Томуугийн үндэсний төв

Гахайн томуугийн хүний өвчлөл (ГТХӨ)-ийн талаар та юу мэдэх вэ?

1. Ер нь гахайн томуу өвчин гэж юу вэ?

Гахайн томуу гэдэг нь гахайн халдвар өндөртэй, амьсгалын замын өвчин бөгөөд гахайн томуугийн А вирүсээр үүсгэгддэг. Өвчлөл өндөртэй ч, үхэл багатай (1-4%) өвчин. Гахайн дунд агаар дуслын, шууд ба шууд бус хавьтлын замаар шинж тэмдэггүйгээр явагдаж, вирүс тээгч гахай халдварыг дамжуулна. Гахайн дунд уг өвчний дэгдэлт жилийн бүх улиралд гарч, намар, өвлийн улиралд зарим бүс нутагт ихэсдэг байна. Дэлхийн олон улс оронд гахайн томуугийн эсрэг вакцинаар гахайг тогтмол вакцинжуулдаг байна.

Гахайн томуу нь ихэвчлэн H1N1 вирүсийн дэд хэвшинжээр үүсгэгддэг. Гэхдээ бусад дэд хэвшинжүүд гахайн дунд эргэлтэнд байдаг (ж.нь, H1N2, H3N1, H3N2). Гахай нь шувууны болон хүний улирлын томуугийн вирүсээр халдварлаж болно. Гахайн H3N2 вирүсийг анх хүнээс гахайнд халдварласан гэж үздэг. Зарим тохиолдолд гахай нэг зэрэг нэгээс олон төрлийн вирүсийн халдвар авч болох бөгөөд энэ тохиолдолд эдгээр вирүсийн генүүд холилдох боломжтой. Үүний улмаас олон эх үүсвэрийн ген холилдсон, томуугийн "reassortant" вирүс үүсч болно. Хэдийгээр гахайн томуугийн вирүс ердийн үед зөвхөн гахайг өвчлүүлэх боловч заримдаа тэдгээр нь төрөл зүйлийн саадыг давж хүнийг өвчлүүлж болно.

Гахайн томуу өвчний вирүсийг анх 1930 онд гахайнаас ялгаж авсан. Гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдол анх 1976 онд АНУ-д 200 гаруй хүн өвчлүүлж, 1 хүн нас барсан, 1988 онд 1 тохиолдол бүртгэгдэн, нас барсан байна. 2005 оны 12 дугаар сараас 2009 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 12 тохиолдол бүртгэгдэж, нас баралт гараагүй байна.

2. Хүний эрүүл мэндэд ямар үр нөлөөтэй вэ?

Гахайн томуугаар хүн халдварлах, хүний өвчлөлийн дэгдэлт гарах явдал зарим үед бүртгэгдэж, эмнэлзүйн шинж тэмдэг нь улирлын томуугийн шинж тэмдэгтэй ерөнхийдөө төстэй боловч шинж тэмдэггүй хэлбэрээс нас баралтаар төгсөх, хатгалгаагаар хүндэрч болно.

Хүмүүс гахайн томуугийн халдвар авахад хүний томуу, амьсгалын дээд замын бусад халдвартай адил эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг учир ихэнх тохиолдлуудыг улирлын томуугийн тандалтаар санамсаргүй илрүүлсэн байдаг. Хөнгөн, шинж тэмдэггүй тохиолдлуудыг мэдэхгүй өнгөрөх нь их тул уг халдварын хүний өвчлөлийн бодит тоог мэдэх боломжгүй юм.

3. Гахайн томуугийн хүний өвчлөлийн өнөөгийн байдал ямар байна вэ?

2009 оны 4 сарын 30-ны өдрийн 10.00 цагийн байдлаар дэлхийн 21 улсад ГТХӨ-ийн сэжигтэй нийт 2839 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс Мексик улсад ГТХӨ-ийн 2500 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улс аялал жуулчлал, худалдаа арилжааг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээ авсан. АНУ-гийн 11 муж улсад ГТХӨ бүртгэгдээд байна. Зарим ерөнхий боловсролын болон их дээд сургуулийг хаах арга хэмжээ авч эхлээд байна.

