Томуугийн үндэсний төв

Амьсгалын замын синцетиаль вирүс (АЗСВ)-ийн тухай

АЗСВ-ийн халдварын дэгдэлт тодорхой улиралчлалд явагддаг ба хавар, өвлийн саруудад хүн амын дунд өндөр идэвхжилтэй байдаг. Сүүлийн жилүүдэд КОВИД-19 цартахал гарсантай холбоотой дэлхий дахинд тус вирүсийн шалтгаант халдварын тархалт 98%-иар буурсан байна . Австрали улсад хийсэн судалгаагаар КОВИД-19 цартахлын үед авч хэрэгжүүлж байсан нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ нь АЗСВ-ийн дэгдэлтийг зөвхөн хойшлуулж, өвчлөлийн хөдлөлзүйд өөрчлөлт оруулсан байх магадлалтай гэж үзэж байна. Тус улсын судлаачдын таамаглаж байгаагаар халдварын түвшин хаврын саруудад нэмэгдэж, зуны улиралд оргил үедээ хүрч болзошгүй гэж үзсэн байна. Мөн АНУ-д хийсэн судалгааны дүн дээрх судалгаатай ойролцоо байсан ба дэгдэлт өмнө нь таамаглаж байсан түвшингээс нэмэгдэх, эмнэлзүйн хувьд илүү хүнд явагдах магадлал байгаа тул эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах талаар анхааруулсан байна.

Дамжих зам:

АЗСВ нь агаар дуслын болон ахуйн замаар дамжин халдварладаг. АЗСВ нь хүний гаран дээр 30 минут болон түүнээс дээш хугацаанд, тухайн эд зүйлсийн гадаргуугийн шинж чанараас хамаарч 5 болон түүнээс дээш цаг хадгалагддаг.

  1. Халдвартай хүн ханиалгаж, найтаалгах, ярих үед вирүс нь шүлс болон хамрын шүүрлийн дуслын хамт гадаад орчны агаар цацагдаж амьсгалын замаар халдварлана.
  2. Халдвартай хүний шүлс, хамрын шүүрлээр бохирлогдсон бохир гар, тоглоом, хаалганы бариул гэх мэт эд зүйлсээр дамжин халдварлана.

Халдварын нууц үеийн хугацаа:

Дунджаар 4-6 өдөр

Халдвартай үе:

Эмнэлзүйн шинж тэмдэг эхэлснээс хойш 10 болон түүнээс дээш хоног

Эмнэлзүйн шинж тэмдэг:

Ерөнхий шинж тэмдэг:

  1. Хамар битүүрэх, нусгайрах
  2. Хуурай ханиалгах
  3. Бага зэрэг халуурах
  4. Хоолой өвдөх
  5. Найтаалгах
  6. Толгой өвдөх

Эмнэлзүйн хүнд хэлбэрийн үед илрэх шинж тэмдэг:

  1. Өндөр халуурах
  2. Хүчтэй ханиалгах
  3. Уушиг хэржигнэх – амьсгал гаргах үед илүү чанга сонсогдоно
  4. Амьсгалахд бэрхшээлтэй болох
  5. Арьсны өнгө хөхрөх – хүчил төрөгчийн дутагдалд орох

Нярай хүүхдэд илрэх шинж тэмдэг:

  1. Амьсгалын тоо олшрох
  2. Амьсгалахад бэрхшээлтэй болох
  3. Ханиалгах
  4. Хоолонд дургүй болох
  5. Унтаарах
  6. Уцаартай болох

Дээрх шинж тэмдэг ихэвчлэн 1-ээс 2 долоо хоногийн дараа аажимдаа арилах хэдий ч бага насны, нярай хүүхдэд хүндэрч, эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог.

АЗСВ халдварт өртөхөндөр эрсдэлтэй хүмүүст:

  1. Сургууль, цэцэрлэг, өндөр өнжүүлэхэд явдаг хүүхдүүд, ажилчид
  2. Дам тамхидалтад өртдөг хүүхдүүд, насанд хүрэгчид
  3. Сургуулийн насны ах, эгчтэй хүүхдүүд, эцэг, эхчүүд
  4. Хэт их хүн бөөгнөрсөн нийтийн байр, оюутны дотуур байр, асрамжийн газар амьдардаг хүмүүс

Халдвараас урьдчилан сэргийлэх арга:

  1. Гараа угаах
  2. Халдвартай үеийг дуустал өвчтөнг тусгаарлах
  3. Зөв ханиалгаж найтаалгах
  4. Амны хаалт зүүх
  5. Гэр болон ажлын орчинд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийн,  агаар сэлгэлтийг тогтмол хийх

КОВИД-19 болон АЗСВ-ийн ялгаа:

SARS-CoV-2 болон АЗСВ нь 2-уулаа амьсгалын замын цочмог халдварт өвчин үүсгэдэг вирүс учираас эмнэлзүйн зарим шинж тэмдэгүүд ижил байдаг.  SARS-CoV-2 вирүсийн хувьд насанд хүрэгчид, 65 болон түүнээс дээш насны, зүрх судас, уушгины архаг өвчинтэй, чихрийн шижинтэй хүмүүст илүү хүнд хэлбэрээр өвчлөх бөгөөд халуурах, хамар битүүрэх, нусгайрах, ханиалгах, дотор муухайрах, суулгах, булчингаар өвдөх шинж илэрдэг. Харин АЗСВ-ийн хувьд SARS-CoV-2-тэй хавсарсан халдвар үүсгэсэн тохиолдолд илүү хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэх эрсдэлтэй.

Эмчилгээ:

  1. Шинж тэмдэгийн эсрэг эмчилгээ хийх
  2. Халуун бүлээн шингэн хангалттай хэмжээгээр уулгах
  3. Мэргэжлийн эмчид үзүүлж, эмчийн заавраар эмчилэх