Томуугийн үндэсний төв

“Ассошейтэд Пресс” агентлагийн мэдээнээс

Мексик улс, дэгдэлтийн халуун цэгт уг халдвараар ойролцоогоор 2000 хүн өвчилж, 149 хүн нас барсан байж болзошгүй гэж сэжиглэж байна.
 
Мексикийн Эрүүл мэндийн сайд Жозе Анжел Кордова “Бид дэгдэлтийн хамгийн хэцүү үед ороод байна” гэж мэдэгдлээ. 
 
Томуугийн цартахлын 4-р шатанд орлоо гэдэг нь хүмүүсийн дунд шинэ вирүс идэвхтэйгээр дамжин тархана гэсэн үг. Иймээс улс орны Засгийн газрууд худалдаа, аялал, жуулчлал, бусад салбартаа зохицуулалтын арга хэмжээ авч вирүсийн тархалтыг хязгаарлах хэрэгтэй. Цартахлын 6-р үе шатанд ороход дэгдэлт дор хаяж ДЭМБ-ын 2 бүсийг хамарч цартахал үүсгэнэ гэж ДЭМБ-ын томуугийн глобаль тандалтын нэгжийн Захирал Кейжи Фукуда хэвлэлийн бага хурал дээр хэллээ. “Яг энэ мөчид өвчлөлийг таслан зогсоох нь амаргүй зүйл, учир нь вирүс хэд хэдэн улс оронд тархаад байна” гэж тэрээр мэдэгджээ. Энэ вирүсийн эсрэг вакциныг үйлдвэрлэхэд 4-6 сар хэрэгтэйг мөн хэлсэн байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Дэгдэлт анхаарахгүй байх нөхцөл биш ч түгшүүр айдас төрүүлэх хэмжээнд хүрээгүй” байгааг тэмдэглэн хэлсэн байна.
 
АНУ-ын хилийн хяналтын алба АНУ-д орж ирж буй зорчигчдод тавих хяналтыг чангатгаж, өвчлөл бүртгэгдсэн улс орнууд, хөрш зэргэлдээх улс, орнуудад эмийн бэлдмэл хүргэх ажил эхлээд байна.
 
“Бид хаана, ямар зүйл хэрэгтэй байна гэдгийг мэдэхийн тулд бүх түвшинд мэдээллээ солилцох хэрэгтэй” гэж АНУ-ын Дотоод яамны сайд Жанет Наполитано хэллээ.
 
Мексик улс улсынхаа хэмжээнд 5 дугаар сарын 6-ныг хүртэл бүх сургуулийг хаасан арга хэмжээ авсан бөгөөд нас баралт нэмэгдвэл бүх салбарын үйл ажиллагаа хаагдана гэж Мехико хотын захиргаа мэдэгдлээ.
 
ДЭМБ-ын хэвлэлийн алба агаарын тээврээр зорчигчид вирүсийг амархан тараах боломжтой, өнөөдөр дэлхийн хэмжээнд өдөр бүр агаарт 500,000 хүртэл зорчигч агаараар байнга зорчиж байдаг гэж мэдэгдэв. 
 
Азийн улс, орнуудын засгийн газрууд ч энэ асуудалд их анхаарал тавьж байна. Сингапур, Тайланд, Япон, Индонези, Филиппин, Өмнөд Солонгос, Энэтхэг улсууд 2003 онд АЦХаХ (SARS)-ын үед хэрэглэж байсан зорчигчдын халуун хэмжигчийг ажиллуулж эхэлснээ зарлалаа. Малайз улсад Лос-Анжелесаас ирж буй зорчигчдод эмчийн үзлэг хийж, биеийн хэм үзэж байна. 
 
БНХАУ сүүлийн 2 долоо хоногт гадны улс оронд зорчсон томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг харъяа нутаг дэвсгэрийн холбогдох байгууллагад мэдэгдэхийг зөвлөж, БНХАУ, ОХУ, Украин улс Мексик, АНУ-аас гахайн мах, гахайн махан бүтээгдэхүүн авахыг хоригложээ.