4. Гахайн мах, гахайн махан бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюултай юу?

Зөв боловсруулж, чанаж болгосон гахайн мах, бусад бүтээгдэхүүнийг хэрэглэхэд гахайн томуу халдварласан тохиолдол гараагүй. Гахай болон бусад амьтны махыг боловсруулах удирдамжид заасан 160°F/70°C-т махыг болгоход гахайн томуугийн вирүс идэвхгүйждэг.

5. Ямар улс орнуудад ГТХӨ-ийн дэгдэлт бүртгэгдээд байна?

Гахайн томуу нь Олон улсын мал амьтны эрүүл мэндийн байгууллагад бүртгэгддэггүй учраас түүний олон улсын хэмжээнд амьтны дундах тархалт ямар байдаг нь тодорхой бус юм. Энэ өвчлөл нь нутагшмал хэлбэрээр АНУ-д байдаг. Мөн хойд болон өмнөд Америк, Европ, Африк, Зүүн Азийн зарим хэсэгт тухайлбал Англи, Швед, Итали, Кени, Хятад, Япон улсад гахайн дунд дэгдэлт хэлбэрээр гарч байсан байна.

6. Цартахлын аюул байгаа юу?

Ихэнхи хүмүүст ялангуяа гахайтай ойр харьцдаггүй хүмүүст гахайн томуугийн вирүсээс хамгаалах дархлаа огт байдаггүй. Хэрэв гахайн вирүс хүнээс хүнд идэвхтэй дамжих тохиолдолд цартахал гарах магадлалтай юм. Гахайн томуугийн вирүсээр үүсгэгдсэн цартахлын хор нөлөөг урьдчилж хэлэхэд хэцүү. Энэ нь тухайн вирүсийн хоруу чанар, хүн амын дархлааны түвшин, улирлын томуугаас үүссэн эсрэгбие болон тухайн хувь хүний өвчин эсэргүүцэх чадвар зэргээс шалтгаална.

Одоогоор ДЭМБ томуугийн цартахлын түгшүүрийн үе шатнаа шилжсэн гэж үзэж байгаагаа саяхан зарлалаа. Учир нь: 1) АНУ, Мексикт дэгдсэн гахайн томуугийн хүний өвчлөлийн үед ялгасан вирүс нь урьд нь гахайн ч, хүний ч популяцид эргэлтэнд орж байгаагүй, 2) энэ шинэ вирүс хүнээс хүнд дамжин тархаж байгаа нь нотлогдлоо гэж ДЭМБ-ын ОУЭМД-ийн Онц байдлын хороо (Emergency Committee, IHR,WHO) үзжээ.7. ГТХӨ-ийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Ердийн ханиад томуугийн үед илрэх шинж тэмдгүүд (нус гоожих, ханиалгах, толгой өвдөх, хоолой өвдөх, халуурах, булчингаар өвдөх, тамирдах, сульдах, бөөлжих, суулгах гэх мэт) илэрнэ. Уг өвчин насанд хүрэгсдэд анхны шинж тэмдэг илэрснээс хойш 7 хоног, хүүхдэд 10 хүртэл хоногийн хугацаанд бусдад халдвар тараах магадлалтай.

8. ГТХӨ-өөс сэргийлэх вакцин байдаг уу?

Одоогоор өвөрмөц вакцин байхгүй. Томуугийн вирүс нь маш хурдан хувьсан өөрчлөгдөж байдаг тул жил бүр томуугийн эсрэг вакцины найрлага өөрчлөгддөг билээ.

9. ГТХӨ-ийн эмчилгээнд ямар эм хэрэглэх вэ?

Үндсэн 2 бүлгийн эмийг хэрэглэж байна. 1. Адамантадины бүлэг (amantadine, remantadine)2. Нейраминидазийн бүлэг (oseltamivir, zanamivir).

