Аспергиллоз (Aspergillosis)
Aspergillus мөөгөнцрийн нилээд хэдэн зүйлээр үүсгэгддэг, харилцан адилгүй олон хам шинжит эмгэг юм. Уушгины багтраа өвчинтэй ижил шинж тэмдэг нөхцөлдүүлдэг уушги-мөгөөрсөн хоолойн харшилт аспергиллоз нь Aspergillus мөөгөнцрийн спороор үүсгэгддэг харшил юм. Нийт насанд хүрсэн багтраа өвчинтэй хүмүүсийн 5% нь өвчнийг амьдралын харилцан адилгүй үедээ олсон байдаг. Cystic fi brosis эмгэгтэй өсвөр насныхан илүү өртөмтгий. Зарим өвчтөнд эмгэг нь гуурсан хоолой тэлэх шинж тэмдэг илэрдэг. Эмчилгээ хийхгүй удвал уушги-мөгөөрсөн хоолойн аспергиллоз нь уушгины архаг гэмтэлд хүргэнэ (фиброз). Энэхүү мөөгөнцрийн харшил нь багтраа өвчин хүндрэхтэй шууд холбоотой болохыг бүртгэсэн тохиолдлууд гэрчилнэ. Оношилгоонд рентген туяагаар харах, цэр шинжлэх, арьсан дээр Aspergillus-ын харшлын шинжилгээ хийх, IgE уургийн хэмжээг тогтоох (>1000ОУН/мл), мөн Aspergilluls-ын эерэг тунадасжилт илрүүлэх шинжилгээг хэрэглэнэ.
Аспергиллом (уушги цоордог архаг аспергиллоз) гэдэг нь A.fumigatus ба A.niger зүйлүүдээр үүсгэгддэг өвчин юм. Сүрьеэ болон саркойдоз зэрэг уушги гэмтээдэг өвчний гэмтэж үлдсэн шархан дээр мөөгөнцөр ургана. Спор шарх руу нэвчин тэндээ ургаж, мөөгөнцрийн бөмбөлгүүдийг үүсгэнэ. Зарим тохиолдолд (уушги цоордог архаг аспергиллоз) шархлаа мөөгөнцрийн бөмбөлгүүд үүсэх шатыг алгасан шууд Aspergillus зүйлээр үүсгэгддэг. Шинж тэмдэг эхний үед илэрдэггүй. Жин алдах, байнга ханиалгах, амархан ядарч сульдах нь хожим илэрдэг түгээмэл шинж тэмдэг бөгөөд архаг уушгины шархлаатай хүмүүст байнга илэрнэ. Өвчтөний 80%-д нь цусаар ханиах шинж илэрдэг. Рентген туяагаар харах, уушгины зургаар шинжлэх, Aspergillus тунадасжих урвалаар илрүүлэх аргаар оношилно. Хамрын хөндий ба гавлын ясны хооронд төвлөрөх цочмог хэлбэрийн Aspergillus эмгэг нь цусны нейтрофил эсийн тоо багасах өвчний үед, мөн шавиа чөмөг буюу түүний үүдэл эсийг шилжүүлэн суулгах мэс заслын дараа халдварлах эрсдэл өндөртэй. Халуурах, нүүр амаар хөндүүрлэх, хамраас шингэн шүүрэх, толгой өвдөх шинж тэмдэг илэрнэ. Хамрын хөндий ба гавлын яс хоорондох хөндийн эд болон шингэнээс мөөгөнцөр илрүүлэх, мөн тэр хэсгийн зураг авч оношилно. Цочмог хэлбэрийн аспергиллоз ихэвчлэн дархлаа муудсан (шавиа чөмөг солиулсан буюу түүний үүдэл эсийн тарилга хийлгэж байгаа, нейтрофил эсийн дутагдалтай, ХДХВ тээгч, их хэмжээний түлэгдэлтэй, эрхтэн шилжүүлэн суулгасан) хүнд халдварладаг. Ховор тохиолддог удамшлын (архаг грануломатай) эмгэгтэй хүмүүст энэ өвчин хөнгөн хэлбэрээр илэрдэг байна. Шинж тэмдэг нь халуурах, ханиалгах, цээжээр өвдөж тавгүйтэх буюу амьсгалахад төвөгтэй болох бөгөөд ердийн антибиотикийн эмчилгээ нөлөөлдөггүй. Компьютер томограф болон рентген туягаар оношлоход тохиромжгүй. Гагцхүү мөгөөрсөн хоолойг дурандах, өсгөвөрлөлт хийж микроскопоор шинжлэх аргуудыг хослуулан хэрэглэвэл оновчтой. Цэрний дээжээс өсгөвөрлөлт хийх нь мэдрэг чанар болон өвөрмөц чанар багатай. Цусны антиген илрүүлэлт, тархи нугасны шингэн болон амьсгалын тогтолцооны шингэний шинжилгээнүүд оношилгоог баталгаажуулна. Дархлаа султай, халдвар авсан нийт өвчтөний 40%-д нь организм цусаар дамжин тархи, нүд, зүрх, бөөр, арьс зэрэг эд эрхтнүүд рүү шилждэг нь оношийг хүндрүүлдэг. Арьсаар дамжин халдварласан тохиолдолд эрт үед нь оношлож эмчлэх боломжтой. Aspergillus-ын зүйлүүд нүдний эвэрлэг бүрхүүл гэмтэх үед халдварласан бол эвэрлэг бүрхүүл үрэвсч, улмаар халдвар авсан нүд сохрох аюултай. Өвчин үүсгэгч нь шилжүүлэн суулгасан зүрхний хавхлаг хэсэгт болон өөр бусад мэс заслын оёдол хэсэгт халдварлах магадлалтай.