Томуугийн үндэсний төв

Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед хилийн нэвтрэх цэгүүдэд авах арга хэмжээний түр журам

Томуугийн А(H1N1) дэд хэвшинжийн шинэ вирүсийн халдварын үед хилийн нэвтрэх цэгүүдэд авах арга хэмжээний түр журам

Нэг. Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын сэжигтэй зорчигч хилийн нэвтрэх цэгээр гарах үед авах арга хэмжээ

Нисэх онгоц, галт тэрэгний экипажийн ахлагч, автобус, автомашины жолооч нарт дараах, зөвлөмж өгнө.

  1. Сэжигтэй зорчигчид амны хаалт зүүлгэн бусад зорчигчдоос тусгаарлан арын эгнээнд эсвэл тусгай өрөөнд суулгана.
  2. Зорчигчтой харьцах экипажийн багийн гишүүдийн тоог багасгаж, багийн гишүүдэд амны хаалт зүүлгэнэ.
  3. Сэжигтэй зорчигчийг бусад зорчигчдоос тусгаарлан суулгах боломжгүй тохиолдолд тухайн эгнээ болон урд, хойт тус бүр 2 эгнээний зорчигчдод нь амны хаалт зүүлгэнэ.
  4. Нисэх онгоц, галт тэргээр зорчих сэжигтэй зорчигчид ариун цэврийн өрөөг тусгайлан гаргаж өгнө.

Хоёр. Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын сэжигтэй зорчигч хилийн нэвтрэх цэгээр орж ирэх үед авах арга хэмжээ

“Тусгаарлах шалгуур үзүүлэлт:

  1. Хилээр нэвтрэн ирж байгаа бүх зорчигчдоос эрүүл мэндийн мэдүүлгийг асуумж хуудсаар авахад томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын эмнэлзүйн дараах шинж тэмдгүүдийн 2-3 илэрсэн байх . Үүнд:
    • ханиах
    • хамраас нус гоожих
    • хоолой өвдөх
    • 380С хэмээс дээш халуурах
    • толгой өвдөх
    • бөөлжих
    • суулгах
    • амьсгалын доод замын өвчний шинж тэмдэг илрэх
  2. Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын тархалт өндөртэй эсвэл сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн улсаас ирсэн болон дамжин ирсэн зорчигчийг “сэжигтэй тохиолдол” гэж үзнэ (Цаашид сэжигтэй зорчигч гэх)
  3. Ойрын хавьтал:
    • Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын сэжигтэй зорчигчтой хамт нэг нисэх онгоц, галт тэрэг, автобус, автомашинд сууж суудлын эгнээ болон харалдаа урд, хойд тус бүр 2 эгнээнд суусан зорчигчид
    • Сэжигтэй зорчигчтой нэг купей, нийтийн вагонд хамт ирсэн зорчигчид (үүнд агаарын урсгал, агааржуулалт, хөдөлгөөн болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж тогтооно).
    • Сэжигтэй зорчигчийг дагалдан яваа найз нөхөд, гэр бүл, хамт яваа аялагчид, хөтөч
    • Нисэх онгоц, галт тэрэгний экипаж, тээврийн хэрэгсэлийн жолооч, үйлчлэгчид
    • Хувийн хамгаалах өмсгөлгүйгээр эмнэлзүйн хувьд сэжигтэй байгаа зорчигчтой харьцаж ажилласан хил, гаалийн шалган нэвтрүүлэх цэгийн ажилтан

Дээрх сэжигтэй зорчигчийн шалгуур үзүүлэлтэд тохирсон зорчигчид дараах арга хэмжээ авна:

  • Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/-д мэдээлнэ.
  • Халдварын эсрэг дэглэмийг баримтлан түр тусгаарлах арга хэмжээ авна. Үүнд: Чингэс хаан нисэх онгоцны буудал, Улаанбаатар төмөр замд бол ХӨСҮТ-д, Замын Үүд, Алтанбулаг, бусад байнгын ажиллагаатай боомтуудад түр тусгаарлах эмнэлэг/байр/-д тусгаарлан амны хаалт хэрэглүүлэн, гарын ариун цэврийг сайтар сахиулна.
  • Түр тусгаарлах, эмнэлэг /байр/-т сэжигтэй зорчигчоос сорьц авна.

Тусгаарлах хугацаа

  •  3-7 хоног түр тусгаарлан, эмчийн хяналтад авч эмнэлзүйн үзлэг, эмчилгээ, тандалт хийнэ.
  •  Лабораторийн шинжилгээний хариу сөрөг гарвал тусгаарлалтыг зогсооно.

Анхаарах:

  • Хэрэв халдварын тархалттай орноос халдварын сэжигтэй зорчигч ирж байгаа талаар мэдээлэл авсан бол хил, гааль, эмнэлгийн ажилтнууд хувийн хамгаалах иж бүрэн өмсгөлтэй ажиллана.
  • Онгоц, гар тээш, ачааг халдваргүйтгэл хийх бэлэн байдлыг хангасан байна.
  • Зорчигчид, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа баг, ар гэрийнхэн, хэвлэл мэдээллийн ажилтанд өгөх зөвлөмжийг урьдчилан бэлтгэсэн байна.

Жич:

  • Сэжигтэй тохиолдлын зорчигчид амны хаалт зүүлгэн мэргэжлийн баг зориулалтын унаагаар тээвэрлэнэ.

Гурав. Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын сэжигтэй зорчигчийн ойрын хавьтлуудад авах арга хэмжээ

  1. Эмнэлэгт түр тусгаарлан амны хаалт хэрэглүүлэн, гарын ариун цэврийг сайтар сахиулна.
  2. Тархвар судалгаа авна.
  3. Эмнэлзүйн хувьд сэжигтэй зорчигчийн шинжилгээний хариу сөрөг гарвал тусгаарлалтыг зогсооно.  
  4. Тархвар судалгааны явцад шаардлагатай гэж үзвэл лабораторийн шинжилгээнд сорьц авна.
  5. Биеийн халууныг өдөрт 2 удаа хэмжинэ.  

Дөрөв. Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын сэжигтэй зорчигчийн ойрын бус хавьтлуудад авах арга хэмжээ

  1. Ойрын хавьталд ороогүй бусад зорчигчдын эрүүл мэндийн байдлыг асуумж судалгаагаар тандан биеийн халууныг хянах камераар хянан, амны хаалт хэрэглүүлнэ.
  2. Зорчигчдоос дэлгэрэнгүй бүртгэл авна.
  3. Боломжтой бол 7 хоногийн турш гэртээ эсвэл зочид буудал, дотуур байрандаа байхыг зөвлөнө.
  4. Дээрхи хугацаанд биеийн халуунаа өглөө, оройд хэмжин, амны хаалтыг 3 цаг тутамд сольж, 7 хоногийн турш зүүхийг зөвлөнө.
  5. Олон нийтийн арга хэмжээнд аль болох оролцохгүй байхыг зөвлөн зорчигчдын гэр, зочид буудлын зэрэг хаягийг харьяалах эрүүл мэндийн байгууллагад мэдээлнэ.
  6. Халуурах, ханиах, нусгайрах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах, холбоо барих утасны дугаар зэргийг зөвлөсөн санамж, зөвлөгөөг гардуулна.

ХАВСРАЛТ.

Хавсралт 1. Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын эмнэлзүйн тодорхойлолт 
Хавсралт 2. Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын сэжигтэй тохиолдол, ойрын хавьталд эмнэлзүйн шинж тэмдэгийн тандалт хийх хуудас

  ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