Томуугийн үндэсний төв

Амьсгалын замын цочмог халдварууд

Амьсгалын замын цочмог халдварууд 
(АЗЦХ)
АЗЦХ нь олон шалтгаант, эмнэлзүйн өөр хоорондоо төстэй шинжүүдээр илэрдэг өргөн тархсан бүлэг өвчин. Энд 100 гаруй вирүс амьсгалын замын цочмог халдваруудыг үүсгэж байдаг. 
Томуу
 
Томуу нь Ортомиксовирүсээр үүсгэгдэж ерөнхий хордлого, амьсгалын дээд замын үрэвслээр илэрдэг цочмог халдварт өвчин. Томуугийн үүсгэгч А,В,С вирүсүүдийн А нь хамгийн хоруу чанар ихтэй, хувирамтгай, өргөн тархсан нь юм.
Томуугийн вирүс нь гадаад орчин, физик, химийн үйлчлэлд тэсвэр муутай, харин хасах 20-70 хэмд хэдэн жилээр амьдарч чадна. Мөн спиртийн төрлийн халдваргүйжүүлэх бодисууд, хлорт нэгдлүүд, альдегидүүд, нарны хэт ягаан туяа зэрэгт мэдрэг, хатаах буцалгахад амархан идэвхээ алдаж үхдэг. Энэ чанарууд нь ариун цэврийн урьдчилан сэргийлэлт хийхэд ач холбогдолтой. 
Томуугийн, тархвар судлалын зарим онцлог: Өвчний эх уурхай нь өвчтэй хүн, ялангуяа бүдэг балархай хэлбэрээр өвдөгсөд байдаг. 
 
Халдвар авсан хүн эмнэлзүйн шинж илрэхээс 24-48 цагийн өмнөөс вирүс гадагш нь ялгаруулдаг бөгөөд том хүн эмнэлзүйн шинж илэрснээс хойш 5 хоног, хүүхэд 10 түүнээс дээш хоног халдварыг тараадаг. А вирүсийн дэгдэлтийн үед хөл хорио тогтоох хугацаа вирүсийн дэд хэлбэрүүдээс хамаарч янз бүрийн байна. Ж-нь: A(H1N2)- ийн үед 21-24 , A(H3N2)-ийн үед 22, В вирүс 30 хоног хүртэл байна. 

Өвчин голдуу агаар дуслын замаар, өвчтний ханиах, найтаах, ярих үед вирүс гадаад орчинд тархснаас халддаг. 
Мөн хавьтлын замаар ойр дотно хүрэлцэх байдлаар халдварлаж болно. Томуугийн вирүс тасалгаанд 2-9 цаг, метал, хуванцар гадаргуу дээр 24-48 цаг, цаасан дээр 8-12 цаг, шилэн гадаргуу дээр 10 хоног, цэрэнд 2-3 долоо хоног хадгалагдах чадвартай. 
Тиймээс гэр орон, цэцэрлэг, сургууль дээр халдвартай, өвчтэй хүний ойр орчмын эд юмс- хүүхдийн тоглоом, суудаг ширээ зэргийг ойр ойрхон ариутгалын уусмал бүхий (хлорамины 3-5% уусмал) нойтон алчуураар арчих, цэр нусаа хаа тааралдсан газраа хаяхгүй, нусны алчуураа 2 цаг тутамд сольж халуун индүүгээр индүүдэн хэрэглэж занших нь өвчний тархалтыг зогсоох, сэргийлэх нэг арга хэмжээ болно. 
Томуугийн их бага хэмжээний дэгдэлт 2-3 сар үргэлжилдэг. 
Эмнэлзүй: Халдвар авснаас хойш 1-2 өдрийн нууц үеийн дараа цочмог шинж тэмдгүүдээр илэрнэ: 

  •  Огцом өндөр халуурах(38-40оС, хүүхэд 41оС )
  •  Бие эвгүйрч ядарч сульдах
  •  Толгой болон булчин, үеэр хатгаж, янгинаж, шархирч өвдөх
  •  Хоолой торох, ханиах
  •  Хамраас шингэн нус гоожих г.м.
  •  Хүүхдэд чихээр нь өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинжүүд түгээмэл илэрдэг. 

Өвчний хүндийг илэрхийлэгч шинж нь халууралт, голдуу 3 хоног үргэлжилдэг ба 4-8 хоног үргэлжилж болно. Давтан халууралт хүндрэлгүй үед байдаггүй. 
Харин ханиалгах, бие эвгүйрхэх, ядрах шинжүүд 2 долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилж болно. 
Амьсгалын замын үрэвслийн өөрчлөлт хордлогоос хойш 1-2 хоногийн дараа ханиалгах, хамар битүүрэх, хоолой хатаж сэрвэгнэх байдлаар эхэлдэг. Цаашдаа хамраас шингэн цустай нус гарч ринит, фарингит, трахейт, ларингит, бронхитын шинжүүд илэрдэг. 
Уушгинд цулцангийн ширүүн амьсгал, хуурай хэржигнүүр сонсогдоно. Амьсгалын замын эдгээр өөрчлөлт 7-10 хоног үргэлжлэнэ. ЗСТ талаас тархмал хордлогот миокардит ЭКГ: Р шүд намсаж сэтийсэн, Т шүд гаралтанд намссан, Q-Т ба Р- Q завсрууд уртассан байна. Тиймээс халуунтай үед хэтрийн дэглэм баримталж боломжтой бол ЭКГ хийж хянах ёстой юм. 
Өвчний бүрэн эдгэрэлт 1-2 долоо хоногт болдог, том хүнд энэ хугацаа уртсаж болно. Эмчилгээнд анхаарах зүйл: Томуу, ханиадаар өвдсөн бол заавал эмчид үзүүлж байж эмийг хэрэглэнэ. Эмийн сангийн хүнээс шинж тэмдгээ хэлж эм авч уудаг дадлаас салах. 

