Улирлын томуугийн A(H1N1)pdm09 вирус, түүний идэвхжил
АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс хийсэн судалгаагаар улирлын томуугийн A(H1N1)pdm09 вирус нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаант өвчлөл, эмнэлэгт хэвтэлт, нас баралтын үндсэн шалтгаануудын нэг болж, жилд дэлхий даяар 151,700-575,400 хүн уг вирусийн халдварын улмаас нас барсан гэж тооцоолжээ [2]. Уг вирусын халдварын эрсдэлтэй бүлэгт 5-аас доош насны хүүхдүүд, 65 болон түүнээс дээш насны хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, ДОХ зэрэг өвчний улмаас дархлаа суларсан хүмүүс, астма, зүрхний өвчин, чихрийн шижин, мэдрэл булчингийн архаг өвчтэй хүмүүс ордог байна [1].
Одоогоор дэлхий дахинд улирлын томуугийн вирусийн идэвхжил нэмэгдэж байна. Жишээлбэл Өмнөд болон Төв Америк, Европ, Зүүн болон Өмнөд Азин улс орнуудад томуугийн A(H3N2) вирус давамгайлж байгаа бол Төв Азийн орнуудад томуугийн A(H1N1)pdm09 болон томуугийн В вирусын идэвхжил ижил түвшинд байна. Казахстан, Узбекистан улсад томуугийн В вирус давамгайлж байгаа бол Киргизстан, Тажикистан, Оросын холбооны улсад улсад томуугийн A(H1N1)pdm09 давамгайлан орчилд байна [3]
Манай улсын хувьд ТТӨ-ий 51 дүгээр долоо хоногийн мэдээгээр нийт 86 сорьцонд шинжилгээ хийхэд 8 (9.3%) сорьцонд томуугийн А(H1N1)pdm вирус, 5 (5.8%) сорьцонд томуугийн В вирус, 1 (1.1%) сорьцонд томуугийн А(H3N2) вирус, 25 (29.0%) сорьцонд томуу төст өвчний үүсгэгч илэрсэн байна [4].
Урьдчилан сэргийлэх арга зам:
1. Улирлын томуугийн A(H1N1)pdm09 вирусээс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах хамгийн найдвартай аргын нэг бол улирлын томуугийн вакцинжуулалтанд хамрагдах явдал юм [1].
2. Олон хүнтэй газраар зорчихгүй байх, амын хаалт зүүх, гараа бохирлогдох бүрт угаах, дулаан хувцаслах, халуун бүлээн шингэн уух зэрэг энгийн аргуудыг тогтмол хэрэгжүүлэхийг ард иргэддээ зөвлөж байна.
Ном зүй
[1] T. N. Jilani, R. T. Jamil, and A. H. Siddiqui, “H1N1 Influenza,” 2018.
[2] CDC, “2009 H1N1 Pandemic (H1N1pdm09 virus).”
[3] W. H. O. Influenza, FluNet summary. 2019.
[4] Томуугийн үндэсний нэгж, “Томуу, томуу төст өвчний 51 дүгээр долоо хоногийн мэдээ.”