Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн халдварын тандалтын судалгааны дүнгээс
Хүн амын дархлаа:
Нийт хүн амын дунд 2011 - 2013 оны хооронд хийсэн ийлдэс судлалын судалгаагаар A (H7) вирүсийн эсрэг хүн амын дархлалын түвшин тэг буюу маш бага хэмээн тогтоогдсон байна. 2011-2013 онд тэжээвэр шувуудтай харьцан ажилладаг ажилчдаас цуглуулсан сорьцонд 7% орчимд нь вирүс эерэг тодорхойлогдсон байна. 2015-2016 онд Хятад улсын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс сонгогдсон 31 мужийн тэжээвэр шувуудын фермийн ажилчдаас 191 сорьц цуглуулсан ба ДЭМБ-ын лавлагаа төв болон Хятад улсын ӨХСТ-д шинжлэхэд A (H7N9) вирүсийн эсрэгбие 26 (0.17%)-д нь эерэг тодорхойлогдсон байна.
Өвчний хүндрэл:
Шувууны томуугийн A (H7N9) вирүсийн халдвар авсан ихэнх хүмүүст өндөр халуурах, ханиалгах, амьсгал давчдах, уушгины хатгалгаа болох зэрэг эмнэлзүйн шинжүүд илэрсэн байна. Амьсгалын эрхтэн тогтолцооны хурц дутагдал, үжлийн шок, олон эрхтэн системийн дуталд орох зэрэг хүндрэлүүд илэрчээ. Архаг хууч өвчтэй, жирэмсэн, өндөр настай хүмүүс илүү хурдан хүндрэх, нас барах эрсдэлтэй байна. Шинж тэмдэггүй болон хөнгөн эмнэлзүйн шинж тэмдэг ихэнх тохиолдлуудад илэрсэн ба одоогоор суурь үзүүлэлт нь тодорхой бус байна.
Вирүс судлал:
Өмнөх 4 давалгааны вирүс судлалын тандалтын мэдээлэл хэвлэгдэн гарсан байгаа. 5 дахь давалгааны хувьд 2016 оны 10 дугаар сарын 1-нээс хойш 83 генийн дарааллыг бүрэн судалсан байна: 2 нь Гуандун мужийн амьд шувууны захын эд зүйлсээс, 81 нь халдвар авсан хүнээс цуглуулсан сорьцноос ялган авсан A (H7N9) вирүс байжээ. Пилогенетикийн шинжилгээгээр өмнө нь мэдээлэгдэж байсан A (H7N9) болон A (H9N2) вирүстэй ижил болохыг харуулсан байна.
Хятад болон Хонг-Конг улсад хийсэн хамгийн сүүлийн үеийн шинжилгээгээр вирүсийн генийн өөрчлөлт илрээгүй байна.
Халдвар дамжин тархах зам:
2013 оноос хойш хийгдэж байгаа тандалт судалгаагаар шувууны томуугийн A (H7N9) вирүс шууд хавьтлаар амархан дамжин халдварладаг болохыг харуулсан байна.
Дүгнэлт:
Одоогийн байгаа мэдээлэл дээрээс дүгнэн үзвэл шувууны томуугийн A (H7N9) вирүс нь хүнээс хүнд тогтвортой дамжин халдварлаж байгаа тухай нотолгоо байхгүй, тархвар судлал, эмнэлзүйн ямар нэг өөрчлөлт илрээгүй байна. Хүрээлэн буй орчинд тухайн вирүс илэрч байгаа тохиолдолд хүний халдварын тохиолдол цаашид бүртгэгдсээр байх болно.
ДЭМБ Дэлхийн томуугийн тандалт, хариу арга хэмжээний сүлжээгээр дамжуулан, ДАЭМБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран цаашдын хяналтыг хийх болно. Хятад улсын үндэсний баяр болох Хятадын шинэ жил болж байгаатай холбогдуулан хүнсэнд шувууны махны хэрэглээ нэмэгдэх ба энэ нь шувууны томуугийн вирүсийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж болох юм.
Эх үүсвэр: http://www.who.int/influenza/human_animal_interface/avian_influenza/riskassessment_AH7N9_201702/en/