  1. Халуунтай үед хоолонд дургүй байдаг тул шингэн юм аль болох их уулгаж хордлого тайлна. Гэхдээ хүйтэн юм уулгаж болохгүй. Аньс, чацаргана, нимбэгний жүүс, ханд, буцалсан аарц, байхуу цай, хярам зэргийг өдөрт 1-1.5л уулгана. Хоол хорихгүй, ердийн хоол өгнө. 
  2. Халуун бууртал хэвтрийн дэглэм сахиулна. Хэвтэх орчин, гэр нь чийглэг (60-80% хүртэл), дулаан (23оС- ээс дээш), агаарын сэлгээ сайтай, боломжоороо зайтай, сэлүүхэн хэвтүүлэх нь чухал. Агаарын чийгжилийг аппаратын болон механик(саванд ус хийж тавих, нойтон даавуу орны толгойд нь тавих г.м.) аргуудаар үүсгэнэ. 

Томуугийн эмчилгээ өвөрмөц ба өвөрмөц бус гэж байдаг. 
Эмийн эмчилгээ буюу өвөрмөц эмчилгээ:

  •  Биобэлдмэл: Өвөрмөц иммуноглобулин, эхсийн гаммаглобулин, лактоглобулин, полиглобулин
  •  Химийн бэлдмэл: интерферон, М2 уургийн саатуулуур (римантидин, амантидин), нейраминидазын саатуулуур (оселтамивир, занамивир). 
  •  Римантадин 100 мг х 3удаа, эхний 2 өдөр, 100мг х 2 удаа, 3-5 дахь өдөрт уулгах
  •  Интерферон – 5 дуслаар өдөрт 5 удаа өвчний эхний 3 хоногт, хамарт дусааж хэрэглэнэ.
  •  Оселтамивир, занамивир өвчний эхний 12-48 цаг дотор хэрэглэж чадвал томуугийн үргэлжлэх хугацааг 3 хүртэл хоногоор богиносогодог байна. Энэ эмчилгээг манайд өргөн хэрэглэх боломжгүй байдаг.

Эмгэг жамын эмчилгээ: 

  • Тайвшруулах, харшлын эсрэг – хлорфенамин, фенобарбитал, кальцихлоридын уусмал г.м эмчийн заавраар уулгах
  • Витамины эмчилгээ –Витамин С –г том хүнд өдөрт 10г , хүүхдэд 5-8г хүртэл тунгаар 7-10 хоног уулгах, В,А,Е витамин агуулсан нэгдлүүд болон жимс, хүнсний бүтээгдэхүүн өргөн хэрэглэх 
  • Халуун бууруулах - /парацетамол бага хүүхдэд лаа хэлбэрээр хэрэглэх нь тохиромжтой/
  • Хамар гуурсан хоолойн амьсгалыг хөнгөрүүлэх- /хамрын судас нарийсгах, ксилометазолил, нафазолин, фенилэфрин эмчийн заавраар хамарт дусааж хэрэглэх/
  • Ханиалга намдаах- /кодтерпин, либексин, гич, содын утлага, термопсис, бромгексин, Гвайфенсин, декстрометрофан/ . Утлага эмчилгээг өдөрт 5 удаа 15-20 минутаар хийнэ. 
  • Хавсарсан үйлчилгээтэй эмийн бэлдмэлүүд / Колдрекс, Колдрекс найт, Колдрекс бронх, Контак/ өвчний эхний өдрүүдэд хэрэглэвэл үр дүнтэй бөгөөд 3-5 өдөр ууна. 

Эмийн бус эмчилгээ нь:

  • Хүндрэлээс сэргийлж халуун бууртал 2-5 хоног хэвтрийн дэглэм сахих
  • Хордлого намжаахад шингэн сайн уулгахын зэрэгцээ хөлөргөх, цэгэн иллэг хийх зэрэг улалмжлалт эмчилгээнүүд
  • Хамар нармайд бүлээн жин тавина
  • Сүү ба ургамлын гаралтай хоолыг зонхилон хэрэглэнэ
  • Сонгино сармисны уураар хамар, залгиурыг утна

Томуу болон амьсгалын замын бусад халдвараар өвдсөн бол даарч болохгүй, энэ нь хүндрэл үүсэх гол шалтгаан болно.