Томуугийн үндэсний төв

Мутацид орсон шувууны томуугийн H5N1 вирус дахин нэг цартахлыг үүсгэхээр хүн төрөлхтөнг заналхийлж байна

Шувууны томуу нь хүнд өвчлөл үүсгэх нь харьцангуй бага хэдий ч халдварласан тохиолдолд хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, нас барах өндөр эрсдэлтэй байдаг (нас баралтын түвшин 56%). Одоогоор шувууны томуугийн вирус хүнээс хүнд тогтвортойгоор дамжин тархаж байгаа тухай нотолгоо байхгүй байгаа ч дэлхий дахинд өвчлөлийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна.  

Шувууны томуугийн H5N1 вирусийн шалтгаант дэгдэлт 1996 онд БНХАУ-ын галууны фермд анх бүртгэгдэж, үүнээс хойш Хонг-Конг улсын шувууны фермүүдэд томоохон дэгдэлтүүдийг үүсгэсэн байна. 2005 оноос эхлэн нүүдлийн шувуудад халдварлаж, дэлхий дахинд тархаж эхэлжээ.

2020 онд мутацид орж, өмнөх вирустэй харьцуулахад илүү тархалтын хурд өндөртэй болсон ба Европ, Хойд Америкийн, 2022 онд Төв болон Өмнөд Америкийн улсуудад тархаж, эдийн засагт их хэмжээний хохирол учруулсан байна.

Испани улсад бүртгэгдсэн дэгдэлт

Шувууны томуугийн H5N1 вирус нь тэжээвэр шувуудын дунд тархаж өвчлөл үүсгэхээс гадна нүүдлийн шувуудад халдварлаж бусад улс орнууд, хөхтөн амьтдад тархаж, цаашилбал хүнд халдварлах эрсдэлийг үүсгээд байна. Үүнийг Европ дах Шувууны томуугийн лавлагаа лаборатори болон Испани улсын Үндэсний лавлагаа лабораториос хийсэн судалгаануудаас харж болох бөгөөд судлаачид дараагийн цартахал гарч болзошгүй тухайг дэлхий нийтэд анхааруулж байна.

Жишээлбэл 2022 оны 10 дугаар сард Испани улсын баруун хойд хэсгийн Галисия дах усны булгын фермд шувууны томуугийн дэгдэлт бүртгэгдсэн. Тухайн үед SARS-CoV-2 вирусийн шалтгаант дэгдэлт хэмээн судлаачид үзэж байсан ч тандалт судалгааны дүнд шувууны томуугийн H5N1 вируст халдварын дэгдэлт болохыг баталгаажуулсан байна. Үүний улмаас нийт 50,000 гаруй усны булгыг устгалд оруулж, тус фермийн ажилчдыг тусгаарлан, фермийн үйл ажиллагааг зогсоосон байна. Тус дэгдэлтийн үед вирус нь хөхтөн амьтанд халдварлаж өвчлөл үүсгэж байгааг тогтоосон хэдий ч нэг төрөл зүйлийн амьтадаас өөр төрөл зүйлийн амьтдад хэрхэн халдварлаж байгааг бүрэн тайлбарлаж чадаагүй байна.

Шувууны томуугийн H5N1вируст хүний халдвар

ДЭМБ-ын мэдээлж байгаараар шувууны томуугийн H5N1 вируст хүний халдварын анхны тохиолдол 2003 онд бүртгэгдсэн ба 2023 оны 2 дугаар сарын 25-ны байдлаар 21 улс оронд 873 тохиолдол, 458 нас баралт мэдээлэгдээд байна.

Хамгийн сүүлд 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Камбож улсад хүний халдварын 2 тохиолдол бүртгэгдээд байна. Тус улсад 2003-2009 онд 8 тохиолдол, 7 нас баралт, 2010-2014 онд 47 тохиолдол 30 нас баралт бүртгэгдсэн ба тохиолдол нас баралтын харьцаа (CFR) 66% байжээ.

Тохиолдол нь 11 настай, эмэгтэй, Камбож улсын өмнөд хэсэгт байрлах Прэй Венг тосгонд амьдардаг байсан байна. 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн эмнэлзүйн шинж тэмдэг эхэлж, 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдөр уушгины хүнд хэлбэрийн хатгааны улмаас нас баржээ. Вирус судлалын шинжилгээгээр шувууны томуугийн H5N1 вирусийн 2.3.2.1c дэд хүрээ тодорхойлогдсон байна. Түүний ойрын хавьтал 12 хүн байснаас охины эцэгт 2023 оны 2 дугаар сарын 23-нд вирус эерэг тодорхойлогджээ. Охины эцэгт одоогоор эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байна. Бусад хавьтлуудад H5N1 болон SARS-CoV-2 вирус тодорхойлогдоогүй байна.

Одоогоор тус улсад хүн болон амьтны эрүүл мэндийн байгууллагын хамтарсан тандалт судалгааг хийж байгаа ба халдвар дамжин тархахаас сэргийлж Засгийн газрын түвшинд нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

ДЭМБ-аас өгч буй зөвлөмж

  1. Хүн болон амьтдын дунд тархварзүй, вирус судлал, эмнэлзүйн тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн бэлэн байдлыг ханган ажиллах.
  2. Шувууны ферм болон шувууны түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэдэг үйлдвэр, аж ахуй нэгжид халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримтлах, ажилчдад тасралтгүй сургалт зохион байгуулах.
  3. Хэрэв хүний халдварын сэжигтэй эсвэл батлагдсан тохиолдол бүртгэгдвэл амьтантай харьцсан байдал, аялалын түүхийг яаралтай тодруулж, ойрын хавьтлуудад хяналт тавих. Мэдээллийг ОУЭМД-ийн дагуу ДЭМБ-д яаралтай мэдээлж, өвчтөн болон түүний хэрэглэж байсан эд зүйлс, хүрээлэн буй орчноос вирус судлалын шинжилгээнд сорьц цуглуулж ДЭМБ-ын лавлагаа лабораторид яаралтай илгээх.
  4. Шувууны ферм, захаар аль болох зорчихгүй байх, амьд эсвэл үхсэн шувууны сэг зэм, тэдгээрийн биологийн шингэн, шингэнээр бохирлогдсон эд зүйлст хүрэлцэхгүй байх.
  5. Шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэх, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг хоол хүнс бэлтгэхдээ онцгой анхаарах

Эх үүсвэр:

  1. The world after Covid: with the mutation of the H5N1 virus another pandemic threatens the planet. https://www.ruetir.com/2023/02/the-world-after-covid-with-the-mutation-of-the-h5n1-virus-another-pandemic-threatens-the-planet/
  2. Avian Influenza A (H5N1) – Cambodia. https://www.who.int/emergencies/disease-outbreak-news/item/2023-DON445
  3. Viruses in Cambodian bird flu cases identified as endemic clade. https://www.reuters.com/world/asia-pacific/viruses-cambodian-bird-flu-cases-identified-endemic-clade-2023-02-26/