Томуугийн A(H7N9) вирүст халдварын тухай мэдээ 05/13
Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе. Томуугийн Үндэсний Төв |
Аливаа томуугийн дэгдэлтийн учир шалтгааны холбоог илрүүлэхэд вирүсийн молекул генетикийн судалгаа нэн чухал үүрэгтэй. Бид үүний өмнөх нэг мэдээндээ БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судлаачид H7N9 вирүсийн эхний 3 омгийн нүклеотидын бүрэн дарааллыг тодорхойлж GISAID судалгааны вэб-сайтад тавьсан нь өөр хоорондоо бараг 100% ижил бөгөөд хемагглютинин, нейраминидазын генээ H7N9 омгоос, бусад 6 генээ H9N2 омгоос авсан өмнө огт бичигдэж байгаагүй ре-ассортант юм байна гэдгийг мэдээлсэн билээ [1].
Бид энэ удаад сонирхсон судлаачдад зориулж, A(H7N9) вирүсийн БНХАУ-д саяхан ялгасан омгуудын бүх 8 генийн нүклеотидын дарааллыг ойр төстэй олон омогтой жишин судласан дүнг генетик эволюцийн судалгаагаар дагнасан Epidemic вэб-сайтаас хуулан нийтэлж байна [2]. Энэ нийтлэлийг ойлгоход дөхөм болгох үүднээс томуугийн вирүс, түүний геномын загварчилсан дүрслэлийг дорхи зурагт үзүүлэв (Зураг 1).
Зураг 2. Томуугийн A/H9 вирүсийн омгуудын геномын нэгдүгээр сегмент буюу PB2 генийн нүклеотидын дарааллын дендрограм. Цэнхэр өнгөөр тодруулсан нь сая БНХАУ-д хүнээс ялгасан A(H7N9) омгууд, ногоовтороор ялгасан нь энэ шинэ ре-ассортант үүсэхэд идэвхитэй оролцсон байх өндөр магадлалтай шувууны A(H9N2) омгууд тус тус болно. Хүнээс шинэхэн ялгасан A(H7N9) омгуудын PB2 ген нь судласан омгуудын дотроос удмын хэлхээний хувьд Бээжингийн ойролцоогоос 2012 онд болжморын овгийн алаг бужиргаа (Fringilla montifringilla) гэдэг шувуунаас ялгасан A/brambling/Beijing/16/2012 омогтой хамгийн ойр дөт юм байна (нил ягаавтар өнгөөр ялгав). Ногоовтор өнгөөр тодруулсан A/chicken/Dawang/1/2011 хэмээн тэмдэглэсэн омог нь энэ генийн хувьд хамгийн алслагдмал холбоотой омог болно.
Зураг 3. Томуугийн A/H5 ба A/H9 вирүсийн омгуудын геномын хоёрдугаар сегмент буюу PB1 генийн нүклеотидын дарааллын дендрограм. Өнгөөр тодруулсан тэмдэглээ нь Зураг 2-ынхтай адил.
Зураг 4. Томуугийн A/H7 ба A/H9 вирүсийн омгуудын геномын гуравдугаар сегмент буюу PА генийн нүклеотидын дарааллын дендрограм. Өнгөөр тодруулсан тэмдэглээ нь Зураг 2-ынхтай адил.
Зураг 5. Томуугийн A/H7 ба A/H9 вирүсийн омгуудын геномын дөрөвдүгээр сегмент буюу НА генийн нүклеотидын дарааллын дендрограм. Өнгөөр тодруулсан тэмдэглээ нь Зураг 2-ынхтай адил. Хүнээс шинэхэн ялгасан A(H7N9) омгуудын НA ген нь судласан омгуудын дотроос удмын хэлхээний хувьд Н7 омгуудтай, ялангуяа БНХАУ-д 2011 онд зэрлэг нугаснаас ялгасан A/H7N3 омгуудтай (нил ягаан өнгөөр ялгав) ойр дөт нь харагдаж байна. Жишсэн омгуудын дотор Монгол улсад 2002-2008 онд зэрлэг шувуудаас болон орчноос ялгасан Н7 омгууд бас орсон байгааг бид анхаарууштай (тод улаан өнгөөр ялгав).
Зураг 6. Томуугийн A/H7, A/H5 ба A/H9 вирүсийн омгуудын геномын тавдугаар сегмент буюу NP генийн нүклеотидын дарааллын дендрограм. Өнгөөр тодруулсан тэмдэглээ нь Зураг 2-ынхтай адил. Хүнээс шинэхэн ялгасан A(H7N9) омгуудын НA ген нь Н7 вирүсүүдийнийнхтэй дөт боловч Шанхайд хүнээс ялгасан 2 омог энэ генийн төрхөөрөө өөр хоорондоо нилээд ялгаатай нь харагдаж байна.
Зураг 7. Томуугийн A/H7 ба A/H11 вирүсийн омгуудын геномын зургадугаар сегмент буюу NА генийн нүклеотидын дарааллын дендрограм. Өнгөөр тодруулсан тэмдэглээ нь Зураг 2-ынхтай адил. Шинэ омгууд нь A/H11багцад багтсан цөөн тооны A/H7 омгуудтай илүү ойрын холбоотой байна.
Зураг 8. Томуугийн A/H7 ба A/H9 вирүсийн омгуудын геномын долдугаар сегмент буюу М генийн нүклеотидын дарааллын дендрограм. Өнгөөр тодруулсан тэмдэглээ нь Зураг 2-ынхтай адил.
Зураг 9. Томуугийн A/H7 ба A/H9 вирүсийн омгуудын геномын наймдугаар сегмент буюу NS генийн нүклеотидын дарааллын дендрограм. Өнгөөр тодруулсан тэмдэглээ нь Зураг 2-ынхтай адил. Энэ генийн хувьд БНХАУ-д 2011 онд тахианас ялгасан A/chicken/Dawang/1/2011 омог удмын хэлхээгээр хамгийн ойр дүрслэгджээ. PB2(сегмент 1), PB1(сегмент 2) генийн хувьд энэ омог хамгийн холын холбоотойгоор дүрслэгдсэнийг Зураг 2 ба 3-аас үзэж болно.
Иш татсан номзүй:
Талархал: Fringilla montifringilla шувууны монгол нэрийг онолдуулж өгсөн ШУА-ийн Биологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ш.Болдбаатарт талархсанаа илэрхийлье.