Өмнө мэдээлэгдэж байсан гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдлуудад вирүсийн эсрэг эм хэрэглээгүй байна. Зарим томуугийн вирүс нь вирүсийн эсрэг эмэнд тэсвэртэй байдаг нь эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг байна. АНУ-д гахайн томуугаар өвдсөн хүнээс авсан вирүс нь oselatmivir, zanamivir –т мэдрэг, amantadine, remantadine-д тэсвэртэй байсан байна. Эмч нар эмнэлзүй, тархвар судлалын судалгаа, өвчтөнүүдийн эмчилгээний үр дүн зэрэгт үндэслэж эмчилгээний тактикийг зөв боловсруулах хэрэгтэй болдог. Одоогоор вирүсийн мэдрэмтгий чанарыг үндэслэн Мексикд гарсан дэгдэлтэнд ажиллаж буй мэргэжилтнүүд oseltamivir, zanamivir хэрэглэхийг зөвлөж байна.

10. Гахайтай байнга харьцдаг ажилтай бол юу хийх ёстой вэ?

Хэдийгээр одоогийн гахайн томуугийн хүний өвчлөл гахайн дунд байгаа томуутай шууд холбоотой гэдгийг бүрэн тогтоогоогүй байгаа ч гэсэн өвчтэй, өвчний сэжигтэй гахайтай харьцаж ажиллахгүй байх, өвчний шинж тэмдэг илэрсэн бол мал эмнэлгийн газарт яаралтай мэдээлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс өвчтэй гахайтай удаан хугацаанд ойрхон ажилласнаас халдвар авсан байдаг. Мал төхөөрөх болон маханд боловсруулалт хийх үйл ажиллагааны үед эрүүл ахуйн, ариун цэврийн дэглэмийг чанд сайн сахих нь халдвараас сэргийлэхэд маш чухал юм. Гахайн томуугийн вирүс нь гахайн мах болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнээр дамжсан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Вирүс нь спиртийн төрлийн халдваргүйжүүлэх бодисууд, хлорт нэгдлүүд, альдегидүүд, нарны хэт ягаан туяа зэрэгт мэдрэг, хатаах буцалгахад амархан идэвхээ алдаж үхдэг. Энэ чанарууд нь ариун цэврийн урьдчилан сэргийлэлт хийхэд ач холбогдолтой.

11. Хэрхэн өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг өвчлөхөөс сэргийлэх вэ?

Өмнө нь гарч байсан гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдлын эмнэлзүй нь хөнгөн хэдий ч зарим тохиолдолд уушгины хатгаа болж хүндэрч байсан байна. Одоогийн Мексик болон бусад улсад гарч байгаа хүний өвчлөлийн эмнэлзүйн хэлбэр янз бүр байна.

Хүн бүр өвчтэй мал амьтнаас зайлсхийх, ханиад томуу тусвал эмчид яаралтай хандах, гахайн томуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн орнуудад зорчих бол амьсгалын замаар халдвар авч болох эрсдлээс зайлсхийх, амны хаалт хэрэглэх хэрэгтэй юм.

12. Ерөнхий зөвлөмж: 

  • Халуурсан, ханиаж байгаа хүнтэй харьцах, хавьтал болохоос аль болох зайлсхийх.
  • Гараа тогтмол маш сайн савандаж угаах.
  • Сайн унтаж амрах, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, биеэ чийрэгжүүлэх.

Түүнчлэн:

  • Олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх.
  • Шингэн зүйл аль болох их уух.
  • Ханиаж, найтаахдаа амны хаалт, алчуур, салфетка хэрэглэх, хэрэглэсэн салфетка цаасыг хогийн саванд хийх.
  • Өөрийн биеийн байдлыг гэр бүл найз нөхөддөө хэлэх. 
  • Өөрийн харъяа өрхийн эмч юмуу эрүүл мэндийн байгууллагад хандаж үзүүлэх
  • Хэрэв та эрүүл мэндийн тусламж авах боломжгүй газар байгаа бол нэн даруй эрүүл мэндийн тусламж авах боломжтой газарт очих.
  • Амны хаалт хэрэглэх

