Томуугийн үндэсний төв

Йод (iodine; I2)

Үелэх системийн 17 дугаар бүлэг буюу давс төрүүлэгч (halogene - халоген) элементийн нэг. Ердийн нөхцөлд металл төрхтэй талст: атом жин нь 126.9, нягтшил 4.933 г.см-3, хайлах температур 113.7 ◦С, усанд муу уусна, этанол, хлороформ зэрэг органик уусгагчид сайн уусна. Хүн, амьтны амьдралд нэн шаардлагатай, бичил (хоногийн хэвийн хэрэгцээ нь 150 мкг) элемент. Биед нөөцлөгдөхгүй тул, хоол хүнсээр байнга авч байх шаардлагатай. Дутал нь бамбайн нутагшмал бахлуур, оюун ухааны хомсдолд хүргэдэг . Эртнээс нааш нянгийн эсрэг үйлчилгээг нь анагаах ухаанд өргөн ашиглаж ирсэн. 2-10% спиртийн усан уусмалыг нь шарх ариутгах, мэс заслын талбай ариутгахад одоо ч өргөн хэрэглэдэг. Йодын уусмал нь усны органолептик (амт, үнэр г.м.) шинжийг өөрчлөхгүйгээр, нэн бага тунгаар ариутгах чадвартай тул ариун цэврийн шаардлага хангаагүй усыг уух хэрэгцээ гарсан үед нянгүйжүүлэх зорилгоор хэрэглэхэд хамгийн найдвартай бэлдмэл гэж үздэг.
 
Номзүй:
1. Iodine, http://en.wikipedia.org/wiki/Iodine; accessed on 2010.03.05;
2. Нямдаваа, П. (2007): Бүтээлийн товчоон, Хоёрдугаар боть, х.93-95;