Улирлын томуу
Халдвар дамжин тархах
Улирлын томуугийн халдвар сургууль, асрах төв, цэцэрлэг, олон нийтийн газруудад хурдан тархдаг. Томуугаар өвчилсөн хүний ханиах, найтаах үед вирүс агуулсан дуслууд агаарт цацагдаж, агаараар бусдад дамждаг. Мөн вирүс бохир гараар дамждаг. Иймээс халдвар тархахаас сэргийлэхийн тулд ханиахдаа ам, хамраа сальпетка эсвэл алчуураараа таглаж байх; гараа угааж занших нь зүйтэй.
Улирлын томуугийн вирүс нь хүйтэн сэрүүний улиралтай улс оронд өвлийн улиралд, харин халуун бүсийн орнуудад жилийн турш өвчлөл үүсгэдэг. Халдварлалтын түвшин насанд хүрэгчдэд 5%-10%, хүүхдэд 20%-30% байдаг. Томуугийн улмаас эмнэлэгт хэвтэлтийн зонхилох хувийг бага насны хүүхэд, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс эзэлдэг бөгөөд дэлхий нийтэд жил бүр 3-5 сая хүн хүнд хэлбэрийн томуугаар өвчилдөг гэж ДЭМБ-ын мэдээнд байна.
Сэргийлэлт
Томуугаар өвчлөхгүй байх, хүндрэлээс сэргийлэх гол арга бол вакцин. Хүн төрөлхтөн томуугийн эсрэг вакциныг 60 гаруй жил хэрэглэж байна. Эрүүл хүмүүст томуугийн вакцины үр дүн сайн, харин өндөр настануудад вакцины хамгаалах нөлөө ялимгүй буурдаг гэсэн судалгаа байдаг боловч өвчний явцыг хөнгөн байлгах, хүндрэлээс сэргийлэх гол арга юм. Улирлын томуугийн халдвараар хүндэрч болзошгүй эрсдэлт бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулахыг ДЭМБ зөвлөмжид дурьджээ.
Үүнд:
- Жирэмсэн эмэгтэйчүүд
- 6 сартайгаас 5 хүртэлхи насны хүүхдүүд
- 65-аас дээш насны хүмүүс
- Архаг, суурь өвчтэй хүмүүс
- Эмнэлгийн ажилчидыг жил бүр томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулахыг зөвлөсөн.
Улирлын томуугийн вирүс нь маш хурдан хувьсан өөрчлөгдөж жил бүр дэгдэлт үүсгэдэг тул ДЭМБ-аас жил бүр вакцины вирүсийг хүн амын дунд эргэлтэнд байгаа омгийн эсрэг аль болох үр дүнтэй байх бүхий л шалгуурыг ханган сонгодог. Ингэж жил бүр вакцины омог сонгохын тулд томуугийн тандалтын дэлхий нийтийн сүлжээ ажиллаж улирлын томуугийн вирүсийн хувьсал өөрчлөлтийг тогтмол хянаж байдаг. Монгол улсын томуугийн тандалтын үндэснийн сүлжээ тогтмол ажиллаж ДЭМБ-ын томуугийн сүлжээнд мэдээлэлээ өгч хэмтрэн ажилладаг (http://gamapserver.who.int/gareports/Default.aspx?ReportNo=1&CountryCode=MN ). Улирлын томуугийн вакцин нь найрлагандаа томуугийн 3 төрлийн вирүс(A(H3N2); A(H1N1)pdm2009; B хэвшинжийн вирүс) агуулсан 3 цэнт вакцин байдаг.
Эмчилгээ
Томуугийн А ба В хэвшинжийн вирүсийн эсрэг үйлдэлтэй нейроаминидазын ингибиторын төрлийн эмүүдийг улс орнууд эмийн бүртгэлдээ оруулж хэрэглэж байгаагийн дотор Тамифлю/Tamiflu нэлээд түгээмэл хэрэглэдэг эм юм.
Тамифлюг хэдий эрт хэрэглэж эхлэвэл эмчилгээний үр дүн төдий сайн. Томуугийн анхны шинж тэмдэг илэрснээс хойш 36-48 цагийн дотор хэрэглэж чадвал өвчний явц богиносож, хүндрэлийг хүүхэд, насанд хүрэгсдэд нэгэн адил бууруулдаг. Гэнхдээ Тамифлю бол томуугийн халдварыг эмчлэх цорын ганц арга биш учраас томуу хүндэрч эмнэлэгт хэвтсэн үед Тамифлюг дангаар нь хэрэглэхгүй, харин эмгэг жамын болон шинж тэмдгийн бусад эмчилгээтэй хавсарна. Томуугийн вирүсийн эсрэг эмийн бодисыг хэрэглэх явцад уг вирүс эмийн бодист тэсвэржиж, эмэнд тэсвэржсэн вирүс тархах эрсдэлтэйг анхаарч эмчилгээ, урьдчилан сэргийлэх заалтаар хэрэглэхдээ зааврыг даган мөрдөх нь чухал. Дэлхийн улс орнууд томуугийн вирүсийн хувьсал, эмийн бодист тэсвэржилтийн тандалтыг нэгэн зэрэг хийж мэдээлэл солилцон хянаж байдаг.
Эх сурвалж: http://www.who.int/influenza/gisrs_laboratory/flunet/en/