Томуугийн үндэсний төв

Амёбиоз (amoebiosis) ICD-9 006; ICD-10 A-06

Маш их халдвартай цист ба илүү эмзэг, өвчин үүсгэгч чадвар нь харьцангуй трофозоит гэсэн 2 хэлбэрээр оршдог. Эгэл биет шимэгч нь сапрофит хэлбэрээр байх буюу зэрэгцэн орших буюу эдрүү нэвтрэн орж гэдэсний болон гэдэсний бус өвчлөл үүсгэх чадвартай. Ихэнх тохиолдолд халдвар шинж тэмдэггүй явагдах боловч зарим нөхцөл байдалд эмнэлзүйн ач холбогдолтой болдог. Гэдэсний өвчлөл нь халууралт, чичиргээ, цус, залхагтай суулгалттай явагдах хурц буюу цахилгаан хэлбэрийн цусан суулга (амёбын цусан суулга), цусны хольц, залхагтай суулгалт нь өтгөн хаталтаар солигдох, эсвэл өвчин илаарших үе ээлжлэх дунд зэргийн гэдэсний хямрал илрэх зэргээр янз бүрээр явагдана. Заримдаа карциномтой андуурагддаг амёбын мөхөлгөнгөр (амёбиома) нь үсрэлт маягийн явцтай цусан суулгалттай буюу удаан хугацаанд колиттэй байсан өвчтөний бүдүүн гэдэсний хананд байрлаж болдог. Гэдэсний шарх, амёбын гаралтай элэгний буглаанаас болж арьс, ялангуяа хошного орчмын шархлаа үүсэх нь ховор байдаг. Эр бэлэг эрхтэн дээр тууралт гарах нь идэвхтэй хомосекс хүмүүсийн дунд тохиолдож болно. Цусны урсгалаар тархаж болох бөгөөд энэ нь элгэнд, ховор тохиолдолд уушиг, тархинд буглаа үүсгэж болно.
 
Амёбын колитыг бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат өвчнүүдтэй андуурч болно. Кортикостероид эмчилгээ амёбын колитын явцыг хүндрүүлэх тул дээрхи хоёр өвчнийг сайтар ялгаж салгах хэрэгтэй. Мөн амёбиоз нь олон төрлийн халдварт болон халдварт бус өвчнүүдтэй төстэй байдаг. Үүний эсрэгээр гэдэсний өвчний анхдагч шалтгаан нь өөр байгаа хүмүүст амёбын суулгалт илэрч байна гэх зэргээр андуурагдаж болно.
 
Шинэ, эсвэл зохих ёсоор хадгалсан өтгөн, эсвэл шулуун гэдэсний дурангаар авсан эд, соруулж авсан буглаа, эсвэл эдийн хэрчмийг бичил харуураар шинжлэхэд трофозоит буюу цистийг илрүүлсэн тохиолдолд оношийг тавина. Цусны улаан цогцос агуулсан трофозоит байх нь нэвчилт хэлбэрийн амёбиоз байгааг заана. Үүсгэгчийг эмгэг төрөгч бус амёб болон макрофагуудаас ялгахын тулд бичил харуурын шинжилгээг туршлагатай хүнээр шинэ сорьцонд хийлгэнэ. Наад зах нь гурван сорьц шинжилж байж дан сорьц дахь үүсгэгч илрүүлэлтийг 50%-иас 85- 90% хүртэл өсгөнө. Өтгөнд эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээ саявтар бий болсон боловч эмгэг төрөгч болон эмгэг төрөгч бус биетийг ялган чадахгүй байгаа, Entamoeba histolytica-г илрүүлэх өвөрмөц оношлуурууд ч бий болсон. Лавлагаа лабораторийн тусламж шаардагдаж болно. Өтгөний шинжилгээ ихэнхдээ сөрөг байдаг элэгний буглаа зэрэг гэдэсний бус амёбиозын ийлдэс судлалын оношилгоонд хэрэглэх олон төрлийн нэмэлт оношлуурууд байдаг. Ийлдэс судлалын шинжилгээ, тухайлбал хэсэгчилсэн иммун нэвчлийн ба ФХУ-ын аргууд нь нэвчилт халдварыг оношлоход чухал ач холбогдолтой. Цацраг гялалзлын зураг авалт (стинциллограф), хэт авиа болон тэнхлэгийн цахим тоолуурын хэсэгчилсэн зураг авалт (CAT) нь амёбын гаралтай элэгний буглаа байгаа эсэх болон байрлалыг нь тогтооход тус болдог ба E.histolytica-ийн өвөрмөц эсрэгбие илэрсэн тохиолдолд оношилгооны ач холбогдолтой.
 
ХӨХЛ 18: 14-15