Томуугийн үндэсний төв

Вирүст халдварын эмчилгээний зарчим

ВЭХБ-ийг олон янзаар ангиладаг боловч вирүс дээр үйлчлэх механизмаар нь ангилах хандлага одоо давамгайлах болж байна [3, 4]. Энэ зарчмыг үндэслэл болговол одоо өргөн хэрэглэж буй ВЭХБ-үүдийг:
    I)   вирүс эсэд наалдахыг саатуулдаг (inhibition of virus attachment) бэлдмэл, 
    II)  вирүсийн нүклейн хүчил эс дотор чөлөөлөгдөхийг саатуулдаг (inhibition of virus uncoating) бэлдмэл, 
    III) вирүсийн геномын репликацийг саатуулдаг (inhibition of virus genome replication) бэлдмэл, 
    IV)  вирүс эвлэх явцыг саатуулдаг (inhibition of virus assembly) бэлдмэл, 
    V)   вирүс эсээс чөлөөлөгдөхийг саатуулдаг (inhibition of virus release) бэлдмэл хэмээн ангилж болох юм. 

Нэгдүгээр бүлэг-ийн эмүүд нь вирүсийн гадаргын молекулууд болон эсийн гадаргуугийн вирүс-өвөрмөц рецепторуудтай харилцан үйлчилж, вирүс эсэд нэвтрэн орохыг саатуулдаг тул эмчилгээний гэхээсээ сэргийлэх үйлдэл илүүтэй болно. ВЭХБ-ын энэ бүлэгт томуу, томуу-төст өвчин (ТТӨ), хомхой (херпес) эхлэх үед эмчлэх, сэргийлэх зорилгоор хэрэглэдэг оксолин, теброфен, риодоксол, флореналь зэрэг ОХУ-д үйлдвэрлэдэг тосон түрхлэгүүд, арбидол хэмээх ОХУ-д үйлдвэрлэдэг шахмал эмийг оруулдаг [3, 5, 6 ба 7]. Мөн ХДХВ-ийн эсийн мембрантай нэгддэг хэсэг болох gp-41 уурагтай холбогдож, үйлдлийг нь саатуулдаг эм болох энфувиртид [4], ХДХВ-ийн эсийн рецептор болох CCR5–тай өрсөж холбогдон вирүс эсэд нэвтрэн орохыг саатуулах үйлдэлтэй маравирок, викривирок, аплавирок зэрэг эмнэлзүйн туршилтын шатнаа буй эмүүд [8] энэ бүлэгт ангилагддаг.

Хоёрдугаар бүлэгт томуугийн вирүсийн М2 уургийн нийлэгжлийг саатуулдаг адамантины уламжлалын эмүүд (амантадин, ремантадин, адапромин, тромантадин, дейтифорин) ордог [3, 4, 5, 6 ба 7]. Сүүлийн жилүүдэд энэ эмэнд тэсвэржсэн томуугийн вирүсийн омгууд давамгайлах болж буй тул энэ эмийн хэрэглээ хумигдах хандлагатай болж байна [9 ба 10].

Гуравдугаар бүлэгт одоо хэрэглэж буй дийлэнхи ВЭХБ хамаарах бөгөөд херпес вирүсийн тимидинкиназ, полимеразыг сонгон саатуулдаг гуанины уламжлалын эмүүд (ацикловир, валацикловир, ганцикловир, валганцикловир, пенцикловир, фамцикловир, цидофовир), ХДХВ-ийн болон хепатитын В вирүсийн урвуу полимеразыг сонгон саатуулдаг тиминий уламжлалын эмүүд (зидовудин, ставудин, залцитабин, ламивудин, эмтрицитабин, дидазон, абакавир, адефовир, энтакавир, валоцитабин), РНХ агуулсан олон вирүсийн репродукцийг саатуулдаг рибавирин ордог [3, 4 ба 8]. Эдгээр ВЭХБ нь химийн шинжээрээ бүгд нүклеозидын аналог болно.

Вирүсийн геномын репродукцийг саатуулдаг нүклеозидын биш химийн нэгдлүүдийг сүүлийн үед нээн илрүүлж хэрэглэх болж буй бөгөөд үүнд херпес бүлгийн вирүсийн репродукцийг саатуулдаг фоскарнет, ХДХВ-ийн репродукцийг саатуулдаг невирапин, делавирдин, эфавиренц [4] болон эмнэлзүйн туршилтын шатнаа буй этравирин, рилпивирин, дапивирин, ХДХВ-ийн интегразын саатуулуур ралтегравир, элвитегравир [8] зэрэг эмүүд болон 2008 оноос ОХУ-д хэрэглэхийг зөвшөөрсөн томуугийн вирүсийн NP уургийн нийлэгшлийг саатуулдаг ингавирин хэмээх эм [11, 12, 13 ба 14] орно.

