Томуугийн үндэсний төв

“Ямааны томуу” гээчийн тухай

Холландад “ямааны томуу”-гаар хүн нас барсан тухай хэвлэлд мэдээ гарчээ. “Goat flu” буюу “ямааны ханиад” гэж англи “жаргон” нэртэй энэ өвчний шинжлэх ухааны нэр нь “Q-fever” буюу “Кү чичрэг” бөгөөд Австралийн эмч Эдвард Холбрүүк Деррик (Edward Holbrook Derrick) анх Австралийн Квинслэнд мужийн Брисбейн хотын мал нядалгааны газрын ажилчдын дунд 1934-1935 онд гарсан уушгины гаж (atypical) хатгалгааны үед илрүүлж, Австралийн нэрт микробиологич Мекфэрлан Бурнет (Macfarlene Burnet) үүсгэгч нянг нь 1937 онд нээж бичиглэсэн тул Coxiella burnetii хэмээн нэрлэдэг. “Ку чичрэг” гэсний учир нь өвчнийг анх нээн илрүүлсэн эмч нар энэ өвчний үүсгэгч нь тодорхойгүй тул “? fever” буюу “Q fever” (guerry “асуулт, тодорхойгүй” гэсэн англи үгний эхний үсэг) гэж нэрлэж байснаас үүдэлтэй аж. “Q” үсэг нь уг өвчнийг анх тодорхойлон бичсэн Квинслэнд (Quuensland) мужийн нэрний эхний үсэг байж таарсан тул “Кү чичрэг” гэсэн нэр ийн хадгалагдан үлджээ. “Кү чичрэг” Дэлхий дахинд, ялангуяа мал аж ахуй эрхэлдэг орон нутагт өргөн тархсан өвчин бөгөөд үхэр, хонь, ямаа, нохойноос хүнд халдаж хатгаа, элэгний болон үений үрэвсэл үүсгэдэг. Дамжуулагч нь бэлчээрийн хачиг. Тетрациклины бүлгийн антибиотикоор бүрэн эмчлэгдэх тул нийгмийн эрүүл мэндийн ноцтой хүндрэл үүсгэдэггүй. Малын эмч Б.Бямбаа(одоо академич болсон)-гийн 1970-аад онд хийсэн судалгаагаар манай улсын хөдөөгийн хүн амын 8% нь энэ халдварын эсрэгбие агуулж байжээ. Өөрөөр хэлбэл, энэ өвчин манай улсад тохиолддог боловч бруцеллёз зэрэг бусад зооноз халдварын нэрээр оношлогдож өнгөрдөг гэж үздэг.

“Ку чичрэг” сэдээгч “Бурнетийн коэксиэл” гэгч нян нь “томуугийн вирүс”-тэй ямар ч холбоогүй. Нүднээ үл харагдах учир “нян” гэсэн нэг ангилалд хамаарагдах боловч “хөхтөн” буюу “сээр нуруутан” гэдэг нэг хүрээнд хамаардаг, овор хэмжээгээрээ огт адилгүй “хулгана”, “халим” гэдэг хоёр амьтан шиг том жижгийн хийгээд үржих механизмын хол зөрөөтэй нянгууд болно. Мэдлэг султай, шуугиан тарих дуртай сэтгүүлчдийн амаар “Ку чичрэг” гэгч өвчин “ямааны ханиад” буюу “ямааны томуу” болсон учир ийм ажгуу.

Дэлгэрүүлэн үзэх эх сурвалж:

  1. Б.Бямбаа (2003): Монгол орны мал, амьтдын паразиттах өвчин, тэдгээрийг оношлох, эмчлэх, сэргийлэх арга, Улаанбаатар, х.272-287; 
  2. Q fever, In: Control of Communicable Diseases Manual, 18th Edition, Editor: David L. Heymann, 2004, pp.434-438; 
  3. Q fever, http://en.wikipedia.org/wiki/Q_fever; accessed on December 22, 2009; 
  4. In Holland, six die of goat flu, http://www.microbeworld.org/index.phpoption =com_jlibrary&view =article&id=221; accessed on December 22, 2009; 
  5. New goat flu outbreak in Netherlands, 6 killed, http://news.xinhuanet.com/english /2009-12/16/content _12654407.htm; accessed on December 22, 2009;