Томуугийн үндэсний төв

Томуугийн Үндэсний тавдугаар зөвлөлгөөний зөвлөмж

Томуугийн Үндэсний тавдугаар зөвлөлгөөнд оролцогсод бид:

-  Томуугийн Үндэсний өмнөх зөвлөлгөөнүүдийн зөвлөмжүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дэлхий дахинд томуугийн A(H1N1)v вирүсийн халдвар цартахлын хэмжээнд хүрч улс орнуудын эрүүл мэндийн болон эдийн засагт ихээхэн хохирол учруулж байгаа төдийгүй цаашид угсарсан давалгаа хэлбэрээр 2-3 жил үргэлжлэх магадлал өндөр байгаад сэтгэл зовнин;

-  Томуугийн цартахлыг хохирол багатай даван туулахад Төрийн болон төрийн бус байгууллагууд, ард иргэдийн нягт хамтын ажиллагаа, иргэн бүрийн идэвхтэй оролцоо нэн чухал байгааг онцлон тэмдэглэж ДАРААХ ЗӨВЛӨМЖ-ийг гаргаж байна. Үүнд: 
  1. Томуугийн цартахлын үед хэрэгжүүлэх арга хэмжээний Үндэсний төлөвлөгөөнд оруулах нэмэлт өөрчлөлтөнд энэ зөвлөлгөөнд оролцогчдын саналыг тусган Засгийн Газраар батлуулж, шуурхай хэрэгжүүлэх;
  2. Томуугаас сэргийлэх, эмчлэх эм бэлдмэл, хэрэгслийн хангалтыг сайжруулахад хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цартахлын хугацаанд гаалийн болон бусад татвараас чөлөөлөх зэрэг эдийн засгийн хөшүүргүүдийг ашиглах;
  3. Томуугийн цартахлын үед албан байгууллагууд ажил, хөдөлмөрөө хэвийн явуулах нөхцлийг хангах бизнес төлөвлөгөө гарган албан хаагчид, ажилчдаа витаминжуулах, чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх;
  4. Томуугийн цартахлыг эрсдэл багатай даван туулахад иргэн бүр өөрсдийгөө болон гэр бүл, үр хүүхдээ хамгаалах нь зайлшгүй чухал гэдгийг гүнээ ухамсарлаж томуугаас сэргийлэх энгийн аргуудыг хэрэглэж хэвших;
  5. Томуугаас сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг хүн амын дунд эрчимтэй зохион байгуулах;
  6. Томуугийн цартахлын үед хэрэглэж болох уламжлалт аргууд болон анагаах жорыг судлан нэвтрүүлэх ;

 

 

ТОМУУГИЙН ҮНДЭСНИЙ ТАВДУГААР ЗӨВЛӨЛГӨӨНД ОРОЛЦОГСОД 
Улаанбаатар хот, 2009 оны 10 дугаар сарын 8-ны өдөр