Томуугийн үндэсний төв

Шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын голомтолсон тохиолдын судалгаа, БНХАУ, 2013-2017 он

БНХАУ-ын ӨХСТ нь 2013 оны 2 дугаар сарын 1-нээс 2017 оны 7 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд бүртгэгдэж, лабораториор батлагдсан шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын тохиолдлуудад бичиглэл судалгааг хийсэн байна. Мөн 5 дахь дэгдэлтийн голомтолсон өвчлөлийг өмнөх 4 дэгдэлтийн голомтолсон өвчлөлийн шинж байдалтай харьцуулан үзсэн ба дараах шинж тэмдгүүдэд дүн шинжилгээ хийжээ. Үүнд: голомтын тоо, голомт бүр дэх тохиолдлын тоо, тохиолдлын нас, хүйс, архаг хууч өвчин, эмнэлэгт хэвтсэн хугацаа, вирүсийн эсрэг эмийн эмчилгээ, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлсэн байдал, зохиомол амьсгалын аппаратанд орсон байдал, нас баралт. Мөн ганц нэгээр бүртгэгдсэн тохилддлыг голомтолсон өвчлөлийн тохиолдолтой харьцуулан судалсан байна. Голомтын анхдагч тохиолдолтой холбоотой 2 дахь тохиолдлууд нь шувууны фермтэй ямар нэг холбоогүй байсан учраас, голомтолсон өвчлөлийн тохиолдлуудын дунд хүнээс хүнд халдвар дамжсан эсэхийг судлан тогтоохыг зорьсон байна.

2013 оны 2 дугаар сараас хойш 2017 оны 7 дугаар сарын 30-ны байдлаар нийт шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын 1,524 тохиолдол, үүний дотор 84 тохиолдол бүхий 40 голомт бүртгэгдсэн байна. Ихэнх тохиолдлууд өмнөд болон зүүн Хятадын мужуудаас бүртгэгджээ. Шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын 5 дахь дэгдэлтэнд нийт 14 голомт, өмнөх 4 дэгдэлтийн үед 4-11 голомт бүртгэгдсэн байна. 5 дахь дэгдэлтийн 14 голомт нь 29 тохиолдолтой, өмнөх дэгдэлтүүдийн голомт 8-23 тохиолдолтой байна. Мөн 5 дахь дэгдэлтийн 14 голомтын 13 (93%) нь тус бүр 2, 1 голомт нь 3 тохиолдолтой байжээ. Харин өмнөх дэгдэлтийн голомтуудын 23 (88%) нь 2, 3 нь 3 тохиолдолтой байсан байна. Нийт 40 голомтын 14 (35%) нь хүнээс хүнд халдвар дамжсан байх магадлалтай, 26 (65%) нь хүнээс хүнд халдвар дамжсан байж болзошгүй байна.

2013-аас 2017 оны хооронд бүртгэгдсэн хүнээс хүнд халдвар дамжсан байж болзошгүй 14 тохиолдлын 4 нь эхний тохиолдлын гэртэй, 10 нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой байна. Эхний болон хоёр дахь халдваруудын хооронд нас, хүйс, архаг хууч өвчин, эмнэлэгт хэвтэлтийн хувь болон вирүсийн эсрэг эмчилгээний хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа байхгүй байсан байна.

Дүгнэлт

2013-аас 2017 оны хооронд бүртгэгдсэн тохиолдлуудад хийсэн дүн шинжилгээнээс харахад шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын хүнээс хүнд халдвар дамжин тархах байдалд ямар нэг өөрчлөлт ороогүй байна. Шувууны томуугийн A(H7N9) вирүст хүний халдварын 5 дахь дэгдэлтийн тохиолдлын огцом ихсэлт нь цаашид тэжээвэр шувуудаас хүнд халдвар дамжих байдал зогсохгүй үргэлжлэх болно гэдгийг харуулж байна. Мөн эрүүл мэндийн байгууллагад хоёрдогч халдвар гарсан нь халдварын хяналт сэргийлэлтийн арга хэмжээг чандлан баримтлах, агаар дуслын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.