ТТӨ-ий өвчлөлийн байдал, дэгдэлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай зөвлөмж
Улсын хэмжээнд 2012 оны 40 дүгээр долоо хоногоос эхлэн ТТӨ-ий өвчлөл нэмэгдэн, амбулаториор үйлчлүүлэгсдийн 6-7% нь ТТӨ-тэй гэж оношлогдон, өвчлөгсдийн 80-90%-ийг 15 хүртэлх, 50% орчим нь 4 хүртэлх насныханд бүртгэгдэж байна.
Улаанбаатар хотын хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 40-50 гаруй хувийг ТТӨ-ий шалтгаантай дуудлага эзэлж, эмнэлэгт суурилсан харуулдан тандалтын нэгжүүдэд амьсгалын замын хүнд халдвар, уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт хэвтэгсдийн 6-7%-ийг эзэлж, сүүлийн долоо хоногт уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт 1-2 тохиолдол бүртгэгдсэн байна. 2012 оны 43 дугаар долоо хоногт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид томуугийн тандалтын нэгжүүдээс ирүүлсэн хамар залгиурын сорьцонд томуугийн A вирүсийн H3N2 дэд хэвшинж эерэг тодорхойлогдож, хүн амын дунд эргэлтэнд орж эхэллээ.
Томуугийн А (H3N2) вирүс нь орон, нутгийг хамарсан дэгдэлтийн шалтгаан болж, үгдрэл хүндрэлтэй явагдах, эмнэлэгт хэвтэлт, эмнэлгийн орны ачааллыг нэмэгдүүлэх хандлагатай байдаг тул Аймаг, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлүүд, нэгдсэн болон өрхийн эмнэлгүүдэд:
- Аймаг, нийслэлийн ЭМГ, ЭХЭМҮТ, БОЭТ, Нэгдсэн эмнэлгийн дарга захирал нарт хүргүүлсэн Эрүүл Мэндийн Сайдын 2012 оны 1а/3634 тоот албан даалгаварт өгөгдсөн эмнэлгийн тусламж үйлчилгээний зөвлөмж, удирдамжийг мөрдөж ажиллах;
- Томуугийн дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг идэвхжүүлэх;
- Улирлын томуугийн эсрэг вакцинжуулалтыг сурталчлан, дархлаажуулалтын хувийг нэмэгдүүлэх, явцын тайланг долоо хоног тутам томуугийн мэдээ авдаг насны ангиллаар гаргаж ирүүлэх;
- Тандалтын нэгжүүд үйл ажиллагааныхаа дагуу сорьцын материалыг бэлэн байлгах, сорьц тээвэрлэж, хүргүүлэх;
- Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай нөөцийг бэлэн байлгаж, байнга сэлбэх;
- Орны нягтрал ихсэхтэй холбогдуулан орны хөдөлгөөний зохицуулалт, халдвар, хамгааллын дэглэмийг сахиж ажиллах;
- Гэрийн үзлэг, эргэлтийг нэмэгдүүлэх, эмнэлэг үзүүлэхээр бөөгнөрөл үүсэх, хэвтэлтийн тоо хэтрэлтээс сэргийлэх;
- ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх талаар ард иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр явуулах;
- Голомтолсон өвчлөл бүртгэгдэх, дэгдэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад огцом нэмэгдсэн тохиолдолд ХӨСҮТ, ТҮТ, Вирүс судлалын лабораторид мэдээлэх;
- Сэлэнгэ аймаг, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд өвчтөнд хөтлөх судалгааны хуудсыг бөглөх, хурдавчилсан оношлуурыг зааврын дагуу хэрэглэх;
- Улаанбаатар хотын сургуууль, цэцэрлэгт хийгдэж буй ирцийн тандалтын тогтмол үйл ажиллагааг хангаж ажиллахыг тус тус зөвлөмж болгож байна.