Томуугийн үндэсний төв

Их Британи улсад бүртгэгдсэн шувууны томуугийн вируст хүний өвчлөлийн мэдээ

Тус тохиолдлыг шувууны аж ахуйн ажилчдын дунд хийж байсан байнгын тандалтаар илрүүлсэн байна. Одоогоор тус шувууны аж ахуйд ажиллаж байсан 35 ажилчдаас вирус судлалын шинжилгээнд сорьц авч шинжилсэн ба вирус илрээгүй. Халдвар авсан тохиолдол нь тус аж ахуйд ажиллах хугацаандаа хамгаалах хувцас хэрэгслийг бүрэн өмссөн байсан гэсэн өгүүлэмжтэй хэдий ч зөв өмсөж, тайлсан тухай бүртгэл байхгүй байна. Эмнэлзүйн шинж тэмдэгийн хувьд халдвар авснаас нэг долоо хоногийн дараа хоолой өвдөх, булчингаар өвдөх, ядрах сульдах зэрэг шинж тэмдэг илэрсэн, одоогоор биеийн байдал тогтвортой, бүрэн эдгэрсэн байна. Ойрын хавьтал гэр бүлийн 3 гишүүнийг хавьтлын хяналтнд авсан ба одоогоор ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна.

Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ

Их Британи улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын газраас Шуурхай хариу арга хэмжээний багийг томилон холбогдох арга хэмжээг авсан байна. Халдвар бүртгэгдсэн шувууны аж ахуйгаас  шувуудыг  10км-ийн зайнд тандалтын бүс, 3 км-ийн зайнд хамгаалалтын бүсийг тогтоож, шувуудыг устгалд оруулах, халдвартай байж болзошгүй бохирлогдсон эд зүйлсийг устгах, орчныг халдваргүйжүүлэх, ариутгах арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Мөн Их Британи улсын Эрүүл мэндийн аюулгүй байдлын газраас тус шувууны аж ахуйд ажиллаж байгаа ажилчдыг вирус судлалын шинжилгээнд тогтмол хамруулж, хяналт хийж байна.

ДЭМБ-аас хийсэн эрсдэлийн үнэлгээний дүн

Одоогийн байгаа мэдээлэл дээр үндэслэн тус вирусийн хүн амын дунд өвчлөл үүсгэх эрсдэлийг бага, харин шувууны аж ахуйд ажиллаж байгаа ажилчдын дунд халдварт өртөх эрсдэлийг багаас дунд хэмээн үнэлсэн байна.

Тархварзүй болон вирус судлалын тандалтын мэдээнд үндэслэн шувууны томуугийн A(H5) вирус хүн амын дунд тогтвортойгоор дамжин тархах эрсдэлгүй гэж үзэж байна.

ДЭМБ-аас өгч буй зөвлөмж

  1. Хүний (эсвэл амьтны) эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй, шинээр гарч буй, одоогоор шувуу, амьдын дунд өвчлөл үүсгэж буй томуугийн вирусийн тандалтыг тогтмол хийх, вирус судлал, тархварзүй, эмнэлзүйн өөрчлөлтийг илрүүлэх, хянах.
  2. Томуугийн шинэ вирус, томуугийн цартахал үүсгэж болзошгүй вирусээр үүсгэгдсэн хүний халдварын тохиолдол батлагдсан эсвэл сэжиглэгдсэн тохиолдолд тархварзүйн тандалт судалгааг яаралтай хийж,  хүнээс хүнд халдвар дамжиж байгаа эсэхийг тодруулах.
  3. Үйл явдалд суурилсан тандалтыг эрчимжүүлэх.
  4. Хэрэв томуугийн вирусийн шинэ дэд хэвшинжээр үүсгэгдсэн хүний өвчлөл бүртгэгдсэн тохиолдолд ОУЭМД (2005)-ийн дагуу ДЭМБ-д яаралтай мэдээлэх, сорьцийг лавлагаа төвүүдэд илгээн баталгаажуулах.  
  5. Шувууны аж ахуйн ажилчдыг халдвар хамгааллын чиглэлээр сургах чадавхжуулах.

Нэмэлт мэдээллийг дараах холбоосоор дэлгэрүүлж уншина уу.