“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд“ үндэсний ХVI бага хурал боллоо
Энэ удаагийн хурлыг Вирүс Судлалын Монголын Нийгэмлэг, Монголын Ангаах Ухааны Академи, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв, Мал Эмнэлгийн Хүрээлэн, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв хамтран зохион байгуулав. Хурлын үйл ажиллагааг “Гялс” анагаах ухааны төв, “Итгэл “ лаборатори, “Илдэнгүнхошуу” ХХК, ХӨСҮТ-ийн вирүс судлалын лаборатори, Монголын халдвартын эмч нарын нийгэмлэг, ШУА-ийн Биологийн хүрээлэн ивээн тэтгэж оролцов. Хуралд Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч АУ-ны доктор дэд проф М.Алтанхүү “Академич П.Нямдаваагийн эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ ШУ-нд оруулсан хувь нэмэр ”, ХБНГУ-ын Вэстфалийн Вильxелмийн Их сургуулийн вирүс судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Анхлан “Томуугийн вирүсийн эмгэг төрүүлэгч детерминантууд - хемагглютининий нөлөө” , Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч академич Ж.Оюунбилэг “Хепатит вирүст халдварын асуудал: Дэлхий дахинд ба Монгол улсад” сэдвүүдээр лекц уншлаа.
Хуралд 12 судлаач аман илтгэл хэлэлцүүлснээс 1-р байр ШУАБХ-ийн судлаач Г.Лхагвасүрэн нарын “Монгол адуун дахь хепасивирусын (nphv) тархалт”, 2-р байр НЭМҮТ-ийн судлаач Н.Цогтбаатар нарын “Монголд гарган авсан рекомбинант альфа-2b интерфероны вирүсийн эсрэг идэвхийг тогтоосон дүн”, 3-р байр ЗӨСҮТ-ийн судлаач Б.Уянга нарын “Булган аймагт 2017 онд бүртгэгдсэн хачигт энцефалитын асуудалд” илтгэл, 14 судлаач ханын илтгэлээр оролцсоноос 1-р байр ХӨСҮТ-ийн судлаач З.Сэцэн нарын “Монголд бүртгэгдсэн ХДХВ-1-ийн молекул эпидемиолгийн судалгаа, 2013-2016”, 2-р байр МЭХ-ийн судлаач Б.Болдбаатар нарын “Улаанбаатар хотод гарсан хонины цэцэг өвчний шинжилгээний дүн”, 3-р байр НЭМҮТ-ийн судлаач С.Ариунтөгс нарын “Полиовирүсийн лабораторийн тандалтын үр дүн” илтгэл тус тус шилдэгээр шалгарлаа
Хурлын төгсгөлд Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал болж, нийгэмлэгээс 2015-2017 онд хийсэн ажлын тайланг Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал АУ-ны доктор, Б.Дармаа, хяналтын зөвлөлийн илтгэлийг Нийгэмлэгийн хяналтын зөвлөлийн гишүүн Б.Ичинхорлоо нар танилцуулж, гишүүд санал бодлоо солилцов. Тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгчөөр академич П.Нямдаваа, нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр АУ-ны доктор Б.Дармаа, дэд ерөнхийлөгчөөр академич Ж Оюунбилэг, МЭУ-ны доктор Б.Болдбаатар, гүйцэтгэх захирлаар АУ-ны магистр Г.Нямааа, нарийн бичгийн даргаар АУ-ны магистр Ш.Мягмарсүрэн нийгэмлэгийн хяналтын зөвлөлийн даргаар БУ-ны доктор Д.Цэрэнноров нарыг тус тус сонгож батлав.