Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ
(ЭМЯ-ны 2009.05.05 оны 2/1130 тоот шийдвэрээр батлагдав)
2009.05.04
ДЭМБ-ын 2009 оны 5 сарын 4–ны өдрийн өглөөний мэдээгээр 18 улсад томуугийн А хүрээний (H1N1) вирүсээр үүсгэгдсэн халдварын батлагдсан 898 тохиолдол бүртгэгдээд байгаагаас АНУ-д 226 тохиолдол, 1 нас баралт, Мексикт 506 тохиолдол, 19 нас баралт, Канадад 85, Германд 8, Изриальд 3, Нидерланд 1, Шинэ Зеландад 4, Испанид 40, Англид 15, Францад 2, Австри, Дани, Нидерланд, Хонконг, Конконг, Рика, Өмнөд Солонгос, Ирланд, Итали, Швейцарид улсад тус бүр 1 тохиолдол бүртгэгдээд байна.
Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД)-ийн заалтын дагуу ДЭМБ-ын Онц байдлын хороо хуралдаж, хариу арга хэмжээг зохистой авах талаар зөвлөмж гарган, ДЭМБ-аас олон улсын байгууллагуудын шинжээчдийн баг (GOARN)-ийг Мехсик улсад томилон ажиллуулж тархвар судлал, лабораторийн оношлогоо, эмнэлзүйн менежментийн чиглэлээр дэмжлэг үзүүлж байна.
“Томуугийн цартахал түгшүүрийн 5 дахь үе шатанд шилжсэнийг ДЭМБ-аас 2009 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр албан ёсоор мэдэгдээд байна. Мөн АНУ, Мексикээс эхлэн тархсан томуугийн А хүрээний (H1N1) вирүсийн шинэ хувилбарыг гахайн томуугийн вирүс гэж нэрлэхээс татгалзаж 2009 оны 4 сарын 30-аас эхлэн энэ вирүсийг томуугийн А хүрээний (H1N1) вирүс хэмээн нэрлэхээр шийдвэрлэсэн байна.
ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ болон бусад холбогдохмэргэжлийн байгууллагуудтай уг өвчний талаар мэдээлэл байнга солилцож, мэргэжлийн байгууллагууд, хүн амд мэдээллийг ЭМЯ-ны www.moh.mn, ХӨСҮТ-ийн www.flu.mn вэб сайтаар өдөр бүр мэдээлж байна.
Нэг. Тархвар судлал
Халдварын эх уурхай: Өвчтэй хүн, хөнгөн балархай хэлбэрээр өвчлөгсөд
Дамжих зам: Уг халдвар нь хүнээс хүнд томуу, томуу төст өвчний нэгэн адил, агаар дусал, ахуйн хавьтал замаар халдварлах ба одоогоор судалгаа хийгдэж байна.
Халдвар дамжих хүчин зүйл: Вирүсээр бохирлогдсон бохир гар, хоол хүнс, эд зүйлс
Нууц үе: Ихэвчлэн 1-7 хоног
Халдвартай үе: Уг өвчин насанд хүрэгсэдэд анхны шинж тэмдэг илэрснээс хойш 3 хоног, хүүхдэд 10 хүртэл хоногийн хугацаанд бусдад халдвар тараах магадлал өндөр байна.
Өртөмхий бүлэг: Бүх насны хүн өвчлөх боловч идэр насны залуучуудад үгдэрч, хүндрэх нь их. Өвчлөлийн хүндрэл нь уушгины цочмог үрэвсэл байна. Вирүсийн хатгаа нь бактерийн гаралтай хатгаатай хавсарч хавсарвал хүндрэх аюул их.
