“КОВИД-19 болон Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн бэлэн байдал, томуугийн хурдавчилсан оношлогоо” сэдэвт 3 өдрийн сургалт боллоо
Сургалтыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн нээж ТТӨ-с сэргийлэх, тэмцэх үйл ажиллагааны менежмент ба төлөвлөлт сэдвийн хүрээнд илтгэл тавьж тухайн сургалт нь цаг үеэ олсон сургалт болж байгааг онцолж, амжилт хүссэн.
Сургалтын эхний хагаст Монгол улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин (ТТӨ)-ий тархвар судлалын болон вирүс судлалын тандалт, ТТӨ-ий дэгдэлт болон болзошгүй цартахлын үеийн бэлэн байдал, урьдчилан сэргийлэлт, “COVID-19” цартахлын талаар Дэлхийд болон Монголд баримталж буй бичиг баримт, өнөөгийн дүр зураг, онцлог, Монгол улсад 2019-2020 онд өвчлөл үүсгэсэн томуугийн вирүсийн шинж төрх, ТТӨ үүсгэгчдийн лабораторит суурилсан тандалтын талаар мэдээлэл өгөв.
Мөн сургалтын үеэр томуугийн түргэвчилсэн оношлуур хэрэглэх арга, аргачлалын талаар мэдээлэл өгч, нийт оролцогчдыг 3 бүлэг болгон хувааж, КОВИД-19 болон ТТӨ-ийн үед амьсгалын замаас сорьц авах, хадгалах тээвэрлэх гардан үйлдэл, дадлага сургалтыг зохион байгуулж оролцогчид идэвхтэй ажиллалаа.
Анхан шатлалд буюу өрхийн эмнэлэгт томуу, ТТӨ-ий шалтгаанаар ирж үйлчлүүлсэн хүмүүсийг түргэвчилсэн оношлуураар шинжилж холбогдох тусламжийг үзүүлэх нь, тухайн түвшиндөө томуугийн хүндрэл болон халдварын тархалтыг хянаж болох давуу талтай. Тиймээс энэ жил томуу, ТТӨ-тэй тэмцэх чиглэлээр эрүүл мэндийн салбараас хэрэгжүүлж байгаа бодлогын онцлог нь анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдийг чадавхжуулах байдлаар дүүрэг, ЭХЭМҮТ-ийн ачааллыг бууруулахад чиглэж байгаа талаар танилцуулав.