсон. Учир нь зөвлөлгөөнд оролцогсод тоглогч, үнэлэгч, ажиглагч гэсэн 3 хэсэгт хуваагдан өөр өөрийн үүрэгтэй оролцсон явдал байлаа. Ширээний сургалтын дараа зөвлөлгөөнд оролцогч 76 хүнээс ширээний дасгалыг хэрхэн үнэлж байгаа талаар асуумж бөглүүлж, үнэлгээг 1-ээс 9 хүртэлх оноогоор дүгнэсэн. Асуумж судалгааны үр дүнгээс харахад, судалгаанд хамрагдсан 76 хүний 75% нь цартахлын бэлэн байдлыг үнэлэх ширээний энэ төрлийн дасгалд анх удаа оролцсон байна.
Энэ дасгал томуугийн цартахал болон бусад халдварт өвчний дэгдэлтийн үеийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг үнэлсэн ижил төрлийн сургалттай харьцуулахад шинэлэг, онцлог, хүртээмжтэй байсан хэмээн 91.7% нь, тухайн дасгалын зохиомж нь үүсч буй нөхцөл байдал, хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чиглэсэн асуудлуудыг тусгаж чадсан хэмээн 97.4% нь тус тус дүгнэсэн байна.
Холбогдох салбар нэгж, байгууллагууд “томуугийн цартахалтай тэмцэх, сэргийлэх стратеги төлөвлөгөө”-нийхөө сул ба давуу талыг ширээний дасгалын явцад олж мэдсэн гэж 94.7% нь хариулсан байна. Ширээний дасгалын өмнө танилцуулсан мэдээлэл нь зохиомжин дээр ажиллаж байхад хэрэг болсон (93.4%), дээрх мэдээлэл нь яам агентлаг, харьяа байгууллагуудын томуугийн цартахлын бэлэн байдлыг хангах арга хэмжээнд хэрэг болох болно (89.5%) гэж тус тус хариулсан байна.
Асуумжинд хариулсан хүмүүсийн 86.8% нь ширээний дасгалын ач холбогдолд 5-аас дээш оноо өгсөн байна. Энэ төрлийн дараа дараагийн дасгал сургуулилтанд тусгавал зохих мэдээллийн талаар олон хүн үнэтэй санал зөвлөмж бичсэнийг тоймлон дурьдвал:
- Засгийн газар, яам, агентлагуудын ажлын уялдаа холбоо, асуудлыг багаар шийдвэрлэх арга барилыг сайжруулах, шийдвэр гаргагч нар, орон нутгийн удирдлагуудыг оролцуулах, тэдгээрийн үүрэг хариуцлагыг маш тодорхой болгож өгөх,
- Үүссэн нөхцөл байдалд шуурхай үнэлгээ хийж сурах,
- Цартахал гарсан үед мэдээлэх мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгож, үнэн зөв мэдээллээр цаг алдалгүй шуурхай хангах,
- Эмч, эмнэлгийн ажилчид, ард иргэдэд хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, эм бэлдмэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн хүн хүч, багаж хэрэгслийн нөөцийг хэрхэн хуваарилах талаар зөвлөмж боловсруулан, холбогдох газруудад хүргүүлэх,
- Зохиолыг бичихдээ үйл явдал монгол улсын нутаг дэвсгэр дээр өрнөж байгаагаар дүрслэх, ард иргэд, мэргэжлийн хүмүүсийг хамруулж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, оролцогсдыг 2-3 баг болгон ажиллуулж, гаргасан шийдвэрийг харьцуулан хэлэлцүүлэх зэрэг саналууд байлаа.
Ширээний сургалтыг үнэлсэн үнэлгээ нь сургалтыг зохион байгуулагчид, оролцогсдод шинэлэг санаа өгч, урам хайрласан явдал байлаа.
Зөвлөлгөөний төгсгөлд зөвлөлгөөнөөс гарах зөвлөмжийн төслийг нийт оролцогсдоор хэлэлцүүлэн, эцэслэсэн болно.
Зөвлөлгөөний үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээлэл (МҮОНРТ, MN25 телевиз, Өнөөдөр, Өдрийн мэдээ, Үнэн сонин)-ийн хэрэгслээр сурталчилсан. Мөн монголын радиогоор 15 мин-ын нэвтрүүлэг 2 удаа цацагдсан.