Томуугийн цартахлын бэлэн байдлыг хангахад Засгийн газраас авч хэрэгжүүлэх 39 төрлийн арга хэмжээ
ДЭМБ-ын шинжээчид дэлхий нийтийг хамарсан томуугийн ээлжит цар тахал 1968 оноос хойшхи аль ч хугацаанд байгаагүйгээр ойртож байгааг итгэлтэйгээр мэдэгдэж байна.
ДОХ/ХДХВ, хумхаа, АЦХаХ-ын дэгдэлт, урьд өмнө тохиолдож байсан томуугийн цар тахлуудын үед нийгмийн олон салбарт тогтворгүй байдалд үүсч, хямралын үр дагаврыг багасгах олон талын арга хэмжээ нэн шаардлагатай болдогийг харуулсан билээ. Халдварлалтын хүрээ ихтэй, амь насанд халгаатай халдварын дэгдэлтүүд нь хүн амын эмзэг хэсгийг туйлдуулах, нийгмийн хамгааллын тогтолцоог сулруулах шалтгаан болж улмаар нийгэм-эдийн засгийн хямралд хүргэх эрсдэлтэй. Цар тахлын улмаас учирах нийгэм, эдийн засгийн хохирлыг даван туулахад улс орон бүрт тохирсон бэлтгэл хэрэгтэй. Хамгийн чухал зүйл бол “амин “ чухал үйлчилгээний салбаруудын тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн төлөвлөгөө юм. Энэхүү баримт бичигт улс орны Засгийн газрууд өөрсдийн түншүүдтэйгээ хамтран цар тахлын үед хүний эрүүл мэндэд халгаатай эрсдлийг бууруулахад чиглэсэн гол үйл ажиллагааны чиглэлийг дурьдлаа.
Нэг. Засгийн газрын төлөвлөлт, зохицуулалт
Хоёр. Орон нутгийн төлөвлөлт
Гурав. Тусгай салбаруудын үйл ажиллагаа
Гурав. Цар тахлын үед хүн амын зайлшгүй хэрэгцээг хангах үйлчилгээг тогтвортой байлгах
Дөрөв. Мэдээлэл, сурталчилгаа, харилцаа холбоо
Тав. Тусгаарлалт, хөл хорио
Зургаа. Шилжих хөдөлгөөн ба хилийн хяналт
Долоо. Хил дамнасан асуудлууд
- Цар тахлын бэлэн байдлын бэлтгэл ажил нь гамшгийн үндэсний менежментийн байгууллагын үйл ажиллагаатай нягт уялдаатай байх ёстой. Энэ байгууллага нь үндэсний хэмжээнд хямралын хариу арга хэмжээг зохицуулах үүрэгтэй.
- Засгийн газрын нэгж байгууллагуудын үүрэг, хариуцлага болон үүрэг дамжуулах бүтэц маш тодорхой болсон байх шаардлагатай
- Засгийн газрын сайд нараас бүрдсэн хороо байгуулагдаж, цар тахлын бэлтгэлийг салбарын сайд нар нь анхааралдаа авах ёстой.
- Засгийн газар цар тахлын бэлэн байдлыг хангахад зориулсан төсвийг тодорхой болгох хэрэгтэй.
- Цар тахлын үед зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, тухайлбал: тээвэр зохицуулалт, хөл хорио, тусгаарлалт, хүн амын төвлөрлийг сааруулах зэрэг үйл ажиллагаанд тохирсон хууль эрх зүй, зохицуулалтын орчин байгаа эсэх дээр Засгийн газар эргэж харах шаардлагатай.
- Нийгмийн эмзэг бүлэг, цагаачдын эрх ашиг, сонирхол ч цар тахлын бэлэн байдлын төлөвлөлтөнд тусгагдах ёстой.
- Иргэний нийгэм, энгийн ард түмэн ч цар тахлын бэлэн байдлын төлөвлөлтөнд хамрагдана.
- Бэлэн байдлын төлөвлөгөөг бүх шатанд үзүүлэх сургуулилтын хэлбэрээр туршиж, эндээсээ сургамж авах нь хамгийн чухал.
- Орон нутгийн удирдлагуудын үүргийг тодорхой заасан цар тахлын бэлэн байдлын орон нутгийн төлөвлөгөө чухал.
