Томуугийн үндэсний төв

Пневмонитой тэмцэх Дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

“Уушигны хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр”-ийг Манай улсад 2 дахь удаагаа тэмдэглэж байна. “Хүүхдийн уушигний хатгалгаатай тэмцэх бүх нийтийн холбоо” ноос санаачлан 2009 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 12 ныг “Уушигний хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр” болгохыг уриалснаас хойш дэлхийн олон оронд энэ өдрийг тэмдэглэж эхлээд байгаа юм.

Манай улсын хувьд 2010 онд анх удаа ЭХЭМҮТ, ХӨСҮТ хамтран ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Уушигны хатгалгаанаас сэргийлье!” уриан дор тэмдэглэсэн бол энэ жил “Уушигны хатгалгаагаар хүүхдүүдээ өвчлүүлэхгүй байя” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүллээ.

Уушигны хатгалгаа буюу уушигны үрэвсэл нь дэлхий дахинд тав хүртлэх насны хүүхдийн өвчлөл нас баралтын голлох шалтгаануудын нэг болж байдаг ба жил бүр 1,4-2 сая хүүхэд уг өвчний улмаас эндэж байгаа нь ДОХ, хумхаа, улаан бурханы улмаас нас барж буй нийт хүүхдийн тооноос давж байгаа юм. Өөрөөр хэлбэл уушигны хатгалгааны улмаас өдөрт 5500 хүүхэд буюу 15-20 секунд тутамд 1 хүүхэд эндэж байна гэсэн тооцоог ДЭМБ болон мэргэжлийн байгуулагуд тооцжээ. Манай улсын хувьд ч мөн амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт нь 0-1 хүртлэх насны хүүхдийн эндэгдэлийн дотор төрөх тойрны эмгэгийн дараа 2 дугаар байранд, 1-4 насны хүүхдийн хувьд эндэгдэлийн эхний байрыг эзэлж байна.

Сэргийлэлт оношлогоо эмчилгээ, эрүүл мэндийн боловсролийн иж бүрэн арга хэмжээг авч хэрэгжүүлвэл энэ өвчнөөс сэргийлж жил бүр 1 сая хүүхдийн амь насыг аварч чадна гэж эрдэмтэд тооцсон байдаг.

Монгол улсад пневмококын вакцин нэвтрүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ толгойлон ажиллаж ЭХЭМҮТ, Улаанбаатар хотын 4 дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийг хамруулсан тандалт судалгааг ДЭМБ ийн дэмжлэгтэйгээр явуулж байна.

“Уушигны хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр” зориулсан арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон 2011 оны 11 сарын 11 нд хэвлэлийн хүрээлэн дээр уушигний хатгалгаа өвчинтэй тэмцэх ажилд шийдвэр гаргагчид болон эмч нар нийгэм хамт олны анхаарлыг хандуулах зорилгоор сэтгүүлчдэд зориулж хэвлэлийн бага хурал хийлгэсэн ба уушигны нарийн мэргэжлийн хүүхдийн эмч нар нийслэлийн 9 дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдэлүүд дээр урьдчилан сэргийлэх үзлэгийг сүүлийн 2 Бямба гаригт зохион байгуулж, нийтдээ 1367 хүүхдийг эмчийн үзлэгт хамруулан, 132 хүүхдэд шинжилгээ хийн, 27 хүүхдийг эмнэлэгт яаралтай хэвтүүлэн эмчилж, 1465 хүнд зөвлөгөө өглөө. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалалчид болон олон нийтэд зориулан 400 гаруй зурагт хуудас санамж хэвлэж тарааллаа. Мөн хүүхдийн эмч нарт зориулан ажлын байран дээрх сургалтууд 6 удаа зохион байгуулсан байна.


Хүүхдийн уушигны хатгалгаатай тэмцэхэд эрүүл мэндийн ажилтан, ээж аав нар чухал үүрэгтэй мөн хариуцлагатай