ТОМУУГИЙН ЦАРТАХЛЫГ ХЯЗГААРЛАХ, ШУУРХАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ “ПАН СТОП” ШИРЭЭНИЙ ДАСГАЛ СУРГУУЛИЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Томуугийн цартахал нь урьдчилан таамаглах боломжгүй, дэлхий дахинд эрүүл мэндийн болон эдийн засгийн ноцтой үр дагавар үүсгэдэг. 2009 онд томуугийн А (Н1N1) вирүсийн шалтгаант 21 дүгээр зууны анхны цартахал гарч, дунджаар 1,8 сая хүн халдварт өртөж, 400 мянга гаруй хүн нас барсан.
Томуугийн цартахлыг хохирол багатай даван туулах, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ, нөхөн сэргээх үйл ажиллагааг цогцоор нь авч хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нэн шаардлагатай байна.
Томуугийн цартахлын дэгдэлтийн үед мэдээллийг шуурхай дамжуулах, эрсдэлийн зэргийг үнэлэх хамтарсан хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, салбар хоорондын байгууллагуудын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зорилгоор томуугийн цартахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид 2018 оны 10 дугаар сарын 30-31-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус ширээний дасгалт сургуулилтыг ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулсан бөгөөд нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нар оролцож үг хэллээ.
Дасгал сургуулилтад ЭМЯ-ны Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Шуурхай удирдлагын нэгжийн эмч мэргэжилтнүүд, ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын газрын болон Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн албан хаагчид, Зооноз судлалын Үндэсний төвийн Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Дорнод, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын албаны холбогдох мэргэжилтнүүд оролцов.
Тус сургуулилтыг ширээний дасгал сургалтаас гадна онлайнаар 7 аймгийг хамруулан зохион байгуулж салбар хоорондын байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхижуулсан үр дүнтэй сургалт боллоо.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Томуугийн цартахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан-стоп” ширээний дасгал сургуулилалтад оролцсон ДЭМБ-ын зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр ДЭМБ-ын зөвлөхүүд хэлэхдээ Томуугийн цартахлын дэгдэлтийн үед мэдээллийг шуурхай дамжуулах, солилцох, эрсдлийн зэргийг үнэлэх, эрсдлийн үеийн харилцаа холбоог идэвхжүүлэх, шуурхай шийдвэр гаргах, хамтарсан хариу арга хэмжээг цаг алдалгүй авах салбар хоорондын байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр монгол улс загвар орон болсоныг тэмдэглээд цаашид вирүсийн эсрэг эм бэлдмэлийг нөөцлөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.