13. Хэрвээ ойрын хэн нэг нь өвдсөн бол:

 

  • Гэртээ аль болох тусад нь байлгах. Хэрэв энэ нь боломжгүй бол бусад хүмүүсээс хамгийн багадаа 1м-ийн зайд байлгах.
  • Өвчтэй хүн асрахдаа амны хаалт хэрэглэх. Маск байхгүй бол цэвэрлэхэд хялбар материалаар хийж ашиглаж болно.
  • Өвчтэй хүнтэй харьцсан тохиолдол бүрийн дараа гараа сайн савандаж угаах.
  • Өвчтөн байгаа өрөө, тасалгааны агаарыг байнга цэвэршүүлж хаалга, цонхыг нээж агаарын солилцоо хийх.
  • Гэр орон, орчны ариун цэврийг сайн сахих.
  • Мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагах.

 

14. Хэрэв өөрийгөө халдвар авсан гэж үзвэл яах вэ?

Хэрэв таны бие тавгүйрхэж өндөр халуурч, ханиалгаж, хоолой өвдөх шинж тэмдэг илэрч, та сүүлийн 14 хоногийн дотор гахайн томуугийн хүний өвчлөл бүртгэгдсэн улс оронд зочилсон, эсвэл танйд зочин ирсэн, та өвчтэй гахайтай ойр байсан бол ХӨСҮТ -ийн 100, 454921 утсанд мэдээлэх, зөвлөмж авахыг зөвлөж байна.

Дэлхий даяар санхүүгийн хямрал дэгдэж, хүмүүсийн сэтгэл санааг үймэрч байгаатай зэрэгцэн гахайн томуугийн хүний өвчлөл сэтгэл түгшээсэн асуудал болоод байна.

АНУ, Мексикт энэ өвчний улмаас нас баралтын тоо нэмэгдэх болсон тул америкийн мэргэжилтнүүд өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай зөвлөмж гаргажээ.

Фоксньюс агентлагийн сайтад эмч Клиффорд Бассетын өгсөн 10 зөвлөгөө

 

  1. Бид гараа угаа гэдэг үгийг хэн нэгэнд тэр бүр хэлдэггүй ч та ямар нэг зүйлд хүрсний дараа наад зах нь 20 секундийн турш гараа савандаж угаа.
  2. Усгүй тохиолдолд спиртлэг шингэнээр гараа халдваргүйжүүл. Гэхдээ нян устгах шингэн бүр вирүсийг устгаж чадахгүй гэдгийг анхаараарай.
  3. Та ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар тагла. Ханиад томуу нь гараар дамжин халдварладаг тул нүд, хамраа гараараа нухахгүй байхаас гадна нүүрэндээ тэр бүр хүрэхгүй байх хэрэгтэй. Найтаахад ам, хамраа гараараа тагласан бол гараа угаахаа бүү март.
  4. Хэрвээ та халдварын тархалттай газар нутагт байгаа бол гадуур сэлгүүцэхгүй байх. 
  5. Томуугийн ямар нэг шинж тэмдэг илэрвэл гэртээ байх. 
  6. С витаминаар баялаг хоол хүнс хэрэглэх.
  7. Өөрт тохирсон хоол идэж, сайн амрах. Унтаж амрах нь дархлаа сайжруулах хамгийн сайн аргын нэг юм. Хэрэв та сайн амарч чадсан бол өвчний эсрэг сайн бэлтгэлтэй байна гэсэн үг.
  8. Бага насны хүүхдүүдээ цэвэр орчинд байлга. Гар болон амыг угаалгаж заншуулах.
  9. Гэр орноо ариутгалын бодистой уусмалаар цэвэрлэх. Ариутгалын бодис зөвхөн аливаа зүйлийн гадна хэсгийг цэвэрлээд зогсохгүй нянг устгах гол зэвсэг гэдгийг сайн санах.
  10. Эцэст нь хэлэхэд гахайн томуугийн хүний өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн бол эмчид яаралтай ханд!!!