Томуугийн үндэсний төв

Бага насны хүүхдийн стрептококкт кариес (dental caries of early childhood, streptococcal) ICD-9 521.0; ICD-10 K02 (Угжны кариес, Угжаар дамжсан шүд хорхойтохуй)

Бага насны хүүхдэд тохиолдох шүд хорхойтох өвчин олон шалтгаанаас үүсэлтэй хэдий ч энэ бүлэгт тэдгээр шалтгаануудын дотроос стрептококк нянгийн талаар өгүүлэх болно. Бага насны хүүхдэд шүд хорхойтох өвчин онцлогтой явагддаг: дээд эрүүний сүүн үүдэн шүд зонхилон, харин доод эрүүний сүүн үүдэн шүд ховор ч гэсэн өвчилдөг, бусад шүднүүд харилцан адилгүй өртөнө. Энэ нь хүүхдийг хооллох буруу зуршилтай холбоотой байдаг учраас энэ өвчнийг өөрөөр угжнаас шалтгаалсан шүд хорхойтох өвчин гэж бас нэрлэдэг. Гэхдээ өвчин угж хэрэглэдэггүй хүүхдэд ч үүссэн тохиолдол бий.
 
Хорхойтсон шүдэнд Streptococcus mutans илэрдэг. Туршлагын залуу амьтанд хоол хүнсээр чихэр өгөх үед Грамд-эерэг, факультатив агааргүйтэн дээрх нянгууд шүд хорхойтох өвчнийг үүсгэж байжээ. Тэдгээр нь стрептококкийн viridans бүлгийн гишүүд юм: цустай агар дээр альфа эсвэл гамма цус задлалт үүсгэнэ. Дээрх нянд амны хөндийн харанхуй гадаргуу хэрэгтэй бөгөөд тэдгээр нь шүдний тахлын үндсэн үүсгэгч юм.
 
Бага насны хүүхдэд тохиолдох шүд хорхойтох өвчин нь дэлхий даяар өргөн тархсан бөгөөд ялангуяа хөгжиж буй оронд маш их тохиолддог. Соёл иргэншил, ёс заншлаас хол хөндий өссөн болон дутуу жинтэй төрсөн хүүхдүүд шүд хорхойтох өвчинд илүүтэй өртдөг. Шүдний паалангийн дутуу хөгжил (гипоплази) нилээд үүрэг гүйцэтгэнэ, энэ нь сүүн шүд бий болох үед тэжээл дутагдсанаас үүсдэг. Бага насны хүүхдэд тохиолдох mutans стрептококкт халдварын үндсэн эх уурхай нь хүүхдийн эх байдаг. Эх хүүхэд хоёроос ялган авсан омгууд яг ижил эсвэл бактериоцин болон плазмид буюу хромосомын ДНХ нь ижил төстэй байдаг байна. Хүүхдийг үнсэх үед эхийн шүлсээр дамжин эсвэл хөхний толгой болон угжаар, эсвэл хүүхдэд халбагаар хоол өгөхийн өмнө эх нь түрүүлж амсах зэрэг тохиолдлуудад халдвар эхээс хүүхдэд дамждаг байна. Эхийн биемахбодид байршсан бичил биетэн хүүхдэд дамжих эсэх нь бичилбиетний тоо хэмжээнээс шалтгаалдаг, тухайлбал: их хэмжээний шүд хорхойтох өвчтэй эхийн шүлсэнд нь mutans стрептококк агуулагдаж байдаг байна.
 
Бага насны хүүхдийн шүд хорхойтох өвчнөөс сэргийлэхийн тулд эхчүүдийг амны хөндийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахиулах, хүүхдийг угжнаас эрт гаргах зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй. Сүү, чихэр агуулсан бусад ундаа нь шүд хорхойтох өвчний шалтгаан болдог тухай, мөн шүд хорхойтох өвчнийг эмчлүүлээгүй эх болон асран хамгаалагч хүүхдийг үнсэх үед өвчин шүлсээр дамжин халдварладаг тухай эцэг эхчүүд болон хүүхдийн асран хамгаалагч нарт тус тус ойлгуулан зөвлөх нь зүйтэй.
 
ХӨХЛ 18: 11-12