Томуугийн үндэсний төв

Хятадын судлаачид арбовирүст шинэ халдвар илрүүлжээ

БНХАУ-ын төвийн болон зүүн хойд мужуудад 2009 оны 6 дугаар сараас 2010 оны 9 дүгээр сарын хооронд хийсэн эрчимжүүлсэн тандалтаар ТХЧХ-ийн эмнэлзүйн тодорхойлолтыг хангасан 241 (Shandong мужид 93[38.6%], Hubei мужид 52[21.6%] Henan мужид 43[17.8%], Anhui мужид 31[12.9%], Jiangsu мужид 11[4.6%], Liaoning мужид 11[4.6%]) тохиолдол илрүүлснээс шинэ вирүсийн РНХ болон эсрэгбие 171(71%)-д нь илэрсэн ба тэдний 21(12%) нь нас барсан байна.

Энэ шинэ өвчин хүнээс хүнд дамжин халдварласан нь тогтоогдоогүй, өвчлөгсөд нь хөдөлмөрийн насны тариачид байсан, өмнө илрүүлсэн флебовирүст халдварууд нь дэлэнчээр голдуу дамжин тархдаг арбовирүст халдвар байсан зэрэгт үндэслээд халдвар дамжуулагч нь үе хөлтөн байх магадлал өндөртэй тул өвчтөн халдвар авсан байж болох тариан талбай, гэр орны орчмоос нь дэлэнч, хачиг цуглуулж, ТЧХЧ-ийн вирүсийн РНХ илрүүлэх шинжилгээ хийхэд 5900 дэлэнчийн сорьцноос вирүсийн РНХ илрээгүй бол Haemaphysalis longicornis хачгийн 186 сорьцын 10(5.4%)-д нь ТЧХЧ-ийн вирүсийн РНХ илэрч, тэдгээр сорьцноос вирүс ялгажээ. Ийнхүү ТХЧХ нь БНХАУ-ын Төв болон Зүүн Хойд мужуудад нутагшмал, хачгаар дамжин халддаг шинэ флебовирүст өвчин гэж зохиогчид үзсэн байна.

Haemaphysalis багийн хачиг бол Евро-Азийн сэрүүн бүсийн ойт хээр, уулын бэл зэрэг ландшафтаас олддог бэлчээрийн хачиг бөгөөд одоогоор 160 гаруй зүйл тодорхойлогдсоноос зарим зүйл нь риккетсиоз, хачигт энцефалит, эрлихиозын үүсгэгчийг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг ажээ [2].

Хэвлэлийн материалаас үзвэл Haemaphysalis longicornis Newman 1901 хачиг одоогоор манай улсад илрээгүй бололтой. Гэвч өөр зүйлийн Haemaphysalis хачиг манай улсад бүртгэгдсэн байна. Манай мал эмнэлгийнхний судалгаагаар бэлчээрийн 40 000 гаруй хачгийн цуглуулгын дотор Haemaphysalis asiaticum хачиг 1.5%, Haemaphysalis pospelovashtromae хачиг 1.2% тус тус эзлэж байгаагаас Haemaphysalis asiaticum хачиг говийн бүсэд илүү тохиолдож, тэмээ, илжигнээс илрэх нь элбэг байсан бол, Haemaphysalis pospelovashtromae хачиг ойт хээрийн бүсэд илүүтэй тохиолдож, сарлагнаас илрэх нь олонхи байсан байна [3]. Манай анагаахын паразитологчид 1998-2005 онуудад хүний хачигт халдварын байгалийн голомтын судалгааны хүрээнд ойт хээрийн бүсийн аймгийн сумдаас 5000 шахам хачиг цуглуулан судлах явцдаа Haemaphysalis concinna Koch 1844 зүйлийн хачгийг манай улсад анх илрүүлэн бичжээ [4]. Манай улсын хувьд шинэ энэ зүйлийн хачиг Сэлэнгэ аймгийн Бугант сумын нутгаас олдсон бөгөөд нийт цуглуулгын 0.1%-ийг эзлэж байжээ.

Манай ойрын хөрш оронд шинээр илэрсэн энэ вирүст халдварын тухай мэдээллийг улам тодруулж, өвчлөл, дамжуулагчийн болон вирүсийн тархалтын тандалт хийх шаардлага бидний өмнө тулгарч байна.

Номзүй: 

  1. Yu, X-J., Liang, M-F., Zhang, S-Y. et al. (2011): Fever with thrombocytopenia associated with a novel bunyavirus in China, N Engl J Med., 10.1056; on-line first: http://www.nejm.org/doi/full/10.1056/ NEJMoa1010095?query=TOC; accessed on March 17, 2011;
  2. Haemaphysalis, http://en.wikipedia.org/wiki/Haemaphysalis; accessed on March 19, 2011;
  3. Бямбаа, Б. (2003): Монгол орны мал, амьтдын паразиттах өвчин, тэдгээрийг оношлох, эмчлэх, сэргийлэх арга, Улаанбаатар, х.246-287;
  4. Абмэд, Д., Батаа, Ж., Хаснатинов, М.А., Данчинова, Г.А. (2007): Монголд Haemaphysalis concinna Koch зүйлийн иксод хачгийг тодорхойлсон дүн, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, 1(14): 12-13;