“Вирүс судлалын тулгамдсан асуудал” үндэсний арваннайм дугаар бага хурал боллоо
Тус хурлыг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал АУ-ны доктор, Дэд профессор Ц.Билэгтсайхан, АШУ-ны доктор, профессор, академич П.Нямдаваа нар үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.
Эхний хуралдаанд МВСН-ийн дэд тэргүүн академч, БШУ-ны доктор, профессор Ж.Оюунбилэг “КОВИД-19 ба вакцин”, Автрали улсын Мельбурн хот дахь Мурдохын Хүүхдийн Судалгааны Хүрээлэнгийн Профессор Ким Мулхолланд “КОВИД-19-ийн дэлхийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл”, Oлон улсын харилцааны хэлтсийн захирал Южин Жонг “КОВИД-19 ба цар тахлын эсрэг БНСУ-д авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ ба туршлага” сэдэвт лекцүүд танилцуулж оролцогчид асуулт асууж, саналаа солилцов. Хуралд нийт 110 гаруй эрдэмтэн, судлаачид оролцсоноос Монгол улс, БНСУ, Австрали зэрэг улсаас 34 судлаач судалгааны ажлынхаа үр дүнг танилцуулахаар ирүүлж 13-н аман илтгэл, 21-н ханын илтгэл хэлэлцэгдэв.
Аман илтгэлээр нэгдүгээр байрт Чорос-Онош ХХК-ны захирал АУ-ы доктор Ж.Зандраагийн “SARS-COV-2 илрүүлэх урвуу транскрипцын полимеразын гинжин урвалын оношлуур гаргаж, үр дүнг баталгаажуулсан нь”, хоёрдугаар байрт Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагч АУ-ы доктор Б.Уянгын “Монгол Улсад КОВИД-19 халдвар хүнээс амьтанд дамжсан тохиолдол”, гуравдураар байрт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биохимич Б.Номингийн “А хепатитийн өвөрмөц иммуноглобулины үйлдвэрлэлд хроматографийн аргыг хэрэглэсэн үр дүн”, тусгай байрт ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Биотехнологич Б.Туулын “SARS-COV-2 вирүсийн эсрэг эсрэгбие илрүүлэх нуклеокапсид уурагт сууриласан фермент холбоот эсрэгбиеийн урвалын цомгийн судалгаа” сэдэвт илтгэл шалгарсан бол ханы илтгэлүүдээс нэгдүгээр байрт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн вирүс судлаач С.Анхбаярын “КОВИД-19 халдварын улмаас эмчлүүлэгчдийн дунд SARS-CoV-2 нуклейн хүчлийн илрэлт ба халдварын эсрэг өвөрмөц дархлаа тогтоц, эмнэлзүйг судалсан дүн”, хоёрдугаар байрт АШУҮИС, Халдварт өвчин судлалын тэнхимийн багш АУ-ы магистр Б.Мөнх-Ундрахын “Хүүхдийн КОВИД-19-ийн эмнэлзүйн илрэл”, гуравдугаар байрт Интермед Эмнэлэгийн эмч Э.Мөнхтуяагийн “SARS-COV-2-ийн өвөрмөц мутацийг бодит хугацааны урвуу транскрипцийн полимеразын гинжин урвалын аргаар илрүүлсэн дүн”, тусгай байрт Гялс АУТ-ийн Био-Анагаахын мэргэжилтэн АУ-ын магистр Б.Намуунзулын “ Хепатит В вирүс (ХБВ)-ын ачаалал тодорхойлсон хүмүүсээс хепатит В вирүсийн Е эсрэгтөрөгч болон эсрэгбие илрүүлсэн дүн” илтгэл тус тус шалгарлаа.
Зураг 2. МВСН-ийн дэд тэргүүн академич, БШУ-ны доктор, профессор Ж.Оюунбилэг “КОВИД-19 ба вакцин” сэдэвт лекц уншиж буй нь
Зураг 3. Вирүс судлалын тулгамдсан асуудал” үндэсний арваннайм дугаар бага хуралд халдварт өвчний чиглэлийн судалгаа хийдэг эрдэмтэд, судлаачид идэвхитэй оролцлоо.
Зураг 4. Хурлын үеэр судлаачид сонирхсон асуудлуудаар санал солилцож цаашдын судалгааны ажлын чиглэл, санаа, зорилгоо ярилцаж мэдлэгээ зузаатгав.
Зураг 5. Зүүн гар талаас ЭМЯ-ны хэлтсийн дарга, АУ-ны доктор, дэд профессор Л.Энхсайхан, АШУ-ны доктор, профессор, академич, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан П.Нямдаваа, АУ-ны доктор, профессор, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Н.Цэнд, АШУҮИС-ийн Халдвартын тэнхимийн багш АУ-ны доктор, Гавьяат багш Я.Дагвадорж
Зураг 6. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Ц.Билэгтсайхан ‘КОВИД-19 халдвар болон вакцинжуулалтын дараах дархлаа тогтцыг тодорхойлсон дүн” сэдэвт илтгэл танилцуулж буй нь.