Шувууны томуу A(H5)-гаар үүсгэгдсэн хүний өвчлөл Эквадор улсад бүртгэгдлээ.
Энэ нь Эквадорын Боливар мужаас ирсэн есөн настай, ямар нэг хавсарсан өвчингүй охин байсан байна. Охинд 2022 оны 12-р сарын 25-нд нүдний салст загатнах, ханиалгах шинж тэмдэг илэрч, 12-р сарын 27-нд өвчтөнийг орон нутгийн эрүүл мэндийн төвд авчирч, эмчийн үзлэг хийж, эмчилгээ эхэлсэн байна.
12-р сарын 30-нд дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн менингитийн үеийн эмпирик эмчилгээг антибиотик болон халуун бууруулах эмчилгээгээр эхлүүлсэн. 2023 оны 1-р сарын 3-ны өдөр хүүхдийн биеийн байдал хүндэрч, үжлийн шоктойгоор хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, уушгины хатгалгааг эмчлэх вирусийн эсрэг эмчилгээ болон механик вентиляцид оруулсан байна.
1-р сарын 5-нд АЗЦХХ-ын тандалтын үйл ажиллагааны нэг хэсэг болох хамар залгиурын арчдасыг өвчтөнөөс цуглуулсан байна. 1-р сарын 7-ны өдөр урвуу транскриптаз-полимеразын гинжин урвал (RT-PCR)-аар томуугийн A(H5) вирус эерэг тодорхойлогдсон байна.
1-р сарын 17-ны байдлаар өвчтөн эмнэлэгт хэвтэн, тусгаарлагдсан, инвазив бус механик амьсгалын аппаратанд орсон байна.
Өвчний дэгдэлтэнд хийгдсэн тандалт судалгаагаар өвчтөнд өвчний шинж тэмдэг илрэхээс долоо хоногийн өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийнхэн нь шалтгаан тодорхой бус үхсэн шувуу олсон байна. Нэмэлт тархвар судлалын судалгаагаар тухайн айлын ойр орчинд хэд хэдэн шувуу (тахиа), нугас үхсэн болох нь тогтоогджээ.
Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ
Хүн, амьтны эрүүл мэндийн байгууллагууд нь дараах нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлсэн. Үүнд:
• Орон нутгийн шийдвэр баригчид гэр бүл, эрүүл мэндийн байгууллагад халдвар судлалын судалгаа хийж, өвчтөний хавьтал болсон хүмүүсийн хяналтыг хийсэн.
• Тухайн нутаг дэвсгэрт шувууны томуугийн голомтыг идэвхтэй илрүүлэх, хянах чиглэлээр Ургамал эрүүл ахуйн болон Газар тариалан, мал аж ахуйн яамдууд хамтран хяналтын газар салбар дундын хамтын үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн байна.
• Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн, шувуутай харьцсаны улмаас томуугийн сэжигтэй тохиолдлуудад өртсөн хүн амын дунд байнгын хяналт тавьсан.
• Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн дагуу эрсдэлт бүлгийн хүн амыг улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажил үргэлжилж байна.
• ТҮТ нь өвчтөний сорьцийг баталгаажуулах, шинж төрхийг тодорхойлуулахаар ДЭМБ-ын Лавлагаа төвд илгээгээд байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалж:
World Health Organization (18 January 2023). Disease Outbreak News; Human infection caused by avian influenza A(H5) - Ecuador. Available at www.who.int/emergencies/disease-outbreak-news/item/2023-DON434