Хоёр. Эмнэлзүй
Эмнэлзүйн тохиолдлын тодорхойлолт (Clinical case description)Томуу төст өвчний эмнэлзүйн дунд хэлбэр (халуурах эсвэл халуурахгүй, хамраас нус гоожих, хоолой өвдөх, ханиах) болон хүнд хэлбэрийн (амьсгалын доод замын халдвар, тухайлбал хатгаа буюу пневмони, амьсгалын замын хүнд явцтай өвчин) үеийн шинж тэмдэг илэрсэн тохиолдол. Эмнэлзүйн хувьд шинж тэмдэггүй боловч лабораторийн шинжилгээгээр баталгаажсан тохиолдол. Дараахь тохиолдлыг ДЭМБ-д мэдээлнэ.
Сэжигтэй тохиолдол (Suspected case):
- Томуу төст өвчний эмнэлзүйн дунд хэлбэр (халуурах эсвэл халуурахгүй, хамраас нус гоожих, хоолой өвдөх, ханиах) болон хүнд хэлбэрийн (амьсгалын доод замын халдвар, тухайлбал хатгаа буюу пневмони, амьсгалын замын хүнд явцтай өвчин) шинж тэмдэг илэрсэн
- Сүүлийн 7 хоногийн дотор томуу төст өвчтэй хүнтэй хамт амьдарч байсан буюу ойрын хавьталтай
- Сүүлийн 7 хоногт томуугийн A(H1N1) вирүсийн халдвар тархсан орон нутагт зорчсон
Магадлалтай тохиолдол (Probable case)
- Сэжигтэй тохиолдол
- Хамцагийн ПГУ-ын шинжилгээгээр томуугийн вирүсийн хэвшинж нь тодорхойгүй эерэг хариу өгсөн
Батлагдсан тохиолдол (Confirmed case)
- Магадлалтай тохиолдол
- Вирүс өсгөвөрлөх шинжилгээгээр А(H1N1) илэрсэн
Томуу төст өвчинтэй нийцэхүйц эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн эсвэл нас баралтын шалтгаан нь амьсгалын замын цочмог өвчинтэй холбогдолгүй үед тархвар судлалын хувьд сэжигтэй байвал магадлалтай, батлагдсан тохиолдлуудад хамруулна.
Дөрөв. Эмчилгээ
Вирүсийн эсрэг эмчилгээ, сэргийлэлт: Эмнэлзүйн шинж тэмдэг эхэлсэн бол вирүсийн эсрэг оселтамивир эмийн эмчилгээг 48 цагийн дотор эхэлнэ. Эмчилгээ, сэргийлэлтийг 5 өдрийн турш үргэлжлүүлэн хэрэглэнэ. Эмчилгээг хийхдээ насанд хүрсэн хүн, өсвөр насны хүүхэд, 1 ээс дээш насны хүүхдэд вирүсийн эсрэг эмчилгээг дараах байдлаар зохих тунгаар хэрэглэнэ.
Эмийн нэр | Биеийн жин | Эмчилгээний тун | Химийн урьдчилан сэргийлэлт |
Насанд хүрсэн хүн | 75 мг капсултай өдөрт 2 ширхэгээр, 5 өдөр уух | 75 мг капсултай өдөрт 1 удаа | |
1 насаас дээш Хүүхдэд | 15 кг-аас доош | 30 мг-аар өдөрт 2 удаа | 30 мг-аар өдөрт 1 удаа |
15-23 кг хүртэл | 45 мг-аар өдөрт 2 удаа | 45 мг-аар өдөрт 1 удаа | |
24-40 кг хүртэл | 60 мг-аар өдөрт 2 удаа | 60 мг-аар өдөрт 1 удаа | |
40кг дээш | 75 мг-аар өдөрт 2 удаа | 75 мг-аар өдөрт 1 удаа | |
Насанд хүрсэн хүн | 10 мг-аар өдөрт 2 удаа | 10 мг-аар өдөрт 1 удаа уух | |
Хүүхэд | 10 мг-аар өдөрт 2, /7нас ба түүнээс дээш настай/ | 10 мг-аар өдөрт 1 удаа уух /5 болон түүнээс дээш настай хүүхэд/ |
Шинж тэмдгийн эмчилгээ: Ханиалга дарах, цэр ховхлох, өвдөлт намдаах, халуун бууруулах, хамар цэвэрлэх, утлага, гичтэй бүлээн усанд хөл дүрэх, шээс, хаван хөөх, таталт тавиулах, цусархахын эсрэг, хүчилтөрөгч өгөх зэрэг эмчилгээ зайлшгүй шаардлагатай, нянгийн гаралтай халдварын үед антибиотик эмчилгээ хийнэ.
