“Вирүс Судлалын Тулгамдсан Асуудлууд” үндэсний 15 дугаар бага хурал боллоо
Энэ удаагийн хурлыг Вирүс Судлалын Монголын Нийгэмлэг, Монголын Ангаах Ухааны Академи, Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Зоонозын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв хамтран зохион байгуулав. Хурлын үйл ажиллагааг “Гялс” анагаах ухааны төв, “GILEAD”, “Онкоген “ лаборатори ивээн тэтгэж оролцов. Хуралд Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, академич П.Нямдаваа “Монгол улсад вирүст хепатитийн тахалт тархалтыг таслан зогсоох боломж”, Япон улсын Тохокугийн Их Сургуулийн Вирүс судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Х.Ошитани “Эбола вирүст халдвар, ойрхи дорнодын амьсгалын хамшинж зэрэг сүүлийн үед бүртгэгдэж буй шинэ, сэргэж буй халдварт өвчний тухай”, АНУ-ын Дюкийн их сургуулийн профессор Г.Грей “Нэг эрүүл мэнд” хөтөлбөр Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх гарц”, ХБНГУ-ын Вэстфалийн Вильxелмийн Их сургуулийн вирүс судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Анхлан “Томуутай тэмцэх судалгааны дэвшилт зарчим, хэтийн төлөв” сэдвүүдээр лекц уншлаа.
Хуралд 13 судлаач аман илтгэл хэлэлцүүлснээс 1-р байр Гялс анагаах ухааны төвийн судлаач Г.Өнөрсайхан нарын “Бэлгийн замын сорьцонд нүклейн хүчилд суурьласан аргаар Хүний Папилломын Вирүс болон Бэлгийн херпес вирүс илрүүлж, дүйн тодорхойлсон дүн”, 2-р байр УМЭАЦТЛ-ийн судлаач П.Дулам нарын “Үхрийн вирүст диарей өвчний үүсгэгчийн нүклеотидын дараалал тогтоосон дүнгээс”, 3-р байр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаач С.Ариунтөгс нарын “5 хүртэлх насны хүүхдийн дундах полио бус энтеровирүсийн тандалтын лабораторийн шинжилгээний дүн, 2012-2015” илтгэл, 9 судлаач ханын илтгэлээр оролцсоноос 1-р байр ХААИС-ийн судлаач Г.Ариунжаргал нарын “Монгол хонь ямааны шөвөг яр (Ort) үүсгэгчийн B2L генийн нудлеотидийн дарааллыг тогтоож харьцуулан судалсан дүнгээс”, 2-р байр МЗХЖШ-ийн судлаач А.Энхцэцэг нарын “Монголын зэвсэгт хүчний алба хаагчдын дунд томуу болон амьсгалын замын бусад эмгэг төрөгчдөөр үүсгэгдсэн өвчлөлийн ачаалалыг судалсан дүн”, 3-р байр ЗӨСҮТ-ийн судлаач Б.Байгалмаа нарын “Монгол оронд тархаж болох ханта вирүсийн халдварын эрсдэл” илтгэл тус тус шилдэгээр шалгарлаа (Лекц, илтгэлүүдийг энд дарж үзнэ үү).
Хурлын төгсгөлд Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал болж, нийгэмлэгээс 2013-2015 онд хийсэн ажлын тайланг Нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч АУ-ны доктор, дэд проф М.Алтанхүү, хяналтын зөвлөлийн илтгэлийг Нийгэмлэгийн хяналтын зөвлөлийн дарга Д.Отгонбаатар нар танилцуулж, гишүүд санал бодлоо солилцов. Тэргүүлэгчид болон хяналтын зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүнд зарим өөрчлөлт оруулж, дэд ерөнхийлөгчөөр АУ-ны доктор, дэд проф М.Алтанхүү, БУ-ы доктор, академич Ж Оюунбилэг, гүйцэтгэх захирлаар АУ-ны доктор Б.Дармаа, нийгэмлэгийн хяналтын зөвлөлийн даргаар АУ-ны доктор Н.Наранбат нарыг тус тус сонгож батлав.