Аскариаз (Ascariasis)
(Хүж хорхойтох өвчин, Аскаридиаз)
Нарийн гэдэсний шимэгч хорхойгоор үүсгэгддэг, шинж тэмдэг ихэвчлэн илэрдэггүй эмгэг юм. Амьд шимэгч өтгөн ялгадсаар, зарим тохиолдолд ам, хамар, хошногоны сүвээр гадагшлах нь эмгэгийг таних анхны шинж тэмдэг болно. Шимэгчийн авгалдай биеийн дотор шилжин хөдөлж эхлэхэд зарим өвчтөний уушиг хямардаг (хатгалгаа, Лөфлерийн хам шинж) бөгөөд амьсгалахад шуухинах, ханиалгах, халуурах, эозинофили болон уушгины нэвчилт явагдахаар илэрнэ. Биед байгаа шимэгчийн тоо олширсноор тэжээлийн дутлыг даамжруулж, архагшаад ирэхээр өдөр тутмын хэвийн ажлын дэглэм алдагдахад хүрнэ. Бага насны хүүхдийн гэдэс хорхойн бөөгнөрөлөөр бөглөрөх, мөн аль ч насны хүний мухар олгой, цөсний цорго, нойр булчирхайн цорго бие гүйцсэн хорхойгоор бөглөрсөн тохиолдолд мэс засал шаардсан цочмог хүндрэл, тэр ч байтугай үхэлд хүргэж болно. Хүж хорхойн улбаатай нойр булчирхайн үрэвслийн тухай мэдээлэл нэмэгдэж байгаа. Онош тавихад өтгөн ялгадсанд шимэгчийн өндөг байгаа эсэх, ам хамар, хошногоны сүвээр амьд хорхой гардаг эсэхийг шалгана. Гэдсэн дотор байгаа хорхойг рентген туяа болон эхосонографын аргаар илрүүлэх, уушгины үрэвсэл хавсарсан эсэхийг цэр болон огиудас дахь хүж хорхойн өндгийг илрүүлэх аргаар тус тус танина.
ХӨХЛ 18: 36