Эрчимт эмчилгээний арга хэмжээ: Амьсгалын замыг чөлөөлөх, цэр салстыг соруулах,
- Амьсгалыг дэмжих, удирдах, хүчилтөрөгчөөр амьсгалуулах:
- Зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, иллэг хийх
Дэглэм эмчилгээ:
- Асаргаа, сувилгаа
- Илчлэг сайтай халуун хоолоор хооллох, шингэн сайн уулгах
- Хэвтрийн дэглэм баримтлах
- Агааржуулалт, агаар сэлгэлт, чийрэгжүүлэлт сайтар хийх
Тав. Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын үед шинжлэгдэхүүн цуглуулах
Тав. Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын үед шинжлэгдэхүүн цуглуулах
Шинжлэгдэхүүн цуглуулахад шаардагдах зүйлс:
- 7-8 см урт модон юмуу үл зэврэх төмөр иштэй ариутгасан хөвөн бамбар
- 2-4 мл вирүс тээвэрлэх орчин бүхий бөглөөтэй хуруу шилнүүд
- Хуруу шил тогтоогуур
- Шинжлэгдэхүүн тээвэрлэх зориулалтын сав
- Шинжлэгдэхүүнийг дагалдах бичиг
Сорьцийг томуугийн харуулдан тандалтын цэгтэй аймгуудын эмнэлгүүдэд тараагдсан вирүс тээвэрлэх орчинд авч тээвэрлэнэ. Вирүс тээвэрлэх орчингүй нөхцөлд шинжлэгдэхүүнийг дараахи уусмалд тээвэрлэнэ.
500 мл фосфатаар буферийн уусмалд пеницеллин, стрептомицин (10000) u/ml –ээр нэмж бэлдээд ариун нөхцөлд хуруу шилэнд 2-3 мл ээр савлаж +4 хэмд хадгалж ашиглана.
Шинжлэгдэхүүн цуглуулах
Шинжлэгдэхүүнийг цуглуулах эмнэлгийн ажилтан халат, малгай, бээлий өмсөж амны хаалт зүүсэн байна. Амьсгалын дээд замаас шинжлэгдэхүүн цуглуулахад өвчтний нусыг нийлгэх буюу ариутгасан бамбараар хамрын хөндийг арчиж цэвэрлээд том хүнийг толгойг бага зэрэг гэдгэр байдлаар түшүүлж суулгах ба хүүхдийг өөр хүнд бариулж суулгана.
Хамрын арчдас: Зүүн гарын эрхий, долоовор хуруугаар өвчтөнийхээ хамрын үзүүрийг дээш болгон баруун гартаа ариутгасан хуурай бамбар барьж хамрын дунд самалдаг хөндийн гүн рүү том хүнд 4-5 см, хүүхдэд 2-3 см оруулан хэдэн секунд байлгана. Зөөлөн хөдөлгөөнөөр бамбараа салст бүрхүүл рүү шахан эргүүлж арчдас авна. Тэр бамбараа хамрын нөгөө нүх рүү хийж, дээрхийн адил арчдас авна. Авсан арчдасаа 2-3 мл тээвэрлэх орчин бүхий хуруу шилэнд хийж бамбарын ишийг хугалан шилийг бөглөнө.
Хоолойн арчдас: 2 талын гүйлсэн булчирхай, залгиурын арын ханыг ариун хуурай бамбараар хүчтэй арчин авч сорьц тээвэрлэх орчин бүхий шилэнд хийнэ.
