Томуугийн тандалтын дэлхийн сүлжээнд оролцогч Үндэсний төвүүдийн гуравдугаар зөвлөлгөөн
ДЭМБ-ын Томуугийн тандалтын дэлхийн сүлжээ(ТТДС: GISN- Global Influenza Surveillance Network)-д оролцогч Томуугийн Үндэсний төв(ТҮТ: NIC-National Influenza Center)-үүдийн гуравдугаар зөвлөлгөөн Тунис улсын Хаммамет хотноо энэ оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 4-нд болж, ДЭМБ-ын Төв Штаб, Бүсийн Төвүүд, ТҮТ-үүд болон хамтран ажиллагч байгууллагуудаас уригдсан 100 гаруй төлөөлөгч оролцлоо.
Зөвлөлгөөний эхний гурван өдөр ТТДС томуугийн A(H1N1) 2009 цартахлын үед ажилласан байдал, одоогийн түвшин, цаашид хөгжүүлэх төлвийг ДЭМБ-ын Төв Штаб, Бүсийн төвүүд, ТҮТ-үүдийн болон хамтран ажиллагч байгууллагууд хэрхэн төсөөлж байгаа тухай 40 гаруй илтгэл сонсч, хэлэлцэв. Мөн зөвлөлгөөнд оролцсон ТҮТ-үүд A(H1N1) 2009 цартахлын үеийн лабораторийн хариу арга хэмжээний тухай 40 гаруй ханын илтгэл бэлтгэсэн байлаа (Илтгэлүүдийн слайд болон ДЭМБ-аас оролцогсодод тараасан нэмэлт материалууд, ТҮТ-үүдээс бэлтгэсэн ханын илтгэлүүдийг манай сайтын “Судалгаа, шинжилгээ” булангаас http://www.flu.mn/mgl/index.php?option=com_content&task=view&id=587&Itemid=51 хаягаар үзнэ үү).
Зөвлөлгөөний дөрөвдэх өдөр оролцогчид 6 бүлэг болж, ТТДС-ний цаашдын хөгжлийн төлвийг оролцогч ТҮТ-үүдийн үйл ажиллагааны гол үзүүлэлт болох лабораторийн шинжилгээний чанарын баталгаа, ТТӨ-ний тухай эпидемиологийн болон лаборатрийн шинжилгээний мэдээллийн цагаа олсон байдал, үр дүнгийн ашигт байдлыг хангах, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээтэй холбох, улс орны дотор болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа.
Монголын төлөөлөгч ханын илтгэл болон ТТДС-ний хөгжлийн стратеги хуралдаанд аман илтгэл бэлтгэж оролцлоо. Мөн Монголын төлөөлөгч зөвлөлгөөний редакцийн группт сонгогдон ажилласан болно.