Томуугийн үндэсний төв

Томуугийн A(H7N9) вирүст халдварын тухай мэдээ 04/13

Манай мэдээг ашиглахдаа Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе.

Томуугийн Үндэсний Төв


Өнгөрсөн 7 хоногийн төгсгөлөөр БНХАУ-д томуугийн A(H7N9) халдварын хүний өвчлөлийн 7 шинэ тохиолдол бүртгэгдээд байгааг ДЭМБ 4 дүгээр сарын 6 ба 7-нд мэдээлсэн байна [1-2]. БНХАУ-ын мэдээллийн Синхуа агентлаг 4 дүгээр сарын 7-ны 20:33 цагт Шанхай хотноо энэ халдварын дахин 2 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг мэдээллээ [3]. Ийнхүү 2013 оны 4 дүгээр сарын 7-ны 22 цагийн байдлаар БНХАУ-д бүртгэгдсэн A(H7N9) вирүст халдварын хүний өвчлөлийн тохиолдол нийтдээ 20 болсноос, 6(30%) нь нас бараад байна. Тохиолдлын газар зүйн тархалт нь одоогоор Шанхай хот, түүнийг тойрсон 3 мужид төвлөрч байна (зураг 1).


Зураг 1. БНХАУ-д бүртгэгдээд байгаа томуугийн H7N9 халдварын тохиолдлуудын газарзүйн тархалт

Халдвар авсан дээрхи 20 хүнтэй ойр дотно байсан 600 шахам хүнийг эмнэлгийн хяналтанд авсан бөгөөд тэдний дотор халдвар илрээгүй учир энэ халдвар хүнээс хүнд дамжин тархахгүй байна гэж БНХАУ-ын мэргэжилтнүүд болон олон улсын экспертүүд үзэж байгаа юм байна.

Шанхай хотын амьд шувууны гурван зах дээр өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр хийсэн тандалт судалгаагаар тэнд зарж байсан хүнсний зориулалттай тагтаа, гургуул зэрэг шувуудаас H7N9 вирүс илрүүлжээ. Энэхүү баримт болон өвчилсөн хүмүүсийн өгүүлэмжээс үзэхэд уг вирүс өвчтэй буюу вирүс тээгч амьд шувуунаас хүнд дамжин халдаж байна гэж БНХАУ-ын мэргэжилтнүүд үзээд 4 дүгээр сарын 5-аас эхлэн Шанхай, Нанжин хотуудын амьд шувууны захыг хааж, амьд шувуудын зах дээр байсан 20 000 шахам шувуудыг болон шинэхэн нядалсан шувууны махыг хураан авч устгасан байна (Зураг 2-3).


Зураг 2. БНХАУ-ын холбогдох албад 2013 оны 4 дүгээр сарын 5-6-нд шилжих шөнө Шанхай хотын амьд шувууны зах дээр шувуудыг устгахаар хураан авч байгаа нь [4]


Зураг 3 . Тэр үед зах дээрээс шувууны шинэ махыг мөн устгахаар хураан авч байгаа нь [4]

Иш татсан номзүй:

1. WHO GAR: Human infection with influenza A(H7N9) virus in China – update http://www.who.int/csr/don/2013_04_05/en/index.html accessed on April 6, 2013;
2. WHO GAR: Human infection with influenza A(H7N9) viruses in China - update http://www.who.int/csr/don/2013_04_06/en/index.html accessed on April 7, 2013;
3. China reports 20 H7N9 cases, 6 fatal http://news.xinhuanet.com/english/health/2013-04/07/c_132290622.htm accessed on April 7, 2013;
4. Zero-Hedge.Tyler-Durden: Chinese H7N9 Bird Flu Strain Found in Chickens, Poultry markets Closed, Culled as Epidemic Concerns Spread http://www.zerohedge.com/news/2013-04-06/chinese-h7n9-bird-flu-strain-found-chickens-poulrty-markets-closed-culled-epidemic-c accessed on April 7, 2013;