Томуугийн үндэсний төв

Томуугийн вирүсийн хувирамтгай араншин түгшүүр төрүүлж байна

H7N9 хүний халдварын тархвар судлалд өөрчлөлт гараагүй байна.

2013 оны 3 дугаар сарын 31-нд шувууны томуугийн H7N9 вирүс хүнд халдсан анхны 3 тохиолдол БНХАУ-д бүртгэгдсэн билээ. 2013 оны 2 дугаар сарын дунд үеэс энэ халдварын тохиолдлууд гарч эхэлсэн гэдгийн Хятадын судлаачид тогтоосон. Одоогоор H7N9 халдварын хүний 602 тохиолдол бүртгэгдэж 227 нь нас барсаны дийлэнхи нь Хятад улсад, Тайванд 4, Хонг Конг-д 13, Малайзад 1, Канадад 1 тохиолдол бүртгэгдээд байна. Эпидемиологийн хөдлөл зүйн хувьд 2013 оны 3 ба 4 дүгээр сард тохиолдлын тоо огцом ихэсч харин зуны улиралдаа 2 тохиолдол л бүртгэгджээ. 4-р сард амьд шувуу худалдаалдаг захуудыг албадан хаасан нь H7N9 халдвар буурахад нөлөөлсөн. Харин уг халдварын 2 дахь давалгаа 10-р сард аажмаар эхэлсэн.

2014 онд H7N9 халдварын улиралчлалын төрх 2013 оныхтой төстэй боловч 1-р сарын дэгдэлт өмнөх онтой харьцуулахад иэхсч, хаврын улиралд тохиолдлын тоо мөн харьцангуй илүү байж 11 дүгээр сараас аажмаар нэмэгдсэн байна. Харин 2015 оны 1 дүгээр сард тохиолдлын тоо ихэссэн боловч 2014 онтой харьцуулахад бага байна.

H5N1 ба H7N9 вирүсийн аль аль нь хүнд маш хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж байна. Харин шувуудад бол H5N1 ба H7N9 вирүсийн халдварын шинж ялгаатай юм. Шувууд халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй бүдэг хэлбэрээр өвчилж байгаа нь халдварыг үл анзаарах, хүний тохиолдлын тандалтыг орхигдуулах байдал гарч болзошгүй байна.

Хүний тохиолдол илэрсний дараа шувуун сүрэгт вирүсийг хайж эхлэх үзэгдэл ажиглагдсаар байна.

Ихэнхи тохиолдол нь амьд шувуу ба түүний орчин, шувууны захын амьд шувуутай хүрэлцэж контакт болсноор халдвар авсан өгүүлэмжтэй байгаа. Амьд шувууд худалдаалдаг захууд нь H7N9 вирүсийн халдвар тараах өндөр эрсдэлтэйг судалгаа харуулсаар байна.

H7N9 вирүс хүнээс хүнд дамжихгүй байгаа нь нотлогдож байгаа харин шувуунаас хүнд дамжихыг хувьд H5N1 вирүсээс хавьгүй илүү байж болзошгүй байна. Хүнээс хүнд дамжсан байж болзошгүй хэд хэдэн тохиолдлын судлаж үзэхэд батлагдаагүй, олон нийтийн дунд гинжин хэлхээ, голомтолсон өвчлөлийн тархалт гараагүй. Бүртгэгдсэн тохиолдлуудын 36% нь нас барсан. Харин бүртгэгдээгүй, шинж тэмдэггүй бүдэг балархай хэлбэрээр өвчилсөн хүн байгаа эсэх нь хараахан тодорхойгүй байна. Энэ халдварын улмаас нас баралтын хувийг харахад шинж тэмдэггүй бүдэг хэлбэрийн өвчлөл тун ховор байх магадлалтай юм.

H5 вирүс: Одоогоор хүний эрүүл мэндэд хамгийн аюултай нь.

Өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5N1 виүс нь 2003 онд Азид шувуудыг хиаруулсан дэгдэлт үүсгэснээс хойш одоо зарим оронд бараг эндемик үүсгэгч болоод байгаа бөгөөд хүний эрүүл мэндэд хамгийн их занал учруулж байгаа амьтны томуугийн вирүс юм. 2003 оны сүүлчээс эхлэн 2015 оны 1 дүгээр сард H5N1 вирүсийн хүний өвчлөлийн 777 тохиолдол 16 улс оронд бүртгэгдэж 428 (55.1%) нь нас барсан байна. Сүүлийн 2 жилд дэлхийн хэд хэдэн улс оронд H5N2, H5N3, H5N6, H5N8 дэд хэвшинжийн вирүс илэрч эргэлтэнд байсаар байна. БНХАУ-д H5N1, H5N2, H5N6, H5N8 ба H7N9, H9N2 дэд хэвшинжийн вирүсүүд шувуудын дунд зэрэгцэн орчилд байна. H9N2 вирүс нь дотоод генийн сегментээ H5N1 ба H7N9 дэд хэвшинжийн вирүст өгч холимог геном бүхий вирүс үүсэхэд “донор”-ын үүрэг гүйцэтгэж байгаа нь анхаарал татаж байна.

