Шувууны томуугийн A (H7N9) вирүст хүний халдварын тохиолдол – БНХАУ
Тохиолдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл
Тохиолдол нь 72 настай, эрэгтэй, өвчний эмнэлзүйн шинж тэмдэг 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр эхэлсэн, 2 дугаар сарын 10-ны өдөр нас барсан байна. Тохиолдол нь амьд шувууны захтай тархвар судлалын холбогдолтой байжээ. Голомтолсон өвчлөлийн тохиолдол мэдээлэгдээгүй байна.
БНХАУ-ын засгийн газраас өмнө хийгдсэн эрсдэлийн үнэлгээ болон дэгдэлтийн нөхцөл байдал дээр тулгуурлан цаашид тус вирүст халдварын тохиолдол алаг цоог хэлбэрээр гарсаар байх болно хэмээн үнэлсэн байна.
2013 оноос хойш одоогийн байдлаар БНХАУ-д лабораториор батлагдсан шувууны томуугийн A (H7N9) вирүст хүний халдварын 1,566 тохиолдол бүртгэгдээд байна.
Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ
Хятад улсын засгийн газраас үндэсний болон орон нутгийн түвшинд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
- Мужуудад халдварын хяналт, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг бэхжүүлэх, эрсдэлийн үнэлгээг хийх сайжруулах талаар цахим хурал хийн, мэргэжил, аргазүй, удирдлагаар ханган ажиллаж байна.
- Шувууны зах болон бүс дамжуулан худалдаж байгаа шувууны худалдааны үйл ажиллагаан дээр эрүүл ахуйн хяналтын үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлж байна.
- Халдварын эх уурхайг тогтоох тандалт судлагааг хийж байна.
- Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн хүний халдварын тохиолдлыг эрт илрүүлэх, нас баралтыг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
- Олон нийтийн эрсдлийн үеийн харилцааг нэмэгдүүлж, хувь хүн өөрсдөө халдвараас хэрхэн сэргийлэх арга хэмжээний талаар мэдээллийг ард иргэдэд идэвхтэй хүргэж байна.
- Вирүс судлалын тандалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
ДЭМБ-аас хийсэн эрсдэлийн үнэлгээ
Эрсдэлийн үнэлгээ:
1. Шувууны томуугийн A(H7N9) вирүсийн хүний халдвар цаашид гарах хандлагатай юу? Халдвар авсан ихэнх тохиолдол халдвартай шувуутай шууд харьцах эсвэл вирүсээр бохирлогдсон орчинд хүрэлцсэн, мөн шувууны арилжаа эрхэлдэг байна. Вирүс мал, амьтан болон хүрээлэн буй орчинд нэгэнт оршиж байгаа учраас цаашид хүний халдварын тохиолдол гарсаар байна.
2. Шувууны томуугийн A(H7N9) вирүс хүнээс хүнд халдварладаг уу? Халдвар хүнээс хүнд тогтвортой дамжих байдал бага байна.
3. Жуулчдаар дамжин олон улсад тархах эрсдэл байгаа эсэх? Боломжтой. Халдвар авсан хүн олон улсаар аялсан, өөр улсад халдвар авсан болох нь батлагдаж болно. Гэвч одоогийн байдлаар тус вирүсүүд хүнээс хүнд тогтвортой дамжин халдварлаж байгаа талаар нотолгоо байхгүй байна.
ДЭМБ-аас гаргасан зөвлөмж:
1. Шаардлагагүй тохиолдолд халдвар бүртгэгдэж байгаа газар нутгаар зорчихгүй байх.
2. Аялагчид халдвар бүртгэгдсэн улс оронд байгаа тохиолдолд шувууны ферм, худалдааны газраар зорчихоос зайлсхийх, амьтан болон бохирлогдсон эд зүйлстэй шууд хүрэлцэхгүй байх, гараа тогтмол савандаж угаах, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх.
3. Томуугийн эпидемиологи, вирүс судлал, эмнэлзүйн тандалтыг эрчимжүүлэх, тогтмол хийх, ялангуяа одоо эргэлтэнд байгаа вирүсийг анхаарч ажиллах.
4. Томуугийн шинэ вирүсийн халдварыг ОУЭМД-ийн дагуу яаралтай бүртгэн, ДЭМБ-д шуурхай мэдээлэх.
Эх үүсвэр: IHR pocal point-ийн хаягаар ирсэн мэдээлэл