Дархлаажуулалтын 10 хоног
Энэ дархлаажуулалтанд хэн хамрагдаж болох вэ? Томуугийн цартахлын эсрэг дархлаажуулалтанд хамрагдах хүсэлтэй, 6 сараас дээш настай бүх хүн сайн дураараа, төлбөргүй тариулж болно.
Ямар вакцин, яаж хэрэглэх вэ? Глаксо-Смит-Клайн компаний Канад улс дахь салбарт үйлдвэрлэсэн, найрлагандаа томуугийн цартахлын A/California/7/2009 вирүс агуулсан, “Arepanrix” нэртэй, идэвхгүйжүүлсэн вакцин. 9 хүртэлх насныханд 0.25 мл, 10-аас дээш насныханд 0.5 мл тунгаар нэг удаа булчинд тарьж хэрэглэнэ. Вакцины найрлаганд орсон вирүсийн эсрэг насан туршийн тогтвортой дархлаа үүсгэх ба А(H1N1) хэвшинжийн бусад вирүсийн эсрэг 30-70% хамгаалах дархлаа үүсгэнэ.
Энэ вакциныг хэрэглэж болохгүй заалт бий юу? Бий. Үүнд:
- Өндөг, тахианы уураг, формальдехид, мөнгөн усны бэлдмэл, антибиотикт харшилтай бол;
- Жирэмсний эрт үе (20 хүртэл долоо хоногтой);
- Халуурч байгаа зэрэг цочмог халдварт өвчний шинж илэрсэн үед тус тус хэрэглэхгүй.
- Архаг хууч өвчтэй, дархлаа дарангуйлах болон эс нядлах үйлдэлтэй эм хэрэглэж буй зэрэг эмчийн байнгын хяналтанд байгаа хүмүүс мэргэжлийн эмчид үзүүлж, зөвхөн тэдний зөвшөөрөлтэйгээр энэ вакциныг хэрэглэж болно.
Вакцин хийлгэсний дараа ямар урвал, хүндрэл гарч болох вэ? Зарим хүмүүст вакцин хийлгэсний дараа бага зэрэг халуурах, толгой болон булчингаар өвдөх, тариулсан хэсэгт улайх, хорсох зэрэг шинж тэмдэг илэрч болох боловч 1-2 хоногт ямар ч эмчилгээ хийлгэлгүйгээр өөрөө аяндаа арилна. Дээрхи шинж тэмдэг хүчтэй илрэх юм уу, 2 хоногоос удаан үргэлжилбэл өрхийн эмчдээ хандах хэрэгтэй.