Сүүлийн 4 сард БНХАУ-д H9N2 вирүсийн хүний өвчлөлийн 2 тохиолдол бүртгэгдэж өвчний явц хөнгөн байж бүрэн эдгэрцгээсэн байна. Томуугийн вирүсүүд ингэж зэрэгцэн тархаж байгаа нь генийн материалаа хурдан солилцож шинэ хувилбар вирүс амархан үүсэх ”муу ёрын” дохио гэж вирүс судлаачид тайлбарлаж байна. H5 вирүс нь ийм шинэ вирүс буюу “ реассортмент” үүсгэх өндөр чансаатайгаа харуулж байна.

Шувуу эсвэл бусад сүүн тэжээлтэн амьтад зэрэгцэн эргэлтэнд байгаа эдгээр томуугийн вирүсээр нэгэн зэрэг халдварлах үед вирүс генийнхээ 8 сегментийн заримы нь солилцох нөхцөл бүрддэг. Одоогоор томуугийн вирүсийн гемаглютинин (H)-ий 18, нейраминидаз(N)-ын 11 дэд хэвшинжүүд мэдэгдээд байгаа бөгөөд эдгээр нь боломжит шинэ хоршил(комбинац)-ыг үүсгэж өөрийгөө дахин зохион бүтээж байдаг. Одоогийн нөхцөл байдлаас харахад H5 вирүс шинэ хоршил үүсгэж хүч нэмэгдүүлэх алхам дээрээ гарч ирээд байгаа байж болзошгүй нь харагдаж байна. Тухайлбал, саяхан Канадад гэрийн тэжээвэр шувууд, АНУ-д зэрлэг шувуудад илэрсэн H5N2 вирүс нь Азид эргэлтэнд байгаа вирүсээс генетикийн хувьд ялгаатай байна. Эдгээр вирүс нь Евро-Азийн H5N8 вирүсийн холимог геномтой байгаа нь 2014 оны сүүлчээр Номхон Далайг гатлан ниссэн нүүдлийн шувууд замдаа Хойд Америкийн шувуудтай холилдож вирүс гений материалаа солилцсон байх магадлалтай юм. Эдгээр шинэ вирүсүүд хүнд өвчлөл үүсгэх чадавхтай эсэх нь сайн судлагдаагүй ч хүний халдварын зарим тохиолдол бүртгэгдсээр байна.

Жишээ нь, өндөр хоруу чанартай H5N6 вирүс 2014 оны 3 дугаар сард Хятад болон Лаос улсад шувууны аж ахуйд дэгдэлт үүсгэж улмаар 4-р сард Вьетнамд дэгдэлтийн шалтгаан болжээ. Генетикийн судалгаагаар H5N1 ба H6N6 вирүсүүд генийн материалаа солилцсоноос H5N6 хувилбарын шинэ вирүс үүсч галуунд түгээмэл тархалттай байсан нь тогтоогджээ. Улмаар, 2014 оны 4 дүгээр сард БНХАУ-д H5N6 вирүсийн хүний халдварын анхны , 2014 оны 12 дугаар сард 2 дахь, 2015 оны 2 дугаар сард 3 дахь тохиолдол тус тус бүртгэгдэж 1 ба 3 дахь тохиолдлууд нас барсан.

H5 ба H9N2 нь бусад вирүстэй генийн хэсгээ солилцож хувьсах чадвар өндөртэй цоо шинэ хувилбарууд үүсгэх магадлал их байна. Энэ нөхцөл байдал хүн ба амьтны эрүүл мэндэд ямар хор уршиг дагуулахыг урьдчилан таашгүй.

H5N1 халдвар Египтэд

Египт улсад 2014 оны 11 дүгээр сараас H5N1 халдварын хүний тохиолдол гэнэт ихэсч 2015 оны 1 ба 2 дугаар сард үргэлжлэн бүртгэгдэж, нийт 108 тохиолдлын 35 нь нас барсан нь анхаарал татаж байна. 108 тохиолдол гэдэг бол 2003 оноос хойш ямарч улс оронд бүтэн жилдээ ч ийм олон тохиолдол бүртгэгдэж байсан түүхгүй юм.

