П.НЯМДАВАА: БИД ГАРГАСАН ХАРИУНЫХАА ТӨЛӨӨ НАЙДВАРТАЙ ЗОГСЧ ЧАДНА
П.НЯМДАВАА: БИД ГАРГАСАН ХАРИУНЫХАА ТӨЛӨӨ
НАЙДВАРТАЙ ЗОГСЧ ЧАДНА
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн академич, профессор Эрүүл мэндийн сайд асан П.Нямдаваатай ярилцлаа.
- “Алтан-Ураг” хамтлагийн гишүүдээс томуугийн шинэ вирүс илрээгүй гээд хориог цуцалчихлаа. Энэ нь түргэдсэн алхам биш үү? Шинэ вирүсийн далд үе нь долоо хоног байдаг гэсэн шүү дээ?!
- Томуугийн нууц үе нь нэг хоног. Ерөөсөө л тэр. Томуугийн өөр хувилбарын вирүс илэрсэн болохоос энэ бол томуу. Томуугийн нууц үе нь 12-24 цаг. Гэхдээ зарим хүний биед, ялангуяа хүүхдэд вирүс удаан хадгалагдах бололцоотой байдаг. Тийм учраас вирүс судлалын шинжилгээ хийгээгүй нөхцөлд юм уу, шинжилгээний хариу гараагүй нөхцөлд долоо хоног хүлээсэн нь дээр гэж үздэг юм. Вирүс судлалын шинжилгээ хийж чадахгүй нөхцөлд долоо хоног хүлээх ерөнхий чиглэлийг барьдаг. Энэ нь ч буруу биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Дэлхийн бүх л оронд тохирсон шийдвэр гаргах шаардлагатай байдаг тул шинжилгээг 1-7 хоног гэж ялгавартай тогтоосон юм.
- Яагаад долоо хоног гэдэг байсан гэж. Дэлгэрэнгүй тайлбарлавал?
- Вирүс судлалын шинжилгээний хугацаатай холбоотой. Вирүсийг эсийн өсгөвөрт ургуулах уламжлалт аргыг хэрглэвэл дор хаяж долоо хоногийн дараа хариу нь гардаг учир энэ хугацааг заасан юм. Гэвч дэлхий дахины хөгжил өөр болоод вирүс байна уу, үгүй юу гэдгийг хурдан илрүүлэх шинэ аргатай болсон.
- Тэгэхээр цаг хугацаандаа бус, илрүүлэх аргандаа байна гэсэн үг үү?
- Гурван жилийн өмнө бол вирүсийг илрүүлэхийн тулд долоо хоног хүлээхээс өөр аргагүй байв. Вирүсийг эсийн өсгөвөрт л ялгадаг байсан, манайд. Сүүлийн хоёр жилд энэ вирүсийг илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ) гэдэг хурдавчилсан арга манайд нэвтэрсэн. Энэ аргаар томуугийн вирүс байна уу, үгүй юу гэдгийг гурван цагийн дотор илрүүлдэг болсон. Энэ аргаар манай лабораторийнхан сүүлийн хоёр жил шинжилгээ хийсэн. Манай лабораторийнхон зөвхөн өнгөрсөн жил гэхэд л томуу өвчтэй 500 гаруй хүнээс шинжилгээ авч энэ шинэ аргаар 130-аад вирүс илрүүлсэн туршлагатай юм.
- Манай хийж байгаа шинжилгээ хэр баталгаатай вэ?
- Вирүс хурдан илрүүлэх энэ аргыг гишүүн улс орнууд нь хэрхэн хэрэглэж буйг ДЭМБ хянадаг болсон. Манай лаборатори 2007 оноос энэ хяналтын тогтолцоонд нэгдсэн. ДЭМБ улирал тутам арван кодолсон сорьц бидэнд ирүүлдэг. “Энэ дотор ямар вирүс байгааг мэдээд бидэнд мэдэгд” гэдэг. Бид хариуг нь 14 хоногийн дотор өгдөг. Ийм дөрвөн удаагийн шалгалтыг бид 100 хувь сайн өгсөн.
