Томуугийн үндэсний төв

Шувууны томуугийн А(H5N1) вирусийн 2.3.4.4b дэд хэвшинжийн тархалтын байдалд хийсэн эрсдэлийн үнэлгээний дүн

2021 оны сүүлчээс  эхлэн Хойд Америкийн улс орнуудад, 2022 оны намар Өмнөд Америкийн улс орнуудад шувууны томуугийн А(H5N1) вирусийн 2.3.4.4b дэд хэвшинж  тархаж эхэлсэн байна. Тухайн  вирусийн дэгдэлт нь ганцхан шувуудын дунд өвчлөл үүсгээд зогсохгүй хуурай газрын болон далайн хөхтөн амьтдын дунд тархаж ба хамгийн сүүлд Испани улсын усны булгын фермд дэгдэлт бүртгэгдсэн байна. 2020 оны байдлаар тус вирусийн халдвараар 6 хүн  өвчилсөн талаар ДЭМБ-д мэдээлэгдсэн байна.  

Вирусийн талаарх мэдээлэл:

А(H5N1) вирусийн 2.3.4.4b дэд хэвшинжээр үүсгэгдсэн  хүний өвчлөл

2020 онд А(H5N1) вирусийн 2.3.4.4b дэд хэвшинжээр  үүсгэгдсэн хүний өвчлөлийн 6 тохиолдол ДЭМБ-д мэдээлэгдсэний 2 тохиолдол нь Испани, 4 тохиолдол нь дараах 4 улсад бүртгэгдсэн байна. Үүнд: БНХАУ (1), Их-Британи (1), АНУ (1), Вьетнам (1) улс байна.

Европ, Хойд Америкт бүртгэгдсэн 4 тохиолдол нь шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвчилсөн ба АНУ-д бүртгэгдсэн нэг тохиолдолд зөвхөн ядрах, сульдах шинж тэмдэг илэрчээ. Харин БНХАУ-д бүртгэгдсэн 1 тохиолдол нь нас барсан,  Вьетнам улсад бүртгэгдсэн 1 тохиолдол нь эмнэлзүйн хүнд хэлбэрээр өвчилсөн байна. Бүх тохиолдлууд халдвар тархсан шувууны фермтэй тархварзүйн холбогдолтой байсан. Тохиолдлууд нь шувууны зах, фермд ажилладаг эсвэл дэгдэлт гарсан фермэд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх явцдаа халдварт өртсөн  байна.

Вирусийн геномын шинжилгээгээр хөхтөн амьтанд дасан зохицох болон вирусийн эсрэг нейраминидазын дарангуйлагч (оселтамивир гэх мэт) эсвэл эндонуклеаз дарангуйлагч эмэнд тэсвэртэй байдал ажиглагдаагүй байна. Одоогийн байгаа мэдээллээс харахад вирусийн гемаглютининий эсрэг хүний дархлаа маш бага хэмээн таамаглаж байна.

Амьтдын дундах халдвар:

Шувууны томуугийн А(H5N1) вирусийн 2.3.4.4b дэд хэвшинж нь газарзүйн хувьд өргөжин тархсаар байна. 2021-2022 онуудад Европ, Хойд Америкийн улс орнуудад тархаж, зэрлэг шувуудын дунд томоохон дэгдэлт үүсгэж, шувууд үй олноороо үхсэн байна. Мөн зэрлэг болон нүүдлийн шувууд нь тэжээвэр шувуудын дунд халдварыг тарааж эдийн засгийн хувьд томоохон гарз хохирол учруулсаар байна. Тархалт өргөжих тусам эмнэлзүйн янз бүрийн шинж тэмдэг үүсгэх чадвартай шинэ хэвшинжийн вирус бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна. Жишээлбэл ойрын хугацаанд бүртгэгдсэн зарим шинэ хэвшинжийн вирусууд нь хөхтөн амьтанд мэдрэлийн хамшинж бүхий халдварыг үүсгэсэн байна.

Одоогоор хөхтөн амьтдын дунд халдвар хэрхэн дамжин тархаж байгаа талаарх мэдээлэл хомс байгаа ба  дорго, хар баавгай, шилүүс, цөөвөр чоно, далайн гахай, өмхий хүрэн, үнэг, усны булга, булга, халиу, гахай, далайн хав гэх мэт 19 хөхтөн амьтад халдварт өртөж, амьтдаас авсан цөөн сорьцонд А(H5N1) вирус нь хөхтөн амьтанд дасан зохицох чадавхтай болсон байжээ. Энэ нь ихэвчлэн нэг хөхтөн амьтнаас нөгөө хөхтөн амьтанд халдвар дамжсан тохиолдолд үүссэн байна. Гэсэн хэдий ч одоогоор нэгээс нөгөөд дамжин тархах бүрэн чадвартай болсон талаарх  нотолгоо харьцангуй бага байна.

Вирусийн эсрэг вакцины омог:

ДЭМБ-ын Дэлхийн томуугийн тандалт, хариу арга хэмжээний тогтолцоогоор дамжуулан амьтны эрүүл мэнд, мал эмнэлгийн мэргэжилтнүүд мэдээллийг тогтмол солилцон хамтран ажиллаж байна. Одоогоор А(H5N1) вирусийн 2.3.4.4b дэд хэвшинжийн эсрэг вакцины омгийг гаргаж аваад байна.

