ДЭМБ МОНГОЛ УЛСААС ТУСЛАМЖ ХҮСЭВ
ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн эрхлэгч, ЭМЯ-ны лабораторийн ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны доктор Б.Дармаа ДЭМБ-ын урилгаар Лаос улсад богино хугацааны зөвлөхөөр ажиллахаар 2014 оны 2 дугаар сарын 5-нд Улаанбаатараас мордлоо. Тэрээр Лаос улсын Вентьян хот дахь ДЭМБ-ын Төлөөлөгчийн газарт томуугийн вирүс судлалын зөвлөхөөр 3 сарын хугацаагаар ажиллаж, Лаос улсад лабораторид суурьласан томуугийн тандалтын тогтолцоог Монгол улсын жишгээр эхлүүлэхэд туслах юм.
Доктор Б.Дармаа 1982 онд Улаанбаатар хот дахь Хүн эмнэлгийн техникумыг төгсөөд Баянхогор аймгийн Шинэжинст сумын нэгдүгээр багийн бага эмчээр томилогдон ажилласнаар ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлэсэн бөгөөд 1992 онд АУИС-ийн эмчилгээний факультетийг төгсөөд төрөлх сургуульдаа Микробиологийн тэнхимийн багшаар томилогдсоноор анагаах ухааны микробиологийн салбарт зүтгэж эхлэсэн билээ. Тэрээр 1999 онд ХӨСҮТ-д шинэ тутам байгуулагдсан Вирүс судлалын лабораторид вирүс судлалч эмчээр томилогдон ажиллаж, 2006 оноос уг лабораторийн эрхлэгчээр томилогдон 15 дахь жилдээ вирүс судлалчаар ажиллаж байна. Доктор Б.Дармаа 2002 онд Швейцарийн холбооны улсын Лозанн хотноо ДЭМБ-ын “Халдварт өвчний микробиологи, иммунологийн тусгай курс” төгсөж, 2003-2004 болон 2007 онуудад АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн ДЭМБ-ын Томуугийн лавлагаа төвийн Вирүс судлалын лабораторид томуугийн вирүс судлалын чиглэлээр, 2006 онд Япон улсын Халдварт өвчний үндэсний хүрээлэн дэхь ДЭМБ-ын Томуугийн лавлагаа төвд шувууны томууг оношлох арга барил эзэмших чиглэлээр, 2008 онд Филиппин улсын Манила хот дахь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төв дээр “Томуугийн үндэсний төвүүдийн лабораторийн мэдээллийн цогц сүлжээ” сургалтанд, 2013 онд Австралийн холбооны улсын Мельбурн хот дахь ДЭМБ-ын Томуугийн лавлагаа төвд томуугийн вирүсийн геномын био-информатикийн чиглэлээр тус тус суралцаж мэргэжил дээшлүүлсэн, томуугийн вирүс судлалаар Дэлхийд танигдсан сайн вирүс судлалч, лабораторийн менежер юм. Тэрээр Монгол улсад 2004-2007 онуудад ялгасан томуугийн вирүсийн биологийн болон удамшлын төрхийг судласан дүнгээрээ 2008 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд 2006 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр, 2008 онд Эрүүл мэндийн салбарын “Оны шилдэг анагаахын судлаач” өргөмжлөлөөр тус тус шагнагдсан билээ. Тэрээр 2008 оноос Монголын вирүс судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн даргаар, мөн оноос “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн редакцийн зөвлөлийн гишүүнээр, 2013 оноос ЭМЯ-ны лабораторийн ерөнхий мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байна.
Доктор Б.Дармаадаа ажлын өндөр амжилт хүсэе.