ДЭМБ сая томуугийн шинэ хувилбар тарж эхэлсэнтэй холбогдуулан дэлхийн ямар оронд, ямар лаборатори бх-ПГУ шинэ аргаар энэ вирүсийг таньж чадах вэ гэсэн жагсаалт гаргасан. Түүн дотор манай лаборатори ороод ДЭМБ-ын вэб сайтад тавигдсан байгаа.
- “Алтан-Ураг”-ийнхнаас томуу илрээгүй гэсэн үг үү? Хүний биед нууц үедээ долоо хоног байдаг гэсэн шүү дээ?
- Тийм. Нэгэнт вирүс илрээгүй бол долоо хоногийн дараа гарч ирнэ гэж бусдыг хоргоож байлгах шаардлагагүй. Иймд эмнэлгийнхээ захиргаанд энэ тухай тайлбарлаж тэд цаашаа холбогдох байгууллагуудад тавьж хориог цуцалсан. Тэдэн дунд томуу болон халдварт өвчин байгаагүй.
- Та яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?
-Сая бид энэ өвчнийг шинжлэх ухааны батлагдсан аргаар нотолж чадсан учраас долоо юм уу, 14 хоног хориг тавьж дэмий зардал гаргасангүй. Зарим хүмүүс энэ өвчнөөс болгоомжилж байна. Ингэх нь зүйн хэрэг. Вирүс байсныг нь мэдэхгүй, тогтоож чадалгүй хүмүүсийг явуулсан юм биш байгаа даа гэж санаа зовох нь зөв. Гэхдээ энэ шинжилгээг хийхдээ хамгийн сүүлийн үеийн арга хэрэглэсэн учир бид гаргасан хариундаа найдвартай байна.
- “Алтан-Ураг ”хамтлагийн хоёр гишүүн Москвагаас ирсэн. Тэдэнд дахин шинжилгээ хийх үү?
-Москвад шинжилгээнд ороод шинэ вирүс тэднээс илрээгүй байхад дахин шинжилгээ хийх шаардлагагүй. Ханиад хүрсэн шинж тэмдэгтэй хүнийг л тусгаарласан нь дээр. Түүнээс зүгээр өвчний шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг тусгаарлаж, хорих нь илүүц.
- Магадгүй гурав хоногийн дараа ч юм уу илэрч болох юм. Тэднийг гэрийн хорионд юм уу, өөр ямар нэгэн байдлаар эмнэлгийн зүгээс хяналтдаа авсан авсан зүйл байгаа болов уу?
- Вирүс өөрөө хумхийн тоосноос үүсэхгүй. Вирүс байж болохыг тогтоох хамгийн нарийн аргаар шинжлэхэд байгаагүй. Тэгэхээр далд үедээ вирүс илрэхгүй үлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Богино хугацаанд вирүс илрээгүйг тогтооно гэдэг цэвэр техникийн дэвшилттэй холбоотой асуудал.
- Шинэ вирүс илрүүлэх ажлыг танай лаборатори дангаараа хийсэн үү?
- Мал эмнэлгийнхэнтэй энэ шинжилгээг хамтарч хийсэн. Энэ вирүсийг шинжлэхэд ХӨСҮТ-ийн лаборатори шаардлага хангахгүй. Био-аюулгүй байдлын гуравдугаар зэргийн лабораторид шинжилсэн.
- Тэр нь ямар учиртай юм бэ?
- Шинжилгээ хийсэн хүн өөрөө халдвар авахааргүй нөхцөлд шинжилгээг хийнэ гэсэн үг. Тухайлбал, энэ лабораторид орсон хүн тусгай өмсгөл өмсдөг. Тэр нь өөрөө тасалгааны агаараас тусгаарлагдсан тусгай агаараар тэтгэгдэж байдаг өмсгөл. Гадаадын байгууллагын тусламжаар Мал эмнэлгийн газрын дэргэд ийм лабораторитой болсон нь богино хугацаанд вирүсийн илэрцийг тогтооход маш их үүрэг гүйцэтгэсэн. Халдвартай вирүс байна гэдгийг бид хараад мэдэхгүй учраас шинжилгээ хийхийн тулд энэ лаборатори байгуулагдахаас өмнө гадаадруу сорьцоо явуулдаг байсан. Одоо бол заавал гадаад явуулалгүй дотооддоо шинжлээд байх боломжтой болсон гэсэн үг.
