Томуугийн A(H7N9) вирүст халдварын тухай мэдээ 06/13
Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе. Томуугийн Үндэсний Төв |
Хонгконгийн “Өмнөд Хятадын Өглөөний Шуудан” (South China Morning Post) сонины вэб-хуудсаар 4 сарын 8-ны 19 цагт мэдээлснээс үзвэл 4 дүгээр сарын 8-ны өдөр томуугийн A(H7N9) халдварын хүний өвчлөлийн 2 шинэ тохиолдол Жиангсу мужид бүртгэгдэж, Шанхайд энэ өвчнөөр нэг хүн нас баржээ [1]. Энэ мэдээг Канадын “Edmonton Journal” сонины вэб-сайт бас баталсан байна [2]. ДЭМБ энэ халдварын бас нэг шинэ тохиолдол 4 сарын 7-нд Анхуй мужид бүртгэгдсэнийг нөхөн мэдээлснийг [3] тооцвол одоо БНХАУ-д бүртгэгдсэн A(H7N9) вирүст халдварын хүний өвчлөлийн тохиолдол нийт 24 болж, 7(29.2%) нь нас бараад байгаагаас Шанхай хотод 11 тохиолдол (5[45.5%] нь нас барсан), Жиангсу мужид 8 тохиолдол, Жежианг мужид 3 (2[66.7%] нь нас барсан), Анхуй мужид 2 охиолдол тус тус бүртгэгдээд байна (зураг 1).
Зураг 1. БНХАУ-д бүртгэгдээд байгаа шувууны томуугийн H7N9 вирүсээр сэдээгдсэн хүний өвчлөл, нас баралтын тохиолдлуудын газарзүйн тархалт (2013 оны 4 дүгээр сарын 8-ны байдлаар)
Харин Шанхай хотод A(H7N9) халдвар авсан 4 настай хүү “бараг эрүүл” болоод байгааг холбогдох албад мэдээлсэн нь шувууны томуугийн энэ вирүсийн халдвараас бүрэн эдгэрсэн анхны тохиолдол болох юм [4].
БНХАУ-д томуугийн A(H7N9) вирүсийн хүний халдвар гарч, тохиолдлын тоо хурдан нэмэгдэж байгаагийн эдийн засгийн зарим хор уршиг энэ 7 хоногоос ажиглагдаж эхэллээ гэж “Блумбэрг” вэб-сайт мэдээлж байна [5]. Шанхайн Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцааны дундаж индекс 4 сарын 8-ны Даваа гарагт 2 нэгжээр унасны дотор БНХАУ-ын агаарын тээврийн томоохон компаниудын хувьцааны үнэ илүү хурдтай унаж байна. Тухайлбал, Air China Ltd. компаний хувьцаа 8.4%-иар, China Southern Airlines Ltd. компаний хувьцаа 6.8%-иар, China Eastern Alrlines Co. компаний хувьцаа 5.2%-иар тус тус унажээ. Байдал цаашдаа энэ хэвээрээ үргэлжилбэл, агаарын тээврийн салбарын дараа хүнсний худалдаа, тэгээд бүх жижиглэн худалдааны салбар хямрах болно гэж “Сити Групп”-ийн аналист Минг-гао Шен, Бен Вэй нар үзсэн байна. Гэвч БНХАУ-ын холбогдох албадын төлөөлөгчид шинээр тархаж буй энэ халдварын дэгдэлтийг хяналтандаа авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд энэ халдвар БНХАУ-ын макро-эдийн засгийн үзүүлэлтэнд ноцтой нөлөөлж чадахгүй гэж үзэж буй ажээ.
БНХАУ-ын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй эрчимтэй арга хэмжээний далайцыг тэд өөрсдийнхөө эерэг дүгнэлтийн үндэслэл гэж үзсэн байна, үүнд:
1. Томуугийн тандалтын сүлжээнд ордог 409 лабораторийг 4 дүгээр сарын 5-аас эхлэн өөрийн үйлдвэрийн оношлуураар хангах замаар томуугийн A(H7N9) вирүсийг бодит хугацааны ПГУ-аар илрүүлэх бололцоотой болгож, шинэ тохиолдлыг олж илрүүлэх идэвхитэй тандалт хийн, өвчилсөн нь лабораториор батлагдсан тохиолдлын бүх хавьтлыг лабораторийн хяналттай эмнэлгийн ажиглалтанд авч байгаа,
2. Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран 100 000 тэжээвэр болон зэрлэг шувуунд A(H7N9) вирүс илрүүлэх тандалтыг эхлүүлсэн,
3. Шувуун сүрэгт хийж эхлэсэн тандалтын судалгааны эхний үр дүнд үндэслэн Шанхай, Нанжин, Гуандун, Бээжин зэрэг томоохон хотуудын амьд шувууны захыг хааж, шувуунд A(H7N9) вирүс илэрсэн захууд дээр худалдаж байсан 98 000 гаруй амьд шувууг хураан авч, шатааж устган, эздэд нь үнийн дүнгийн 50%-тай тэнцэх мөнгөн нөхвөр олгосон,
4. Томуугийн энэ вирүсийн эсрэг сайн үйлдэлтэй байгаа нь нотлогдсон судсаар тарьж хэрэглэдэг нейраминидазын саатуулуур перамивир(Peramivir, BioCryst Pharmaceuticals, Ltd.) гэдэг эмийг хурдавчилсан журмаар улсын эмийн бүртгэлд авч, хангалттай хэмжээгээр нийлүүлж, эмчилгээнд эрчимтэй хэрэглэж эхэлсэн зэрэг болно гэжээ.
ТҮТ Иш татсан номзүй: