Томуугийн үндэсний төв

Томуугийн A(H7N9) вирүст халдварын тухай мэдээ 12/13

Washington Post сонины вэб-сайтад мэдээлснийг [3] үзвэл БНХАУ-д H7N9 вирүст халдвар дэгдсэнээс хойш “ban lan gen” гэдэг хятадын уламжлалт эм, амны хаалт хоёрын борлуулалт арав гаруй дахин нэмэгдсэн ажээ. Жоргүй зарагддаг “ban lan gen” хэмээх энэ эмийг хятадууд, ялангуяа хөгшчүүл халуун ханиад, томуунаас хамгаална гэж үздэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор их хэрэглэдэг байна. Энэ эмийн гол үйлчлэх бодис нь Isatis tinctoria хэмээх шинжлэх ухааны нэршилтэй ургамал (Зураг 1) [4] бөгөөд, монголоор бол “хөхөргөнө” гэж нэрлэдэг, манайд элбэг тархсан ургамал ажээ [5].


Зураг 1. Хөхөргөнө буюу Isatis tinctoria [4]

Академич Ш.Болдын гаргаж өгсөн лавлагаагаар бол Монгол улсад одоо хэрэглэж буй уламжлалт анагаах ухааны жорын дотор энэ ургамал орсон жор байхгүй боловч, “хадны батга” [Eritrichium rupestre (Pall.,) Bunge] хэмээх төрөл ургамалыг нь “Дэва-5”, “Дэва-10” хэмээх нян нядлах, халуун бууруулах, хор тайлах үйлдэлтэй, голдуу өвөрлөгч монгол хошуудад хэрэглэж байсан жорд оруулдаг юм байна [6]. Томуугийн эсрэг өвөрмөц үйлчилгээтэй Тамифлю, Перамивир зэрэг орчин цагийн эмүүд олдоц муутай, өртөг өндөртэй байсаар тул тэдгээрийг орлох буюу хослон хэрэглэх уламжлалт эмийн жор хайх, томуугийн халдварт нөлөөлөх байдлыг нь идэвхитэй тандан судлах нь манай эмнэлзүйн эм судлалчдын тулгамдсан зорилт болох ёстой мэт санагдана.

БНХАУ-д H7N9 вирүсийн тархалтыг хорих зорилгоор зэрлэг шувуу муж хооронд тээвэрлэх, наймаалахыг хориглож, нүүдлийн шувууд өмнөд мужуудаас умарт мужуудад хаврын нүүдлээр очих нь ихсэж буй тул нүүдэллэн ирсэн шувуудын сүрэгт H7N9 вирүс илрүүлэх шинжилгээгээ тэлж байгаагаас [7] манай холбогдох албад ч жишээ авч нүүдлийн шувуудын дунд H7N9 вирүсийн тандалт хийх, үхсэн шувуу гарвал яаралтай шинжилгээнд оруулах, нүүдлийн шувуудтай харьцахгүй байхыг иргэд, ялангуяа хүүхдүүдэд анхааруулах сурталчигааг өргөсгөх хэрэгтэй байна.

Иш татсан номзүй:

1. Xinhua: China confirms 87 H7N9 cases, 17 deaths http://news.xinhuanet.com/english/china/2013-04/19/c_132321004.htm  accessed on April 19, 2013;
2. Xinhua: TCM contributes to treatment on H7N9 patients http://news.xinhuanet.com/english/china/2013-04/17/c_132317795.htm  accessed on April 19, 2013;
3. Washington Post: China bird flu concerns rise as herbal remedies sell out http://www.washingtonpost.com/business/china-bird-flu-concerns-rise-as-herbal-remedies-sell-out-health/2013/04/17/d1edd024-a75b-11e2-9e1c-bb0fb0c2edd9_story.htm  accessed on April 18, 2013;
4. Isatis tinctoria http://en.wikipedia.org/wiki/Isatis_tinctoria  accessed on April 12, 2013;
5. Н.Өлзийхутаг (1983): БНМАУ-ын гуурст ургамлын латин-орос-монгол нэрийн толь, х.133-134;
6. Sh.Bold (personal communication, 2013-04-18); 7. Xinhua: China suspends wild bird transactions to prevent H7N9 http://news.xinhuanet.com/english/china/ 2013-04/18/c_132320962.htm accessed on April 19, 2013;