“Вирүс Судлалын Тулгамдсан Асуудлууд” үндэсний 13 дугаар бага хурал боллоо
Хуралд Монголын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Монголын Анагаах Ухааны Академийн ерөнхийлөгч, Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, академич П.Нямдаваа “Монгол улсад ялгасан томуугийн вирүсүүдийн хемагглютининий эволюци”, ХБНГУ-ын Мюнстэрийн Их сургуулийн дэд захирал, Молекул вирүс судлалын хүрээлэнгийн захирал, профессор С.Людвиг “Томуугийн эсрэг эмийн бэлдмэл эрэлхийлэх шинэ чиглэл”, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул Биологийн Лабораторийн эрхлэгч, академич Ц.Оюунсүрэн “Монгол улсад тархсан хепатитийн В вирүсийн удамшлын хэвшинж ба элбэг тохиолдох мутаци”, ХБНГУ-ын Мюнстэрийн Их сургуулийн Молекул вирүс судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Анхлан “Томуугийн эсрэг вакцин бүтээх шинэ зарчим”, Япон улсын Тохокугийн Их Сургуулийн Вирүс судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Х.Ошитани “Хүний риновирүс С ба энтеровирүс 68 хэмээх хоёр пикорнавирүст халдварын эпидемиологи” сэдвүүдээр лекц уншлаа.
Хуралд 10 судлаач аман илтгэл хэлэлцүүлснээс ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн судлаач, анагаах ухааны магистр Ц.Наранзул нарын “Монгол улсад ялгасан томуугийн цартахлын A(H1N1) вирүсийн эмэнд тэсвэржилтийн судалгааны дүн” илтгэл, 13 судлаач ханын илтгэлээр оролцсоноос Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач, мал эмнэлгийн ухааны доктор Р.Одбилэг нарын ”Монгол тэмээ (Camelus bactrianus) болон лам гөрөөс (lama glama)-ний зарим цитоkиний молеkул бүтцийг тодорхойлж, вирүст халдварын эмгэг жамтай холбогдон судалсан нь” илтгэл тус тус шилдэг илтгэлээр шалгарлаа (Лекц, илтгэлүүдийг flu.mn вэб сайтын “Судалгаа, шинжилгээ ” булангаас үзнэ үү).
Хурлын төгсгөлд Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал болж, нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын тайлан, хяналтын зөвлөлийн илтгэлийг сонсож, гишүүд санал бодлоо солилцов. Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр академич П.Нямдавааг дахин сонгож, тэргүүлэгч гишүүдийн тоог нэмэгдүүлэн 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр, хяналтын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй тус тус сонгож батлав.