Олон Улсын Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээнд 2015 оны 1 дүгээр сарын 18-аас 2 дугаар сарын 7 хүртэл хугацаанд Египтийн 27 мужийн 20-д нь өндөр хоруу чанартай шувууны томуугийн H5N1 халдварын 76 удаагийн дэгдэлт бүртгэгдсэнийг мэдээлсэн байна. Үүний 66 дэгдэлт нь гэрийн аж ахуйн шувуудад гарчээ.

Лабораторийн шинжилгээний урьдчилсан дүнгээр хүн ба шувуунд дэгдэлт үүсгэсэн вирүсийг харьцуулахад генетикийн хувьд ялгаа ажиглагдахгүй байна. Египтийн эрүүл мэнд болон хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ хугацаанд H5N1 вирүс шувууны аж ахуйд түгээмэл тархалттай байсан; олон айл өрхүүд гэртээ шувууны жижиг аж ахуй эрхэлдэг, тэд шувууны томуу хүнд халдварлах эрсдлийн талаар мэдлэг хомс байсан нь H5N1 халдварын хүний тохиолдлын тоо огцом нэмэгдэх гол шалтгаан болсон гэж үзэж байгаа юм. Эхний ээлжинд H5N1 вирүсийн бохирдол байгаа эх сурвалжийг тогтоон, таслан зогсоох, бууруулах, хянах хөдөө аж ахуйн мөрдөн шинжилгээ, хяналтын ажлыг яаравчлан хийх шаардлагатайг харууллаа. Мөн амьд шувууны худалдаа нь вирүс өөр улс оронд тархах эрсдэлтэй байгааг анхаарах хэрэгтэй.

2015 оны 2 дугаар сарын 10-нд Египтэд 3 настай хүү H9N2 халдвараар өвчилж, эдгэрсэн тухай ДЭМБ мэдээлсэн. Эндээс, H9N2 ба H5N1 вирүс зэрэгцэн орчилд байгаа нь онцгой анхаарал татаж байна.

Улирлын томуугийн вакцины хамгаалах нөлөө

ДЭМБ-аас дэлхий бөмбөрцгийн хойд хагасын орнуудад дараа жилийн хүйтний улиралд хэрэглэх вакцины найрлагыг жил бүрийн 2 дугаар сард зарладаг. Энэ нь 10 ба 11 дүээр сараас өмнө вакциныг үйлдвэрлэж бэлэн болгоход хангалттай хугацааг үйлдвэрлэгчдэд олгодог юм. Гэтэл 2014 оны 2 дугаар сараас хойш улирлын томуугийн H3N2 вирүсийн эсрэг төрүүлэх чанар нь эрс өөрчлөгдсөн хувилбар Хойд Америк, Евродын орнуудад тархлаа. Энэ нь томуугийн вакцины хамгаалах чадварын бууруулах шалтгааныг нөхцөлдүүллээ. Хойд хагасын ихэнхи орнуудад H3N2 вирүсийн дэгдэлт давамгайлж байсан бөгөөд АНУ-д хийсэн судалгаагаар вакцины хамгаалах идэвхи 23% байна гэж тэмдэглэжээ. Энэ нь эргэлтэнд байгаа вирүс маш хурдан өөрчлөгдсөнөөс улбаалсан хэзээ ч тохиолдож байгаагүй бага хувь гэж үзжээ. Улирлын томуугийн вакцины хамгаалах чадвар бага хувьтай байсан тохиолдол А хэвшинжийн вирүсийн хувьд сүүлийн 25 жилд 4 удаа тохиолдож байгааг ДЭМБ дурьдсан байна. Улирлын томуугийн вакцины хамгаалах үр нөлөө 40-60% бол боломжийн вакцин гэж үздэг ажээ.

Цар тахалд дэлхий нийтийн бэлэн байдал

Дэлхий нийтээрээ цар тахалд урьд өмнөхөөсөө илүү их бэлтгэлтэй байх шаардлагатай болж байна.