Хамар хоолойн арчдас: Дээр зааснаар хамар болон хоолойноос 2 бамбараар тус тусад нь арчдас авч тээвэрлэх орчин бүхий 1 хуруу шилэнд хийнэ.
Хамар залгиурын аспират: Вакуум сорогчид холбосон уян гуурсыг хамарт оруулан зөөлөн тагнайтай паралелаар байрлуулан эргүүлэх хөдөлгөөнөөр соруулна. Тэр гуурсаараа нөгөө хамраас соруулан 3 мл тээвэрлэх орчинд хийнэ.
Хамар угаасан шингэн: Өвчтөнийг эвтэйхэн суулгаж, толгойг нь бага зэрэг гэдийлгээд хамрын хөндий тус бүрт ариун физиологийн уусмал 1-2 мл-ээр хийж залгиурыг хаалттай байлгахын тулд “К” гэж хэлэн хэлнийхээ угийг тагнайд хүргэн шахахыг сануулна. Угаадсыг уян гуурсаар соруулж аваад шилэнд хийж таглана. Гуурсгүй үед уусмалыг хамарт дусаангуут өвчтөнийг бөхийлгөн шингэнийг ариун петрийн аяганд тосч, соруураар дамжуулан хуруу шилэнд хийнэ. Хамрын угаадсанд вирүс тээвэрлэх орчныг 1:2 харьцаагаар нэмнэ.
Ам хоолойн угаадас: Өвчтөнд 10 мл физиологийн уусмал балгуулаад амыг зайлуулж сорьцийн шил эсвэл петрийн аяганд хийлгэнэ. Угаадасд вирүс тээвэрлэх орчныг 1:2 харьцаагаар нэмнэ.
Цогцосын материалыг өвчтөн нас барснаас хойш аль болох богино хугацаанд, бактерийн бохирдол болоогүй хэсгээс 0.5х0.5х0.5 см 2 орчим хэмжээтэй зүсэн авч ариун хуруу шилэнд хийнэ. 5-6 мл вирүс тээвэрлэх орчин нэмж болно.
Шинжлэгдэхүүнийг хаяглах
Өвчтний овог нэр..........................
Нас хүйс ..............................
Хаяг ......................................................
Эмнэл зүйн шинж тэмдэг ..................................
Биеийн халууны хэм..............................................
Шинжлэгдэхүүний төрөл ..........................................
Шинжлэгдэхүүн авсан эмч (сувилагч)-ийн нэр .............................................
Шинжилгээ авсан он, сар, өдөр, цаг, минут .........................................
Лабораторт илгээсэн он, сар, өдөр, цаг, минут
Шинжлэгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх
Сорьцийг +4 °С өөс + 8 °С-т хадгалж, давхар битүүмжилсэн саванд хийж, лабораторит аль болох хурдан ирүүлнэ (48-72 цагийн дотор).
Савны гадна илгээсэн хүний нэр, хаяг, хүлээн авах хүний нэр, хаяг илгээсэн он, сар, өдрийг бичиж “Анхаар биологийн аюултай” гэсэн бичиг бүхий тэмдэг наана.
Илгээх хаяг: ХӨСҮТ, Вирүс судлалын лабораторит, утас: 455847; 99754824; 99911833
Бүх түвшний тандалтын нэгж, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага үйлчлэх хүрээний хүн амын дунд томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн халдварын сэжигтэй, магадлалтай, батлагдсан тохиолдлыг мэдээллийн урсгалын дагуу аймаг, нийслэлийн тандалтын нэгжийн дүн бүртгэгч (статистикч) эмчид 24 цагийн дотор яаралтай мэдээлэх хуудас (ЭСХАХ-МХ1)-аар мэдээлнэ. Эрүүл мэндийн байгууллага шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг томилон өвчлөлийн голомтонд 48 цагийн дотор судалгаа хийж, хариу арга хэмжээг авна.
