Томуугийн үндэсний төв

Халдваргүйтгэл (disinfection)

Биеийн гадна буй халдвар үүсгэгчийг хими, физикийн хүчин зүйл ашиглан устгахыг хэлнэ. Өндөр зэрэглэлийн халдваргүйтгэл (high-level disinfection) нь бактерийн спороос бусад бүх нянг устгадаг. Бактерийн спорыг бүрэн устгахын тул халдваргүйтгэх хүчин зүйлийг илүү удаан хугацаагаар юм уу, дахин хэрэглэх шаардлагатай. Өндөр зэрэглэлийн халдваргүйтгэл хийхийн тулд детергент (саван) хэрэглэн сайтар угаасны дараа 20 минутаас доошгүй хугацаагаар халдваргүйжүүлэх бодис (2% глютаральдехид, 6% устөрөгчийн тогтворжуулсан хэт исэл, 1% цууны хэт хүчил г.м.)-оор үйлчлэх шаардлагатай. Дунд зэрэглэлийн халдваргүйтгэл (intermediatelevel disinfection)-ийн жишээ нь пастержуулалт (75°C температурт 30 минут байлгах) болно. Дунд зэрэглэлийн халдваргүйтгэл нь ихэнхи бактерийг хөнөөх боловч спорт нөлөөлөхгүй.
 
Халдвар үүсгэгч агуулсан ялгадас, шүүрдсийг биеэс гармагц нь буюу эдгээрээр орчны эд материал бохирдсон гэж үзмэгц халдваргүй болгохыг явцын халдваргүйтгэл (concurrent disinfection) гэнэ. Халдвартай хүн, амьтан, түүний орчинд явцын халдваргүйтгэл хийгээгүй байхад хүрэлцэх, хавьтах бололцоог аль болох багасгах нь халдварын тархалтыг хязгаарлан зогсооход ихээхэн ач холбогдолтой.
 
Халдвартай хүн, амьтан халдварын эх уурхай байхаа больсны дараа, өөрөөр хэлбэл, нас барсны нь буюу өөр газар шилжүүлсний нь дараа хийх халдваргүйтгэлийг төгсгөлийн халдваргүйтгэл (terminal disinfection) гэдэг. Халдварт өвчний ихэнхи тохиолдолд өвчтөн байсан өрөөний тавилгыг сайтар угааж, өрөөг салхилуулахаар хязгаарлагддаг төгсгөлийн цэвэрлэгээ (cleaning) хангалттай байдаг. Гэхдээ Ласса чичрэг зэрэг гоц аюулт халдварт өвчний үед төгсгөлийн халдваргүйтгэлийг чамбай хийж, өвчтөний ор дэрний хэрэглэл зэрэг материалыг шатааж устгах шаардлага ч гарч болдог. Халдвар үүсгэгчийг өндөр температур, хүчтэй цацраг зэрэг физик хүчин зүйл болон зарим химийн бодисын тусламжтайгаар бүрэн устгахыг ариутгах (sterilization) хэмээнэ.
 
ХӨХЛ 18: 741-742