- Томууны шинэ вирүс чинь бас л ханиадны нэг төрөл биз дээ?
- Томууны шинэ төрөл л гэсэн үг. Манай орон томуугийн цартахалд өмнө нь бараг өртөөгүй бололтой. Тийм түүхэн баримт олдохгүй байгаа юм.
- Гадаадын орнуудад урьд нь энэ өвчнөөр хүн өвчилж байсан тохиолдол хэр их байдаг вэ?
АНУ, Европын орнуудад гурван удаа томуугийн цартахал дэлгэрч байсан. Олон ч хүн өвчилж байсан. 1918 онд нас бараад мөнх цэвдэгтэй газар оршуулсан цэргийн хөлдсөн шарилаас хоёр жилийн өмнө яг тэр өвчнийг үүсгэсэн вирүсийг илрүүлж тогтоосон. 1918, 1957, 1968 онд дэлхийн дийлэнх хүн амыг томуу өвчин хамарч байсан. Үүнийг цартахал гэж байгаа юм. Давтамж нь 30-40 орчим жил байдаг. Энэ удаад томуугийн цартахал эдийн засаг, нийгмийн хямралтай үед гарч байгаа нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм өвчлөл эдийн засгийн хямрал нүүрлэсэн, хүнд хэцүү үед гардаг байж болох талтай байна. Өмнөх томуугийн цартахлууд ч тийм байсан байна. Жишээ нь, 1918-1919 оны “испаний” гэдэг цартахал Дэлхийн нэгдүгээр дайны жилүүдэд болсон. Цартахлыг өмнө нь анагаахын шинжлэх ухаан зөвхөн мөрдөх замаар илрүүлж байсан. Одоо илэрч байгаа энэ өвчний хор уршиг өмнө нь 1918, 1957, 1968 оны цартахлуудаас арай зөөлөн байж болзошгүй. Нас барах хувь бага байна. Тухайлбал, өвчний улмаас өнөөдөр амиа алдагсдын тоо бага байна. АНУ-д өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар 400 гаруй хүн өвчлөөд хоёр хүн нас барсан.Тэгэхээр 0.3-0.4 хувийн нас баралттай байна гэсэн үг.
- Энэ вирүс тархах тусмаа илүү хүч ордог гэж сонссон юм байна.
- Энэ вирүс тархах тусм илүү хүч орж, олон хүнийг өвчлүүлж магадгүй юм. Үүнээс урьдчилан сэрэмжилж дэлхийн улс орнууд сонор сэрэмжээ өндөрсгөж байгаа.
- Гахайн чухам юунаас болж энэ вирүсээр өвчилдөг юм бол?
- Яг гахайнаас хүнд дамжлаа гэдгийг бүрэн гүйцэд нотолж чадаагүй л байна. Энэ өвчнөөр гахайтай ажиллаж байсан хүн өвчлөөгүй. Вирүсийн нүклейн хүчил нь л урьд нь гахайнаас ялгаж байсан вирүсийнхтэй адил байгаа тул гахайн гэж яриад байгаа юм.
- Манай улсад ийм төрлийн вирүс өмнө нь илэрч байсан уу?
- Томуугийн вирүс бол жил бүр л илэрдэг. Харин гахйн томуугийн вирүс бол илэрч байгаагүй. Ийм төрлийн вирүс байж магадгүй гэсэн анхны шинжилгээ саяынх. Монгол улсад анагаахын вирүс судлал 1974 оноос хөгжсөн. Үүнээс хойших хугацаанд гахайн томуугийн вирүс илэрч байгаагүй гэдгийг баталгаатай хэлнэ.
Г.Дэлгэрцэцэг