- Орон нутгийн удирдлага, олон нийтийн байгууллагууд нас баралт өндөртэй өвчлөлийн үед хүчин чадлаа хэрхэн дайчлан ажиллах төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
- Засгийн газар цар тахлын үед гарч болох хулгай дээрэм, замбараагүй байдал, жагсаал цуглаан, авилгал, хууль бус худалдаа зэргээс сэргийлэх хамгаалалтын иж бүрэн төлөвлөгөө боловсруулах шаардлагатай.
- Батлан хамгаалах яам нь цар тахлын үед цэрэг армийн ямар туслалцаа үзүүлэх, бусад байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар бодож төлөвлөсөн байх ёстой.
- Төвлөрсөн хангамжийн системтэй улс орнуудад цахилгаан, тээвэр бусад дэд бүтцийн салбарын ажиллагсад хомсдох эрсдлийг тооцож, ажиллах хүчний нөхөн сэргээх бэлтгэлтэй байх хэрэгтэй.
- ДЭМБ-ын цар тахлын 6-р шатанд эм, хоолны хангамжийг тасралтгүй байлгахын тулд тээвэр зохицуулагчид, удирдлагууд нь улс орны амин чухал тээвэр, агаарын болон далайн тээвэр, ачих буулгах төхөөрөмжийн ажилчдыг халдварын эрсдлээс хамгаалж, ажиллах хүчний хомсдлоос сэргийлэх хэрэгтэй.
- Эдийн засаг, санхүүгийн салбар нь ажиллах хүчний хомсдол ихэссэн үед нийгмийн янз бүрийн салбарт ажил хэргийг үргэлжлүүлэхийн тулд цалин, тэтгэмж төлбөрийн бусад боломжийг тогтвортой байлгах төлөвлөгөөтэй байх ёстой.
- Засгийн газар цар тахлын үед хүн амын наад захын хэрэгцээг хангах чадавхи хэнд, хаана байгааг урьдчилан тогтоож, хэрэгцээг зөв тооцсон, давхардлаас зайлсхийсэн үндэсний болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтарсан төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй.
- Хямралыг хязгаарлан барихын тулд хүн амын амин чухал хэрэгцээг хангахад чиглэсэн ажил үйлчилгээг тогтвортой байлгах төлөвлөгөөг гаргах хэрэгтэй.
- Ажил үйлчилгээг тогтвортой үргэлжлүүлэх төлөвлөгөөнд дараахи зүйлүүдийг тусгах ёстой. Үүнд: (а) ажиллах хүчний хомсдлын үед яаж өдөр тутмын үйлчилгээг тогтвортой явуулах; (б) удирдах байгууллага албан хаагчдын тушаал дамжуулах дараалал, бүтэц, зохион байгуулалтыг маш тодорхой болгох; (б) шаардлагатай стратегийн нөөц хэрэгсэл, материал, тоног төхөөрөмжийн үнэлгээ хийх; (в) хэн, хэзээ, юуг, яаж хийхийг маш тодорхой болгох; (г) амин чухал үйлчилгээг тогтвортой байлгах хүн хүч, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн нөөцийг магадлах; (д) чухал салбаруудад нөөц ажилчдын судалгааг гаргаж, сургалтанд хамруулах; (е) чухал үйлчилгээнүүдийг аль нь нэн тэргүүний гэдгийг үнэлэх шалгуур бүхий аргачлалыг гаргах; (ё) үйлчилгээ үзүүлэх, хангалтыг тараах явцад гарч болох халдлагыг урьдчилан тооцож, тэмцэх төлөвлөгөө гаргах; (ж) гэрээсээ ажлаа хийх боломжтой ажилчдыг бэлтгэх; (з) чухал үйлчилгээний салбарт ажиллагсадын ар гэрт дэмжлэг үзүүлэх асуудалд анхаарлаа хандуулах; (к) ажиллагсадад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарах хэрэгтэй.
- Байгууллага бүрт энэ хямралд урьдчилан бэлтгэх ажлыг хариуцсан тодорхой хүн томилогдсон байх хэрэгтэй.
- Байгууллагууд, ажил хэрэгч хүмүүс зорчих хөдөлгөөн болон хурал цуглааны хязгаарлалтын нөхцөлд, хөрөнгө санхүү, хангамж, мэдээллийн систем болон ажиллах хүчний хомсдолтой үед өдөр тутмын үйл ажиллагаагаа хэрхэн хэвийн үргэлжлүүлэх талаар төлөвлөх хэрэгтэй.
- Ажилчид өөрсдийгөө халдвар авах эрсдлээс сэргийлэх, өөрсдийгөө хамгаалах арга хэмжээнд суралцсан байх хэрэгтэй.
