Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн ТТӨ-ий тандалтын үйл ажиллагаатай танилцав
Үүнтэй холбогдуулан эмнэлэгт суурилсан тандалтыг эрчимжүүлэх, сорьц өгөлт, эргэн мэдээлэлийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 2012 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний Төвийн төслийн хяналтын менежер, анагаах ухааны доктор Л.Энхбаатар, Вирүс судлалын лабораторийн эрхлэгч анагаах ухааны доктор Б.Дармаа, веб/мастер, дата/ менежер Б.Ганцоож нар ЭХЭМҮТ (Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв)-д ажиллаж, томуугийн багийнхантай уулзалт зохиов. Ажиллах хугацаанд ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, хүүхдийн клиникийн эрхлэгч, анагаах ухааны доктор, томуугийн багийн ахлагч Б.Баясгалантай, чанарын албаны дарга А.Оюунчимэг, мониторингийн мэргэжилтэн Ж.Адъяасүрэн, статистик мэдээлэлзүйн албаны дарга Т.Ганчимэг, тархвар судлаач Б.Отгончимэг, статистикч эмч Одмаа нартай уулзалт хийж ТТӨ-ий дэгдэлтийн байдал, хариу арга хэмжээ, вирүсийн эсрэг эм бэлдмэлийн хэрэглээ, халдвар хамгааллын талаар дэлгэрэнгүй ярилцсан бөгөөд мэдээллийн үнэн зөв шуурхай байдлыг сайжруулах зорилгоор Б.Ганцоож томуугийн веб/сайтад суурилсан мэдээллийн программд ажиллах нэмэлт сургалтыг хариуцсан мэргэжилтнүүдэд нь зааж өгөв. Долоо хоног бүрийн лхагва гаригт хийдэг ТТӨ-ий аудио хуралд ЭХЭМҮТ-ийн эмнэл зүйч эмчийг оролцуулж ТТӨ болон уушигны хатгалгааны эмчилгээний хот, хөдөөгийн эмч нарт талаар зөвлөлгөө өгүүлж байх гэрээ хийж ЭХЭМҮТ-н захирал Ш.Энхтөр гарын үсэг зурав. Монгол хүн амын дунд орчилд байгаа амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчдийн эмгэг төрүүлэх чадвар болон бусад хувьсамжийг судлах нь эмнэлгийн тусламж үйлчилгээг оновчтой, чанартай үзүүлэхэд чухал нотолгоо болох тул лабораторит суурилсан тандалтанд эмч нарыг идэвхитэй оролцуулж судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийхийг ярилцаж тохиролцлоо. ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лаборатори нь томуугийн А, В, A/H1N1 pdm, A/H3N2, A/H5N1 хэвшинжийн вирүсийг бодит хугацаа(бх)ны полимеразийн гинжин урвал(ПГУ)-ын шинжилгээгээр илрүүлэхээс гадна иж томуу 1, 2, 3, 4 вирүс, риновирүс, коронавирүс (NL63, OC43, 229E, HKU1), респиратор- синцитиаль вирүс, хүний метапневмовирүс, аденовирүс, бокавирүс, энтеровирүс, парэховирүс болон Mycoplasma pneumonia зэрэг амьсгалын замын цочмог халдвар үүсгэгчдийн өвөрмөц геном (ДНК/РНК)-ыг мультиплекс бх- ПГУ-ын шинжилгээгээр тодорхойлж, хариуг веб/сайтад суурилсан эргэн мэдээллээр шуурхай хүргэж байгаа билээ.
ТТӨ-ий тандалтыг сайжруулах зорилгоор дараахи зөвлөмжийг өгөв.
- ТТӨ-ий тандалтын мэдээг бүх тасгаас бүрэн авч АЗХХ-ын мэдээг эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын мэдээнд нэгтгэн мэдээлж байх;
- Тус эмнэлэгт ТТӨ-ий тохиолдол ихэсч, голомтолсон байдал ажиглагдвал ХӨСҮТ-д мэдээлж, шалтгааныг тодруулах идэвхтэй тандалтыг хамтарч хийх ажлыг санаачлан зохион байгуулж байх;
- Хүлээн авах, амбулатори, тасгуудад ажиллаж байгаа эмч, сувилагч нар ТТӨ-ий сорьц авах хадгалах, тээвэрлэх аргад суралцах (ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн мэргэжилтнүүд та бүхний хүссэн цагт ирж сургалт хийх боломжтой);
- Сорьц авах ажлыг сайжруулах, уушигны хатгалгааны шалтгаантай нас баралтын үед уушигны эдээс сорьц аван ХӨСҮТ-ийн вирүсологийн лабораторид хүргүүлж байх;
- Томуугийн интэрнэтэд суурилсан FIS системд сорьцийн мэдээгээ тогтмол оруулж (шинжилгээний хариуг зөвхөн FIS программаар эргэн мэдээлэх) байх.