Вирүст халдварын эмчилгээний зарчим
Вирүст халдварын цочмог шатны эмчилгээ нь аливаа халдварт өвчний үеийнхтэй адил: 1) шалтгааны буюу вирүсийн эсрэг (этиотроп), 2) эмгэг жамын (патогенезийн) эмчилгээ гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэл болдог. 1. Вирүсийн эсрэг хими-заслын бэлдмэл (ВЭХБ) бүтээх боломжгүй, эсэд хортой нөлөөлөлгүйгээр вирүсийн репродукцийг саатуулах нөхцөлгүй гэж саяхан болтол үзэж байсан билээ. Гэтэл молекул биологи, вирүс судлалын ухаануудын сүүлийн 20 гаруй жилийн эрчимтэй хөгжил нь эмнэлзүйн практикт хэрэглэх түвшинд хүрсэн ВЭХБ-ийн тоо нэн хурдан өсөхөд хүргэж байна. Одоогоор эмнэлзүйн практикт 70 гаруй нэрийн ВЭХБ хэрэглэж байгаа ажээ [1]. Гэтэл манайдаа сайнд ордог эмийн лавлахын 2003 онд хэвлэгдсэн сүүлийн хэвлэлд 14 ВЭХБ (үүний 8 нь интерфероны хувилбарууд) [2] орсон байгаа нь манайд ВЭХБ-ийн хэрэглээ нэн хоцрогдонгүй байгаагийн илэрхийлэл байж болох юм.
ВЭХБ-ийг олон янзаар ангиладаг боловч вирүс дээр үйлчлэх механизмаар нь ангилах хандлага одоо давамгайлах болж байна [3, 4]. Энэ зарчмыг үндэслэл болговол одоо өргөн хэрэглэж буй ВЭХБ-үүдийг: Нэгдүгээр бүлэг-ийн эмүүд нь вирүсийн гадаргын молекулууд болон эсийн гадаргуугийн вирүс-өвөрмөц рецепторуудтай харилцан үйлчилж, вирүс эсэд нэвтрэн орохыг саатуулдаг тул эмчилгээний гэхээсээ сэргийлэх үйлдэл илүүтэй болно. ВЭХБ-ын энэ бүлэгт томуу, томуу-төст өвчин (ТТӨ), хомхой (херпес) эхлэх үед эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэдэг оксолин, теброфен, риодоксол, флореналь зэрэг ОХУ-д үйлдвэрлэдэг тосон түрхлэгүүд, арбидол хэмээх ОХУ-д үйлдвэрлэдэг шахмал эмийг оруулдаг [3, 5, 6 ба 7]. Мөн ХДХВ-ийн эсийн мембрантай нэгддэг хэсэг болох gp-41 уурагтай холбогдож, үйлдлийг нь саатуулдаг эм болох энфувиртид [4], ХДХВ-ийн эсийн рецептор болох CCR5–тай өрсөж холбогдон вирүс эсэд нэвтрэн орохыг саатуулах үйлдэлтэй маравирок, викривирок, аплавирок зэрэг эмнэлзүйн туршилтын шатнаа буй эмүүд [8] энэ бүлэгт ангилагддаг. Хоёрдугаар бүлэгт томуугийн вирүсийн М2 уургийн нийлэгжлийг саатуулдаг адамантины уламжлалын эмүүд (амантадин, ремантадин, адапромин, тромантадин, дейтифорин) ордог [3, 4, 5, 6 ба 7]. Сүүлийн жилүүдэд энэ эмэнд тэсвэржсэн томуугийн вирүсийн омгууд давамгайлах болж буй тул энэ эмийн хэрэглээ хумигдах хандлагатай болж байна [9 ба 10]. Гуравдугаар бүлэгт одоо хэрэглэж буй дийлэнхи ВЭХБ хамаарах бөгөөд херпес вирүсийн тимидинкиназ, полимеразыг сонгон саатуулдаг гуанины уламжлалын эмүүд (ацикловир, валацикловир, ганцикловир, валганцикловир, пенцикловир, фамцикловир, цидофовир), ХДХВ-ийн болон хепатитын В вирүсийн урвуу полимеразыг сонгон саатуулдаг тиминий уламжлалын эмүүд (зидовудин, ставудин, залцитабин, ламивудин, эмтрицитабин, дидазон, абакавир, адефовир, энтакавир, валоцитабин), РНХ агуулсан олон вирүсийн репродукцийг саатуулдаг рибавирин ордог [3, 4 ба 8]. Эдгээр ВЭХБ нь химийн шинжээрээ бүгд нүклеозидын