ТОМУУГИЙН ҮНДЭСНИЙ ЕСДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН БОЛЛОО
Томуугийн үндэсний 9 дүгээр зөвлөлгөөний нээлтэнд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан, ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, доктор, профессор, П.Нямдаваа нар оролцож үг хэллээ. Тэд хэлсэн үгэндээ:
“Манай улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цартахал бүртгэгдсэнээс хойшхи 2 жил орчим хугацаанд хүн ам, эрүүл мэндийн салбарт томоохон дарамт учруулдаг томуу, амьсгалын замын синцитиаль вирус орчилд ороогүй томуу төст өвчний идэвхжил өмнөх томуугийн улирлуудтай харьцуулахад бага түвшинд байж, томуу төст өвчнийг үүсгэгч рино, адено, иж томуу, улирлын корона зэрэг амьсгалын замын цочмог халдварыг үүсгэгч вирусууд КОВИД-19 өвчний үүсгэгчтэй зэрэгцэн орчилд байсан.
ТТӨ буюу АЗЦХХ бол дэлхий дахинд болон манай улсад хүн амын өвчлөл, эмнэлэгт хэвтэлтийн дийлэнхийг бүрдүүлдэг, ялангуяа бага насны хүүхдүүд хүндрэх голлох шалтгаан болдог бүлэг өвчин ба цаашид КОВИД-19 өвчний үүсгэгч вирустай зэрэгцэн орчилд байсан тохиолдолд хүн амын дунд, ялангуяа эрүүл мэндийн салбарт ирэх ачаалал 2 дахин нэмэгдэх хандлагатай байна.
Манай улсад хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой 2021 оны 10 дугаар сарын дунд үеэс эхлэн томуу төст өвчнийг үүсгэгч вирусууд КОВИД-19 өвчний үүсгэгчтэй зэрэгцэн хүн амын дунд орчилд орж, ялангуяа 4 хүртэлх насныхны дунд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол нэмэгдэж байна” гэв.
Томуугийн Үндэсний зөвлөлгөөнд эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эмч, эрдэмтэн, судлаачид оролцож олон сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ. Жишээлбэл ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ы доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан “КОВИД-19 халдвар болон вакцинжуулалтын дараах дархлаа тогтцыг тодорхойлсон дүн”, АУ-ы доктор, Клиникийн профессор, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн ерөнхий зөвлөх эмч Ш.Энхтөр “Аливаа шалтгаант ТТӨ -ий үед тохиолддог зонхилох хүндрэлүүдийн оношилгоо ба эрчимт эмчилгээний зарчим”, ХӨСҮТ-ийн ВСЛ-ийн судлаач, АУ-ы доктор Г.Цогзолмаа “Вакцины хос тун, дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараах Ковид 19 шинэ тохиолдлын судалгаа”, ХӨСҮТ-ийн ТҮН-ийн дарга, АУ-ы доктор А.Бурмаа “ТТӨ, томуугийн болзошгүй цартахлын үеийн бэлэн байдал хариу арга хэмжээ, тушаал, журам, цаашид анхаарах асуудал”, ХӨСҮТ-ийн ТҮН-ийн халдвар судлагч их эмч, НЭМ-ийн удирдлагын магистр Ч. Уртнасан “Томуу, томуу төст өвчний цаашдын хандлага, хариу арга хэмжээний төлөвлөлт” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалтанд жил бүр хамрагдах бөгөөд тус томуугийн улиралд нийт 360,600 хүн тун вакцинаар улсын хэмжээнд 2-11 хүртэлх насны хүүхдүүдийн 50 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 15 хувийг вакцинжуулахаар зорьж, амжилттай зохион байгуулж дуусаад байна. Үүнээс гадна энгийн сэргийлэлтийн арга хэмжээ болох амны хаалтаа тогтмол зүүх, гараа угаах, зай барих, аль болох олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй зэрэг нь халдвар дамжин тархахаас сэргийлэх үр дүнтэй арга бөгөөд ард иргэддээ энэ арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхийг хурлын оролцогсдын зүгээс уриалж байна.