Хүн ба амьтны популяцад хийж байгаа вирүс судлалын тандалтын дүн нь анхааруулах дохиог хангалттай өгч байгаа билээ. Жишээ нь, 2014 онд ДЭМБ-ын Томуугийн Глобал Тогтолцооны 112 орон дахь 142 лабораторит 1,9 сая эмнэл зүйн сорьц шинжилж вирүсийн хувьсамжийг анхааралтай тандаж цар тахал үүсгэх чадавхи бүхий томуугийн вирүсийг илрүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Ихэнхи лабораториуд вирүс илрүүлэх, хэв шинж тодорхойлох чадавхи бүхий мэргэжилтэнээр хангагдаж, тоног төхөөрөмжийн нөхцөл бүрдсэн. Улирлын томуу болон Н5, Н7 вирүсийг илрүүлэх урвалжаар хангагдсан. 2009 оны цар тахлын үеэр ДЭМБ-ын хамтын ажиллагааны лабораториудаас оношлуур, урвалжыг 7 хоногийн дотор сүлжээ лабораториудад хүргэх систем бүрдсэн, энэ нь дараагийн цар тахлын үед ажиллагаанд бэлэн байгаа. Шувууны томуугийн хүний тохиолдол бүртгэгдэж байгаа улс орнууд хурдан илрүүлэх, халдварын уурхайг мөрдөх, ойрын хавьтлын хянах, хүнээс хүнд халдсан нотолгоо байгаа эсэхийг нягтлах механизмыг бүрдүүлэх ёстой.

ДЭМБ-ын Глобал Тандалтын Тогтолцоо нь цар тахал үүсгэх чадавхи бүхий томуугийн вирүсийн хувьсамжийг анхааралтай хянаж, эрсдлийн үнэлгээ хийн, цар тахлын бэлэн байдалд зориулж вакцины омгийн сонгох ажлыг гүйцэтгэж байна.

Цар тахлын вирүс тархаснаас хойш вакцин бэлэн болох хугацааг аль болох богино байлгах арга замыг эрэлхийлж байна. Вакцин үйлдвэрлэх дэвшилтэт технологи нь цар тахал үүсгэх чадавхи бүхий вирүс гарч эхэлснээс хйош 14 хоногийн дараа вакцины үйлдвэрлэлийг эхлэх боломжтой юм.

Эрчимжсэн тандалт, вакцин үйлдвэрлэх дэвшилтэт технологи, цар тахлын бэлэн байдлын зохицуулах систем нь цар тахлын вирүс гарснаас хойш 3-4 сарын дотор вакцин бэлэн болох нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. ДЭМБ-аас дунд болон бага орлоготой улс орнуудад вакцин үйлдвэрлэл бий болгохыг дэмжиж байна. Суулийн үеийн тооцоогоор дэлхийд жилд 1,5 тэр бум тун улирлын томуугийн вакцин, цар тахлын үед 6,2 тэрбум тун вакцин үйлдвэрлэх хүчин чадал байна. Вакцины аюулгүй байдал, дархлаа тогтоох идэвхийн судалгаа чамгүй хийгдсэн. Н5 вакцины эмнэл зүйн 130 гаруй туршилт дангаараа мөн улирлын томуугийнхтай хавсарсан байдлаар хийгдсэн.

Томуугийн халдварын явц, хүндрэлийг бууруулах, эмчлэх үйлдэлтэй peramivir, laninamivir, oseltamivir, zanamivir зэрэг эмүүд үйлдвэрлэгдэж байна. ДЭМБ-ын Цар тахлын бэлэн байдлын суурь төлөвлөгөөний хүрээнд вакцин, эм бэлдмэлийг цар тахлын үед хөгжиж байгаа улс орнуудад түгээх механизмыг бүрдүүлэх талаар дурьдсан. Улс орнууд вакцин, эмийг хадгалах, хурдан, жигд түгээх механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Лаборатори, эмнэлгийн тусламж үзүүлэх эмч, ажилтанууд, эмнэлгийн орны бэлэн байдлыг хангахаа орхигдуулж болохгүй.

Олон нийтэд мэдлэг олгох, тэдний эрүүл мэндийн системд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал бэлтгэлийн нэг юм. Гэхдээ, эдгээр чадамж, бэлэн байдал ихэнхи хөгжиж байгаа улс орнуудад хангалтгүй байна.

Сэрэмжлүүлэг:

Сэтгэл түгшээсэн дараагийн цар тахалд дэлхий нийтээрээ урьд өмнөхөөсөө илүү бэлтгэлтэй байхыг ДЭМБ анхааруулж байна. Ямар вирүсээр, хаанаас эхэлж гарахыг мэдэшгүй. Томуугийн цар тахал бол одоогийн мэдэгдэж байгаа өвчнүүдээс тархалтын хурд хамгийн ихтэй халдварт өвчин. Дэлхий нийтийн нийтлэг эрх ашгийн төлөө, улс орон бүр томуугийн цар тахалд бэлтгэлтэй байхыг ДЭМБ уриалж байна.

Материал:

http://www.who.int/influenza/publications/warningsignals201502/en/

http://ezcollab.who.int/