Дөрөвдүгээр бүлэгт ХДХВ болон хепатитын С вирүсийн бүтцийн уургууд боловсроход оролцдог вирүсийн протеазуудыг саатуулдаг ампренавир, сакуинавир, лопинавир, индинавир, ритонавир, нелфинавир, атазанавир, типранавир [4] болон эмнэлзүйн туршилтын шатнаа яваа бреканавир, цилупревир, боцепревир, телапревир [8] зэрэг эмүүд ордог.

Тавдугаар бүлэгт томуугийн вирүсийн нейраминидазыг саатуулдаг нийлэг эмүүд (оселтамивир: Tamiflu, занамивир: Relenza [3, 4, 5, 6, ба 7] болон энэ оны 10 дугаар сараас АНУ-д туршин хэрэглэж эхлээд буй перамивир [15]) орно. Энэ бүлгийн эм нь одоогоор томуугийн эмчилгээ, сэргийлэгт хамгийн өргөн хэрэглэж буй ВЭХБ юм.

2. Вирүст халдварын эмгэг жамын эмчилгээ нь :

- вирүсийн үйлдлээр үүсэх эмгэг урвалыг зөөлрүүлэх,
- өвчтөний зовиур шаналгааг арилгах,
- вирүсээр гэмтсэн эд, эрхтэний үйл ажиллагааг дэмжих, нөхөх,
- амь тэнссэн байдалд орохоос сэргийлэх, амь тэссэн байдал нэгэнт үүссэн бол эмчлэн, эдгэрүүлэх зорилготой байх бөгөөд эмчилгээний энэ хэсэг нь вирүсийн шинж төрхөөс гэхээсээ гэмтсэн эд, эрхтэний бүтэц, үйл ажиллагаа, биемахбодын хариу урвалын төрхөөс илүү хамааралтай, өвчний үе шат, өвчтөний биеийн тухайн үеийн байдлаас хамааран эмчилгээний тактикийг уян хатан өөрчлөж байх шаардлагатай тул эмчлэгч эмчийн эмнэлзүйн ур чадвар, туршлагаас ихээхэн хамаат болно.

Вирүст халдварууд нь нянгийн бусад л халдваруудын адилаар халдвар-үжлийн шок, уушгины эдийн болон тархины зөөлөн хальсны хаван, судсанд цус нэлэнхүй бүлэнтэх зэрэг ноцтой байдлуудаар хүндрэх нь элбэг тул нэн анхааралтай ажиглаж, яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн байх шаардлагатай [16 ба 17].

Мөн вирүст халдвар бүр нь бас өвчин хөгжих өвөрмөц эмгэг жамын механизмтай тул тус бүрт нь тохирсон эмчилгээ хийх хэрэгтэй болдог. Тухайлбал, томуугийн H5N1 болон H1N1 цартахлын вирүст халдварын эмгэг жамд “цитокины шуурга” (cytokine storm) нэр авсан иммун-медиаторуудын эмгэгшүүлэх үйлдэл ихээхэн холбогдолтойг харгалзан цагригт оксигеназын саатуулуур (COX-2-inhibitor: целекоксиб г.м.), периоксом-пролифератор идэвхижүүлэх рецепторын агонист (PPAR-agonist: месалазин г.м.), липидын нийлэгжлийг сааруулагч фибройны хүчлийн уламжлал (fibrates: гемфиброзил г.м.) зэрэг иммун-модуляторуудыг хавсруулан хэрэглэх нь уушгины эдийг иммун-гэмтлээс сэргийлэн, эндэгдлийг бууруулах үйлдэлтэй гэж судлаачид үзэх болж байна [18, 19, 20 ба 21 ]. Томууг дагалдах хүндрэл үүсгэгч бактерт халдвараас өрсөн сэргийлэх антибиотик эмчилгээг эмгэг жамын эмчилгээний бас нэг хэлбэр гэж үзэж болох юм.

Эмчилгээний эцсийн үр дүнг тодорхойлдог нэн чухал хэсэг бол гэмтсэн эд, эсийн үйл ажиллагааг нөхөх, тэтгэх ерөнхий болон өвөрмөц үйлдэлтэй эмийн бэлдмэл, эмчилгээний бусад аргын цогц болно. Томуугийн хүндрэлээс амьсгалын цочмог дутал үүсэхэд зохиомол амьсгал хийх, уушги орлуулах эмчилгээ хийх [22, 23 ба 22] зэрэг нь үүний жишээ юм. 