Зөвлөмж:

Вирусийн тархалт амьтдын дунд өндөр байгаа, хүний өвчлөл бүртгэгдсэн зэрэгт үндэслэн халдварын тархалтыг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг эрчимжүүлэх, тандалтыг нэмэгдүүлэхийг гишүүн улс орнуудад анхааруулж, дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Дэлхийн томуугийн тандалт, хариу арга хэмжээний тогтолцооны гишүүн лабораториуд, Томуугийн үндэсний төвүүд нь бэлэн байдлыг хангаж, ялангуяа шувууны ферм, аж ахуй нэгж, зэрлэг болон тэжээвэр шувуудтай шууд харьцан ажилладаг иргэдийн дундах халдварын тандалтыг нэмэгдүүлж, халдварын хяналт сэргийлэлтийн арга хэмжээг эрчимжүүлэх
  • Хэрэв тэжээвэр шувууд болон шувуудтай шууд харьцан ажилладаг иргэнд амьсгалын замын халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шуурхай тусгаарлаж, хариу арга хэмжээг богино хугацаанд зохион байгуулах
  • Хэрэв шувууны томуугийн вирус илэрсэн тохиолдолд вирус судлалын мэдээллийг Томуугийн тандалт, хариу арга хэмжээний тогтолцоогоор шуурхай мэдээлж, лавлагаа лабораторид сорьцийг яаралтай хүргүүлэх, эрсдэлийн үнэлгээний дүнд үндэслэж хариу арга хэмжээг зохион байгуулах
  • Хүн болон амьтны эрүүл мэнд, мал эмнэлгийн хамтын ажиллагааг сайжруулж, мэдээллийг шуурхай солилцох
  • Иргэдийн дунд үхсэн шувуудын сэг, биологийн шингэнд шууд хүрэлцэхгүй байх, шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж хэрэглэх, хэрэв шувууд үй олноороо үхсэн тохиолдолд үйл явдалд суурилсан тандалтын тогтолцоогоор мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлэх, сургалт зохион байгуулах
  • Шувууны ферм, аж ахуй нэгжид халдвар хяналтын арга хэмжээг нэмэгдүүлэх, шувуу болон шувууны биологийн шингэнтэй шууд хүрэлцэхээс аль болох зайлсхийх талаар зөвлөмж, мэдээлэл хүргүүлэх

Нэмэлт мэдээллийг дараах эх үүсвэрээс дэлгэрүүлж авах боломжтой.  

1. Influenza at the human-animal interface Summary and risk assessment, from 6 October to 11 November 2022. Geneva: World Health Organization; 2022 (www.who.int/publications/m/item/influenza-at-the-human-animal-interface-summary-and-assessment-11-nov-2022, accessed 2 Dec 2022).

2. Avian Influenza A (H5N1) - Spain. Geneva: World Health Organization; 2022 (www.who.int/emergencies/disease-outbreak-news/item/2022-DON420, accessed 2 Dec 2022).

3. Influenza A (H5) - United Kingdom of Great Britain and Northern Ireland. Geneva: World Health Organization; 2022 (www.who.int/emergencies/disease-outbreak-news/item/influenza-a-(h5)---united-kingdom-of-great-britain-and-northern-ireland, accessed 2 Dec 2022).

4. Avian Influenza A (H5N1) - United States of America. Geneva: World Health Organization; 2022 (www.who.int/emergencies/disease-outbreak-news/item/2022-E000111, accessed 2 Dec 2022).

5. Rijks JM, Hesselink H, Lollinga P, Wesselman R, Prins P, Weesendorp E et al. Highly Pathogenic Avian Influenza A(H5N1) Virus in Wild Red Foxes, the Netherlands, 2021. Emerg Infect Dis. 2021;27:2960-2. doi: doi.org/10.3201/eid2711.211281.

6. Kandeil A, Patton C, Jones J, Jeevan T, Harrington W, Trifkovic S et al. Rapid evolution of A(H5N1) influenza viruses after intercontinental spread to North America. PREPRINT (Version 1) available at Research Square. 2022. doi: doi.org/10.21203/rs.3.rs-2136604/v1.

7. Pulit-Penaloza JA, Belser JA, Brock N, Thakur PB, Tumpey TM, Maines TR. Pathogenesis and Transmissibility of North American Highly Pathogenic Avian Influenza A(H5N1) Virus in Ferrets. Emerg Infect Dis. 2022;28:1913-5. doi: doi.org/10.3201/eid2809.220879.

8. Guidelines for the clinical management of severe illness from influenza virus infections. Geneva: World Health Organization; 2022 (apps.who.int/iris/handle/10665/352453, accessed 2 Dec 2022).

 

Эх үүсвэр: Assessment of risk associated with recent influenza A(H5N1) clade 2.3.4.4b viruses. www.who.int/publications/m/item/assessment-of-risk-associated-with-recent-influenza-a(h5n1)-clade-2.3.4.4b-viruses