- Засгийн газраас олон нийтэд, орон нутгийн оршин суугчдад мэдээллийг шуурхай хүргэх харилцаа холбооны стратегийг боловсруулсан байх хэрэгтэй.
- Олон нийт нь Засгийн газрын шийдвэрийн дагуу амьдрал үйл ажиллагаандаа зохицуулалт хийж байх ёстой.
- Олон нийтийн итгэл үнэмшлийг тогтвортой байлгах мэдээллийг тогтмол хүргэх хэрэгтэй.
- Засгийн газар нь томуу болон томуугийн цар тахлын вебсайт бий болгон зөвлөлгөө, мэдээллээр тогтвортой хангах шаардлагатай.
- Цар тахлын үеийн нөхцөл байдалд ажиллах харилцаа холбооны чадварт сургах сургалт хийх хэрэгтэй.
- Олон нийттэй харилцах байгууллага хувь хүмүүс нь ард түмнийг итгэл үнэмшилтэй байлгах, мэдээллийг хурдан түгээх, эрсдэлтэй хүмүүсийн тогтоох үүрэг гүйцэтгэнэ.
- Хүн амын цөөнхөд цар тахлын бэлэн байдлыг хангуулахад анхаарч тэдний хэл, соёл, зан заншлын асуудлыг харгалзан үзэх ёстой.
- Шувууны томуу, хүний томуугийн мэдээллийг зааглан тодорхой мэдээлж, ДЭМБ-ын цар тахлын үе шатны мэдээллийг шуурхай дамжуулах хэрэгтэй.
- Засгийн газраас сургуульд, оршин суугчдын гэр оронд, ажлын байранд, шоронд хол хорионы шийдвэрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмыг гаргах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг хаасан нөхцөлд хүүхдүүдийг гэрт нь асран хамгаалах асуудлыг онцгой анхааралдаа авч зохицуулалт хийх хэрэгтэй.
- Олон нийтийн цуглааныг хязгаарлах, төвлөрлийг сааруулах төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй.
- Засгийн газраас цар тахлын 4-5 дугаар үед зарим чухал биш салбарын ажилчид гэрээсээ утсан харилцаа ашиглан ажил үүргээ гүйцэтгэх зохицуулалт хийж, чухал үйлчилгээний салбарын ажилчид ажил дээрээ байхдаа бие биенээсээ нэг метрээс ойргүй зайнд харьцаж ажиллах журмыг баримтлах ёстой.
- Засгийн газрууд цар тахлын үеийн нас баралтын түвшинг үндэслэн “цар тахлын аюулын индекс”-ийг гарган тохирсон зөвлөмжийг олон нийтэд зориулж гаргах шаардлагатай.
- Далайн болон агаарын тээврийн боомтын удирдлагууд, ажиллагсад нь олон улсын жуулчид, онц шаардлагагүйгээр хилээр нэвтрэх, хилээр гарах асуудлыг хязгаарлан, хянаж, анхааралдаа авах шаарлагатай.
- Аялал жуулчлал, дотоод хэргийн яам нь хилийн хяналтын зохицуулалтыг яаж хийх стратеги боловсруулсан байх хэрэгтэй.
- Засгийн газар цар тахлын дэгдэлт гарсан нутаг оронд очих болон тэндээс гарах хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй.
- Халдварын тархалтыг хязгаарлах хилийн хяналт, хөл хорио, тандалт, илрүүлэлтийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхдээ худалдаа арилжааны тогтвортой байдалд гарч болох сөрөг нөлөөг тэнцвэржүүлэхэд анхаарах хэрэгтэй. Хөл хорио, шилжих хөдөлгөөний хязгаарлалтын арга хэмжээг судалгаанд суурилж, олон улсын байгууллагуудын дүрэмд нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой.
- Цар тахлын бэлэн байдлын төлөвлөлтөнд хил дамнасан тархалтын нөлөөллийг тооцож тухайн бүс нутгийн улс орнуудтай хийх хамтын зохицуулалтыг оруулах хэрэгтэй.
- Засгийн газрууд хил хаах, хөл хорио тогтоох, тээврийн хязгаарлалтын нөхцөлд гадаадын иргэдийн асуудлыг яаж зохицуулах тухайлбал: нас барсан гадаадын иргэдийг оршуулах, орон нутагт нь буцаах зохицуулалтыг хийх хэрэгтэй.