аналог болно. Вирүсийн геномын репродукцийг саатуулдаг нүклеозидын биш химийн нэгдлүүдийг сүүлийн үед нээн илрүүлж хэрэглэх болж буй бөгөөд үүнд херпес бүлгийн вирүсийн репродукцийг саатуулдаг фоскарнет, ХДХВ-ийн репродукцийг саатуулдаг невирапин, делавирдин, эфавиренц [4] болон эмнэлзүйн туршилтын шатнаа буй этравирин, рилпивирин, дапивирин, ХДХВ-ийн интегразын саатуулуур ралтегравир, элвитегравир [8] зэрэг эмүүд болон 2008 оноос ОХУ-д хэрэглэхийг зөвшөөрсөн томуугийн вирүсийн NP уургийн нийлэгшлийг саатуулдаг ингавирин хэмээх эм [11, 12, 13 ба 14] орно. Дөрөвдүгээр бүлэгт ХДХВ болон хепатитын С вирүсийн бүтцийн уургууд боловсроход оролцдог вирүсийн протеазуудыг саатуулдаг ампренавир, сакуинавир, лопинавир, индинавир, ритонавир, нелфинавир, атазанавир, типранавир [4] болон эмнэлзүйн туршилтын шатнаа яваа бреканавир, цилупревир, боцепревир, телапревир [8] зэрэг эмүүд ордог. Тавдугаар бүлэгт томуугийн вирүсийн нейраминидазыг саатуулдаг нийлэг эмүүд (оселтамивир: Tamiflu, занамивир: Relenza [3, 4, 5, 6, ба 7] болон энэ оны 10 дугаар сараас АНУ-д туршин хэрэглэж эхлээд буй перамивир [15]) орно. Энэ бүлгийн эм нь одоогоор томуугийн эмчилгээ, сэргийлэгт хамгийн өргөн хэрэглэж буй ВЭХБ юм. 2. Вирүст халдварын эмгэг жамын эмчилгээ нь :
- вирүсийн үйлдлээр үүсэх эмгэг урвалыг зөөлрүүлэх, Вирүст халдварууд нь нянгийн бусад л халдваруудын адилаар халдвар-үжлийн шок, уушгины эдийн болон тархины зөөлөн хальсны хаван, судсанд цус нэлэнхүй бүлэнтэх зэрэг ноцтой байдлуудаар хүндрэх нь элбэг тул нэн анхааралтай ажиглаж, яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн байх шаардлагатай [16 ба 17]. Мөн вирүст халдвар бүр нь бас өвчин хөгжих өвөрмөц эмгэг жамын механизмтай тул тус бүрт нь тохирсон эмчилгээ хийх хэрэгтэй болдог. Тухайлбал, томуугийн H5N1 болон H1N1 цартахлын вирүст халдварын эмгэг жамд “цитокины шуурга” (cytokine storm) нэр авсан иммун-медиаторуудын эмгэгшүүлэх үйлдэл ихээхэн холбогдолтойг харгалзан цагригт оксигеназын саатуулуур (COX-2-inhibitor: целекоксиб г.м.), периоксом-пролифератор идэвхижүүлэх рецепторын агонист (PPAR-agonist: месалазин г.м.), липидын нийлэгжлийг сааруулагч фибройны хүчлийн уламжлал (fibrates: гемфиброзил г.м.) зэрэг иммун-модуляторуудыг хавсруулан хэрэглэх нь уушгины эдийг иммун-гэмтлээс сэргийлэн, эндэгдлийг бууруулах үйлдэлтэй гэж судлаачид үзэх болж байна [18, 19, 20 ба 21 ]. Томууг дагалдах хүндрэл үүсгэгч бактерт халдвараас өрсөн сэргийлэх антибиотик эмчилгээг эмгэг жамын эмчилгээний бас нэг хэлбэр гэж үзэж болох юм. Эмчилгээний эцсийн үр дүнг тодорхойлдог нэн чухал хэсэг бол гэмтсэн эд, эсийн үйл ажиллагааг нөхөх, тэтгэх ерөнхий болон өвөрмөц үйлдэлтэй эмийн бэлдмэл, эмчилгээний бусад аргын цогц болно. Томуугийн хүндрэлээс амьсгалын цочмог дутал үүсэхэд зохиомол амьсгал хийх, уушги орлуулах эмчилгээ хийх [22, 23 ба 22] зэрэг нь үүний жишээ юм. Иш татсан номзүй:
П.Нямдаваа, |