Иш татсан номзүй:

  1. Wikipedia (2009): List of antiviral drugs, http://en.wikipedia.org/wiki/List_of_antivial_drugs; accessed on November 15, 2009; 
  2. Чүлтэмсүрэн, М., Ерөөлт, Ч., Хүрэлбаатар, Л. (2003): Эмийн лавлах, II хэвлэл, Улаанбаатар, 706 х.;  
  3. Нямдаваа, П. (1986): Вирүс судлалын үндэс, Улсын хэвлэлийн газар, Улаанбаатар, х.107-118;  
  4. Coen, D.M., Richman, D.D. (2007): Antivial agents, In: Field’s Virology, 5th Edition, Editors-in-Chief: D.M. Knipe and P.M. Howley, Wolters Kluwer, Lippincott, Williams & Wilkins, Philadelphia etc., v.I, pp. 447-485; 
  5. Машковский, М.Д. (2005): Лекарственные средства, Издание пятнадцатое, Москва, “Новая Волна”, с.873-897; 
  6. Нямдаваа, П. (2005): Томуугийн өвөрмөц эмчилгээ, сэргийлэлт, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, №2(5): 28-40; 
  7. Нямдаваа, П. (2005): Томуугийн вирүсийн эсрэг эмчилгээ, сэргийлэлтийн өвөрмөц бэлдмэлүүд, Эмийн Мэдээлэл, 9-10 дугаар сар: 3-11; 
  8. Clercq, E.de. (2007): The design of drugs for HIV and HCV, Nature Reviews: Drug Discovery, 6(12): 1001-1011; 
  9. Bright, R.A., Medina, M.J., Xu, X. et al. (2005): Incidence of adamantine resistance among influenza A(H3N2) viruses isolated worldwide from 1994 to 2005: a cause for concern, Lancet, 366: 1175-1181; 
  10. Дармаа, Б., Губарева, Л.В., Цогтсайхан, С., Нямдаваа, П. (2009): Монголд ялгасан томуугийн вирүсийн эмийн бодист тэсвэржилтийн судалгаа, Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл, №4(29): 13; 
  11. Логинова, С.Я., Борисевич, С.В., Максимов, В.А., Бондарев, В.П., Небольсин, В.Е. (2008): Изучение лечебной эффективности нового отечественного препарата Ингавирин в отношений возбудителя гриппа А(H3N2) , Антибиотики и Химиотерапия, 53(7-8): 27-30; 
  12. Логинова, С.Я., Борисевич, С.В., Максимов, В.А., Бондарев, В.П., Небольсин, В.Е. (2008): Изучение профилактической эффективности нового отечественного препарата Ингавирин в отношений возбудителя гриппа А(H3N2) , Антибиотики и Химиотерапия, 53(11-12): 19-21; 
  13. Колобухина, Л.В., Малышев, Н.А., Меркулова, Л.Н., Бурцева, Е.И., Щелканов, М.Ю. (2008): Изучение эффективности и безопасности противовирусного препарата Ингавирин при лечений больных гриппом, Русский медицинский журнал, 16(23): 1-5; 
  14. Логинова, С.Я., Борисевич, С.В., Лыков, М.В., Борисевич, Г.В., Бондарев, В.П., Небольсин, В.Е., Чучалин, А.Г. (2009): Изучение эффективности Ингавирина in vitro в отношении “мексиканского” пандемического подтипа H1N1 вируса гриппа А, штаммы A/California/04/2009 и A/California/07/2009, Антибиотики и Химиотерапия, 54(3-4): 15-17; 
  15. Wikipedia (2009): Peramivir, http://en.wikipedia.org/wiki/Peramivir; accessed on November 15, 2009; 
  16. Bennett, J.C., Plum, P. Editors (1996): Cecil’s Textbook of Medicine, 20th Edition, v.1, 1-1077+XCIX pp.; v.2, 1078-2222+XCIX pp.; 
  17. Лонморе, М., Вилкинсон, Я.Б., Ражагопалан, С. (2007): Эмнэлзүйн анагаах ухааны Оксфордын гарын авлага, Зургаадахь удаагийн хэвлэлийн монгол орчуулга, Орчуулгын ерөнхий редактор С.Сонин, Улаанбаатар, 979 х.; 
  18. Osterholm, M.T. (2005): Preparing for the next pandemic, NEJM, 352(18): 1839-1842; 
  19. Simmons, C., Farrar, J. (2008): Insights into inflammation and influenza, NEJM, 359(15): 1621-1623; 
  20. Zheng, B.J. Chang, K.W., Lin, Y.P. et al. (2008): Delayed antiviral plus immunomodulator treatment still reduces mortality in mice infected by high inoculums of influenza A/H5N1 virus, PNAS, 105: 8091-8096; 
  21. Fedson, D.S. (2009): Confronting the next influenza pandemic with anti-imflammatory and immunomodulatory agents: why they are needed and how they might work, Influenza Other Resp.Viruses, 3 (4): 129-142; 
  22. Wikipedia (2009): Extracorporeal membrane oxigenation, http://en.wikipedia.org/wiki/Extracorporeal_membrane_oxigenation; accessed on November 15, 2009; 
  23. ANZ ECMO Influenza Investigators (2009): Extracorporeal membrane oxygenation for 2009 influenza A(H1N1) acute respiratory distress syndrome, JAMA, 302 (17): 1888-1895; 
  24. Firstenberg, M.S. et al. (2009): Extracorporeal membrane oxygenation for pandemic (H1N1) 2009, Emerg. Infect. Dis, Dec: [Epub ahead of print], DOI: 10.3201/eid1512.091434;  

П.Нямдаваа,
Монголын анагаах ухааны академи,
Монголын вирүс судлалын нийгэмлэг