- Томуугийн цартахлын бэлэн байдлыг хангах нэгдсэн төлөвлөгөөнд томуугийн А (H1N1) дэд хэвшинжийн шинэ вирүсийн томуугийн хүний өвчлөлийн үед авах шуурхай арга хэмжээний талаар тодотгол хийж, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулах.
- Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсийн хүний өвчлөлийн үед нэмэлт эмнэлэг, тасаг ажиллуулах тооцоо, гарган бэлэн байдлыг хангах. Нэн тэргүүнд 5-10 ортой нэмэлт тасаг, эмнэлэг ажиллуулахаар бэлэн байдлыг шуурхай ханган зохих шатны мэргэжлийн хяналтын байгууллагаас албан зөвшөөрөл авах.
- Дэгдэлтийн үед ажиллуулах шуурхай хариу арга хэмжээ авах 2 ба түүнээс дээш мэргэжлийн багийг зохион байгуулж, чадавхжуулан бэлэн байдлыг хангах.
- Байнгын ажиллагаатай хилийн боомтоор нэвтэрч буй бүх зорчигч, ялангуяа томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүсээр сэдээгдсэн хүний өвчлөл бүртгэгдсэн орнууд (АНУ, Мексик г.м )-аас ирж буй зорчигчдын эрүүл мэндийн байдлыг хянаж, томуугийн шинжтэй бол тусгаарлаж, ХӨСҮТ-д мэдэгдэх
- Хамгаалалтын уламжлалт болон нэг удаагийн хэрэглээний хувцасны өнөөгийн байдал, хэрэгцээгээ тооцон үзэж, шаардагдах нөөцийг бэлдэх.
- Лабораторид сорьц авах, тээвэрлэх, био аюулгүйн бэлэн байдлыг хангах.
- Гахай, шувууны аж ахуй эрхлэх аж ахуйн нэгж байгууллага, айл өрхүүдэд уг өвчнөөс сэргийлэх, зөвлөгөө өгөх.
- Яаралтай тусламжийн болон вирүсийн эсрэг эм, бэлдмэлийг тооцож, нөөцийг бэлдэх
- Шаардлагатай тохиолдолд ажиллах эмч, эмнэлгийн ажилтны нөөцийн судалгаа гаргах, ээлжийн амралт, чөлөөний асуудлыг зохицуулах
- Томуугийн А (H1N1) дэд хэвшинжийн шинэ вирүсийн томуугийн сэжигтэй, магадлалтай, батлагдсан тохиолдлын хавьтлууд, батлагдсан тохиолдлын биеийн нус, цэр, шүлс гэх мэт шүүрэлтэй шууд хавьтал болсон, өвчилсөн хүнтэй хамт амьдардаг хүмүүсийг 3-7 хоног гэр, дотуур байр, тухайн байр сууцанд нь түр тусгаарлан эмчийн хяналтанд авна.
-
Хүн бүр эрүүл ахуй, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих нь өвчлөхөөс сэргийлэх тул хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж нийт хүн амд үнэн зөв мэдээлэл, сурталчилгаа, сургалт хийх. Үүнд:
- Ханиаж найтаах үед ам, хамрын алчуур, сальфетик хэрэглэх;
- Гараа сайтар савандаж угаах;
- Өвчтэй хүнтэй хавьтал болохоос зайлсхийх;
- Нүд, хамар, амандаа бохир гараар хүрэхгүй байх;
- Аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх;
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх;
- Бие засах газар, бохирын цооног, хогийн сав, ил задгай хог хаягдал, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1-2 % хлорамины зэрэг хлор агуулсан уусмалаар халдваргүйтгэх.
- Эмнэлүйн шинж тэмдэг илэрвэл харьяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах.
- Онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан оронд зорчихгүй байх.
- Олон хүн цугларсан газраар сэлгүүцэхгүй байх зэрэг болно.
- Гахайн мах, махан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулан хэрэглэх.