Томуугийн A(H7N9) вирүст халдварын тухай мэдээ 02/13
Зарим вэб-сайтууд томуугийн A/H7N9 халдварын хүний өвчлөлийн тухай манай анхны мэдээг шууд хуулан тараасанд бид талархаж байна. Гэхдээ цаашид мэдээг Томуугийн Үндэсний Төвийн вэб-сайтаас (www.flu.mn) авсан тухайгаа ишлэл хийж байхыг хүсэе. Томуугийн Үндэсний Төв |
Уушгины үрэвслийн хүнд хэлбэрийн улмаас Шанхай хотод нас барсан 2 хүний цогцосноос болон Анхуй мужийн Чужоу хотод мөн уушгины хатгалгааны хүнд хэлбэрээр өвчилсөн өвчтөний сорьцноос Бээжин хот дахь БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвд энэ оны 3 дугаар сарын 29-нд томуугийн A(H7N9) хэмээх шувууны гарвалтай шинэ вирүс ялгасныг БНХАУ-ын холбогдох албад зарласан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ [1].
Томуугийн A(H7N9) халдварын 4 шинэ тохиолдол БНХАУ-ын Жиансу мужид бүртгэгдсэнийг БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв баталгаажуулсныг Синхуа агентлаг 4 дүгээр сарын 2-нд мэдээлсэн байна [2]. Энэ 4 тохиолдол өөр хоорондоо холбоогүй бөгөөд 4 өөр хот, тосгонд өвчилж эхлээд зарим мужийн төв Нанжин хотын эмнэлэгт шилжин ирж эмчлүүлж байгаа ажээ. Энэ 4 өвчтөний ойрын хавьтал 167 хүнийг эмнэлгийн хяналтанд авсан бөгөөд одоогоор өвчилсөн тохиолдол гараагүй байгаа ажээ. Энэ шинэ халдварын өвчлөлийн тохиолдол нэмэгдэж буй тул Бээжин, Шанхай хотууд, Жиансу, Шандунг мужуудад сэжигтэй тохиолдлуудад H7N9 вирүс шинжлэх хүрээг нэмэгдүүлсэн бөгөөд Жиансу мужийн 16 төв эмнэлгүүдэд шинэ тохиолдол гарвал хүлээн авах бэлэн байдлыг нэмэгдүүсэн байна. Мөн БНХАУ-ын хэвлэл мэдээллээр ихээхэн шуугиулж буй Шанхай хотыг дайрч урсдаг Хуанду голд өнгөрсөн сард олон зуун үхсэн гахайн сэг хаясан асуудлыг Шанхайн Мал эмнэлгийн алба анхааралдаа авч 32 сорьцонд шинжилгээ хийхэд A(H7N9) вирүс илрээгүй байна [3].
Жежианг мужид энэ халдвараар 2 хүн өвчилж, нэг нь нас барсныг тандалтаар илрүүлсэн тухай Синхуа агентлаг 4 дүгээр сарын 3-нд мэдээллээ [4]. Ийнхүү БНХАУ-д бүртгэгдсэн H7N9 халдварын хүний өвчлөлийн тохиолдол одоо нийт 9 болж 3 (33.3%) нь нас барсан байна (Зураг 1).
ДЭМБ, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Европийн Холбооны Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэргэжилтнүүд энэ шинэ халдвар одоогоор хүнээс хүнд халдан тархсан тохиолдол бүртгэгдээгүй тул цартахлын түгшүүр зарлах хэмжээнд хүрээгүй, гэхдээ ТТӨ-ний тандалтыг эрчимжүүлж, дэд хэвшинжийг нь тодорхойлох боломжгүй томуугийн вирүс илэрсэн тохиолдолд ДЭМБ-ын Лавлагаа төвүүдэд яаралтай хандах, томуугийн шинэ дэгдэлт гарвал авч хэрэгжүүлэх бэлтгэл, юуны өмнө амьсгалын дутлын хүндрэлтэй өвчтөнд үзүүлэх тусламжийн нөөцөө базаахыг зөвлөмж болгож байна [5-7].
Зураг 1. БНХАУ-д бүртгэгдээд байгаа томуугийн H7N9 халдварын тохиолдлуудын
газарзүйн тархалт
БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судлаачид H7N9 вирүсийн эхний 3 омгийн нүклеотидын бүрэн дарааллыг тодорхойлж GISAID судалгааны вэб-сайтад тавьсан нь өөр хоорондоо бараг 100% ижил бөгөөд хемагглютинин, нейраминидазын генээ H7N9 омгоос, бусад 6 генээ H9N2 омгоос авсан өмнө огт бичигдэж байгаагүй ре-ассортант юм байна. Мөн М ген нь S31N гэсэн мутацтай тул амантадины бүлгийн эмэнд тэсвэржсэн ажээ [7].
ТҮТ Иш тасан номзүй: